Совин \өгүүллэг\

Tender-Passion-Print-C11788287Өнөөдөр та бүхэндээ “Утгын чимэг 2009″ наадмийн тусгай байранд орсон Энхцэцэгийн “Совин” өгүүллэгийг хүргэе

Совин

Дуучин залуугийн чамин машиныг буйдхан хотынхон шохоорхоно.

Одмааг тэр этгээд дүр төрхтэй, гангамсуу дуучин залуутай гэрээс гарч ирээд хээвнэг хөтлөлцөн алхахад:
-Орцны үүдэнд хов ярин суудаг хүүхнүүд хачирхсан байдалтай харцгаалаа.

Шуугианы эзэн дуучин залуу Одмаатай их л дотно алхаж явснаа гэв гэнэтхэн хар хурдаараа гүйн машиндаа суугаад давхиад явчихлаа.
-Хүүш Хасар аа, Хасар аа. Чи хаачих гэж байгаа юм бэ? гэж Одмаа хоолой мэдэн хашгирсаар орь ганцаараа үлджээ.

Одмааг хаягдаж хоцрохыг харсан орцны сахиул хүүхнүүдийн нүд нь гялалзаж, хөхрөхөд хэн нэгнийх нь улаан нялзрай хүүхэд час хийн орилох нь тэр.

-Ангаахай бяцхан үр нь тэнхээ мэдэн бахирангаа хөхнийхөө толгойг эрэхэд Одмаа гүн нойрноосоо сэрж саяын зүүдэлсэн зүүднээсээ ичих шиг боллоо.

-Дөнгөж хоёрхон сартай үр нь ивэлсэн сүүгээ амтархан хөхөхөд бүсгүйн нулимс мэлэмрэн асгарлаа. Аргагүй шүү дээ, эр нөхөр нь хаа явдаг юм бүү мэд.

-Хөөе “Одмаа танай нөхөр чинь 13-р байрны нэлээн явдалтай хүүхэнтэй орооцолдоод авсан шүү дээ, чи мэдсэн биз дээ хө” гэж ирээд л хагархай хочит Тамираа хүүхэн хавийн хүнийг сонсоосой гэж байгаа юм шиг хашгирах шахам хэлсэн тэр үг Одмаагийн сэтгэлээс ерөөсөө гарахгүй байлаа.

Гомдож бухимдсан бүсгүй аргаа барахдаа нялх бяцхан үрээ чангаас чанга тэврэхэд дотор сэтгэл нь урагдаж байлаа.

Бүсгүй орцны үүдэнд хов ярьж суудаг хүүхнүүдээс бүр залхаж, телевизийн суваг сольж үзээд гэрээсээ ч гарахаа больж.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байх болсон нэгэн дуучин залуугийн аз жаргалыг хүссэн нэгэн сайхан дууг Одмаа ахин дахин сонсох дуртай болжээ.

Амьдралын үнэн худлыг олж ядан дэнсэлж, өрөөсөн далавчаа буудуулсан шувуу шиг бэдэрч явсан энэ он жилүүдэд аз жаргалын дуучин залуу Одмаагийн зүүдэнд зочилдог болжээ.

-Одмаагийн хүү Энхлэн дөнгөж сургуульд ороход тэр “Ямбатан” сонинд сэтгүүлч болжээ.

Монголдоо аль хэдийн нэрд гарсан дуучин залуу Италид удаан хугацаагаар явж ирээд, амарч байсан учраас Одмаад тэр хүнтэй ярилцах үүргийг өгсөн байна.

Тэр хоёр хоорондоо холбоо барьж, Одмаа дуучин залуугийнд ярилцлага авахаар очлоо.

-За тэгээд ярилцлага ч эхэлж асуулт хариулт, асуулт хариулт болж байтал үүднийх нь хонх дуугарч гэрийн эзэн хаалгаа тайлж өгтөл өнөө дуучин Хасар ороод ирдэг юм байна. Одмаа өөрийн мэдэлгүй “Хөөх Хасар, сайн байна уу” гэж дуу алдсанаа нүүр нь мэнчийтэл улайлаа. Хэдийгээр ярилцлага цаашаа үргэлжилсэн боловч, хааш яйш, эмх замбараагүй болж Одмаа бүр сандарч орхилоо.

Тэгээд бүсгүй дуу хураагчаа сурмаг гэгч нь унтраагаад, баярласнаа илэрхийлээд дуучны гэрээс дөнгөж гармагц сая л нэг санаа амарлаа.

Бүсгүй шатны уруу пижигнэтэл гүйгээд орцны үүдээр гартал, Хасарын үнэтэй чамин машин харагдаж, тэртээх он жилүүдийн сонин зүүд нүднийх нь өмнүүр харагдах шиг болоход, гэнэт эвгүй болсноо бушуухан шиг тэндээс явахын түүс болжээ.

Тэр өдрөөс хойш он жилүүд урсан өнгөрсөөр, Одмаагийн хүү Энхлэн бүр зургадугаар ангид оржээ.

“Хаврын синдром хөдөлчихлөө” гэж өөрсдийгөө оношилсон найз хэдэн хүүхнүүдтэйгээ Одмаа нэг удаа дээдсийн хүрээнийхэн болон олны танил хүмүүсийн очдог “Brilliant” диско клубд очжээ.

Хүүхнүүд энэ өдөр ёстой нэг сайн ууж, ёстой хамаг биеийнхээ шар усыг тартал нь бүжиглэе гэж шийдсэн нь илт тодорхой харагдаж байлаа. Тэгтэл “Нэг өдөр” сонины сурвалжлагч бүдүүн цагаан хүүхэн:
-Хүүш ээ, тэнд нөгөө Хасар явж байна. Хөөе хүүхнүүд ээ яагаав, нөгөө дуучин Хасар гэж ирээд л нээх том нээлт хийсэн хүн шиг орилох нь тэр.

Одмаа Хасар хоёр энэ өнгөрсөн жилүүдэд ажил хэргийн холбоотой хамтрагч, удаан хугацааны найзууд болсон нь тодорхой байсан юм.

За тэгээд яах вэ дээ хүүхнүүд болсон хойно бага зэргийн уусан юмандаа халсан ч юм уу, зориг орсондоо ч тэр үү Хасарыг ямартаа ч гэсэн ширээндээ урьж авчирлаа. Хасарыг ширээнд суухад Одмаа тоомжиргүй царайлна.
-Өө Одмаа, ажил нь сайн уу. Энд уулздаг ямар сонин тохиолдол вэ гэхэд:
-Харин тийм ээ их сонин тохиолдол байна гэсэн ёжтой хариултыг сонсоод Хасарын царай илтэд гайхширлаа.

Бараг дөрвөн цаг болж байхад хүүхнүүд бүжиглэж ханасан бололтой гэр гэр лүүгээ яарцгаалаа.

Хасарт энэ хүүхнүүдийг бүгдийг нь гэрт нь хүргэж өгөх гэнэтийн ажил ноогддог юм байна.

Халамцуу хүүхнүүд яах вэ дээ орилж хашгирсаар бандгар жийпний ард чихэлдэж байх хооронд, Одмаа аль хэдийн урд талын суудалд чимээгүйхэн ирж суугаад:
-Уул нь манайх хамгийн ойрхон л доо гэж инээмсэглэхэд

-Одмаа би чамайг хамгийн сүүлд нь хүргээд өгье, ярих яриа байна гэсэн Хасарын шийдэмгий үгийг сонсоод балмагдсан бүсгүй юу ч дуугарч чадсангүй.

Зайсан толгойн оройд салхи сэвэлзэн үлээсээр үүр цайлаа.

Одмаа нарийхан янжуур зуугаад их хотын дээрээс бодлогшрон гудайхад, Хасар сониучирхан ширтлээ.
-Одмаа хоёулаа нэг хотын ойролцоо амралтанд, үгүй ээ салхинд гарвал ямар вэ гэхэд “Өө тэгье л дэ” гэж бүсгүй эрс шийдэмгий хариуллаа.

Өглөөний наран тэнгэрийн хаяанаас дөнгөж цухуйхад Хандгайтын аманд байдаг “Их тамир” амралтын газар тэр хоёр буужээ.
-За нар мандаж байхад хөшгөө хаадаг хүмүүс бас байдаг юм байна аа гэж Хасар хөгжилтэй нь аргагүй хэлээд тэртээх он жилүүдэд Одмаагийн сонсох дуртай байсан аз жаргалын дууг амандаа аялж хөшигний завсар толгойгоо хавчуулаад дүрсгүйтлээ.

Ойрд хэн нэгнийг хүргүүлээгүй бие эрхтнийг нь эр хүний гар энхрийлэн энхрийлэн зөөлхнөөс зөөлхөн энхрийлэхэд Одмаа нялхамсаж эхэллээ.

Өөртөө зориуд ховорхон тохиолдлоор бий болгодог энэ сонин үйлдлийн эрхэнд тэр автжээ. Одмаа арваад жилийн дараа уярлын нулимс унагалаа.


URL:

Сэтгэгдэл бичих