“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзлаа. Хотын Захирагч “Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй та бүхэнд талархал илэрхийлье.
Ирэх жил Монгол Тайландын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Улаанбаатар Бангкок хотуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 15 жилийн ой болох гэж байна.
Энэ үеэр Бангкок хотод зохион байгуулагдах Монголын хотын соёлын өдрүүдийг Улаанбаатар хот хариуцаж байгаа юм. Тиймээс энэ ажилд та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна.
Мөн Бангкок хот нь аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг тул  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэж онцоллоо.
Ноён  Пипат Лаппратана “2014 оны 4-р сард Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид манай хотод дахин айлчлал хийхээр болсон. Энэ үеэр холбогдох албаныхантай ярилцаж төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих