Энхтайваны гүүрний амь дүйсэн модон багана
Энхтайвны гүүр хэзээ мөдгүй нурж мэдэх өрөвдөлтэй дүр төрхийг харуулсан фото цахим хуудсаар цацагдлаа. Гүүрийг нураачихгүйн тулд модон багнанаар тулгуур хийжээ.
Тулгуурт тавьсан мод нь ч цууралт өгсөн харагдана лээ. Тэгэхээр Энхтайвны гүүр хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болчихоод байна. Уг гүүр нь 1958 онд ашиглалтанд орсоноос хойш засвар үйлчилгээ нээх хийгээгүй, ашиглах хугацаа нь ч дууссан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн байдаг.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2005 онд гүүрний дээд хэсгийн хатуу хучилтад их засварын ажил хийсэн байдаг. Гэхдээ гүүрэнд ямар нэгэн засвар хийгээгүй учир механик эвдрэлд орж, ачааллаа даахгүй байдалд хүрсэн. Нөгөөтэйгүүр, дунд голын замаар том оврын машин их явдгаас болж эвдрэл үүссэн гэдгийг албаны хүн хэлсэн байна.
“Энэ жил нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус гүүрний урсгал засварын ажлыг хийх байсан. Энхтайваны гүүрийг засахад 200 сая төгрөг зарцуулна. Гүүрийг засах нээлттэй тендерийг зарласан байгаа. Тендерт ялсан компани Энхтайваны гүүрний хоёр талын захын тулгуурыг засварлах юм” гэсэн тайлбарыг хэлжээ.
Ямартай ч гүүрийг засварлах юм байна. Гэхдээ өдийг хүртэл тендер шалгаруулалт явагдаагүй байна. Харин гүүр хэзээ мөдгүй нурахаа хүлээж байгаа. Уг гүүрэн дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст хэзээ эрсдэл учрах, гүүр улсад ямар хор хохирол учруулахыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй.
Тиймээс засварлана даа хэмээн алгуурлаж суухын оронд ажилаа түргэвчилвэл ямар вэ. Одоо өвөл болж байна. Шалгаруулаагүй байгаа тендерийг хэзээ шалгаруулж, өвлөөс өмнө ажлыг гүйцэтгэнэ гэдэг бол үлгэр.
Харин ирэх хавар зам гүүрийн засварын ажил эхэлтэл Энхтайвны гүүрийг нурахаас сэргийлсэн модон багана тэсээсэй гэж залбирах л үлдэж байх шив дээ.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: