Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Алтангэрэл, Монгол Улсын Өргөмжит Консул Уиллиам Пинтас, албаны бусад хүмүүс болон тус хотод амьдарч буй монгол иргэд оролцлоо. Иллинойс мужийг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтас энэ сарын 28-ны өдөр үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ шинээр нээгдэж буй Өргөмжит консулын газар өөрийн муждаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад болон цаашдаа зөвхөн консулын төдийгүй хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Уиллиам Г. Пинтас /William G. Pintas/ нь 1960 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт Иллинойс мужийн Лэйк Форэст хотод оршин суудаг.
Тэрбээр Чаппэллийн /Chappell/ бага сургууль, Гордоны /Gordon/ техникийн дунд сургуулийг төгсч, 1981 онд Флорида мужийн Майамигийн Их сургуулийг бизнесийн чиглэлээр бакалавр, 1984 онд Мичиган мужийн Thomas M Cooley –ний Их сургуульд хуулийн чиглэлээрмагистрийн зэрэг хамгаалсан.
            Виллиам ньхуулийн зөвлөгөөө өгөх, өмгөөллийн чиглэлийн “William G. Pintas & Assoc”компанийг 1985 онд байгуулж, улмаар 2007 онд Лаура Муллинс өмгөөллийн компанитай нэгдэн “Pintas & Mullins Law Firm” компанийг байгуулжээ. Тухайн компани АНУ-д 10 мянга гаруй үйлчлүүлэгчийн 100 сая гаруй ам.долларын нэхэмжлэлийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлсэн байна.
            “Pintas & Mullins Law Firm” компани нь хэрэг зөрчилд орсон, эрүүл мэндийн болон санхүүгийн хохиролтой, шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах гэр бүлийн маргаан, эмнэлгийн хууль бус үйл ажиллагаа, иргэний хэргийн асуудлаар хуулийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлдэг байна.
          Виллиам Г. Пинтас нь шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах “Preferred Capital Funding” компаний хамтран эзэмшигч бөгөөд ТУЗ-ийн тэргүүнээр ажилладаг. Тухайн компани нь хуулийн зөвлөгөө өгөх, нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компаний нэг бөгөөд Чикаго, Кливлэнд, Сэйнт Луйс, Лос Вегас, Солт Лэйк  зэрэг хотод салбартай.
            Тэрбээр 2013 оны есдүгээр сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон юм.

URL:

Сэтгэгдэл бичих