Бие биеэ хэмлэж, “бөөс” түүж хоёр долоо хонов
Өөрөөр хэлбэл, зорилготой хуралддаг ээлжит бус чуулган зорилгоосоо ухарч, хоёр намын гишүүдийн талцаж хэрэлдэх хурал болов. Алтны ил тод байдлын тухай хууль, Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн гурван хуулийг МАН-ын зүгээс эсэргүүцэж завсарлага авсан учраас үлдсэн хоёр хууль болох Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг батлах нь ээлжит бус чуулганы гол зорилго байв. Гэхдээ энэ зорилгоо ч биелүүлээгүй учраас шүүмжлээд байгаа хэрэг. Гишүүд заавал хуулийн төсөл батлах гэж хуралддаггүй гэх “хөөрхөн” шалтаг шалтгаан тоочсон ч энэ удаагийн чуулган үнэхээр үр дүнтэй байж чадсангүй гэдгийг хаа хаанаа л хүлээн зөвшөөрөх биз.
Тэд ээлжит бус чуулганы хамгийн том ололт нь энэ хуулийн төслийг яг батлахад бэлэн болгож, намуудын бүлгүүд саналаа нэгтгэж чадсанд оршино хэмээн тодорхойлов. Яг батлахад бэлэн болгочихсон атлаа яагаад батлалгүй өнгөрүүлсэн юм бэ гэдгийг гишүүд тайлбарлахдаа “Бид алдах эрхгүй, том асуудлыг багтаасан учраас тун нухацтай ярилцах нь зөв” хэмээв. Сайн дураа хүрвэл тэд таван минутад ч хууль баталчихдаг. Эсвэл олонхи нь хүч түрээд асуудлыг шийдчихдэг. Харин эдгээр өдрүүдэд тун эвтэй байж бүгдээрээ хуулийн төслийг хойшлуулахаар санаа оноогоо нэгтгэж, хэлэлцсэн юм шиг үгээ нийлүүлсэн нь хэнд ч хар төрүүлж байгааг нуух юун. Гишүүдийн хэлээд байгаа санаа бол зөв. Мэдээж түүхий хууль боловсруулснаас нухацтай ярилцаж хэлэлцээд боловсруулчих учиртай. Гэхдээ 90 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх гэж өдөр шөнөгүй хуралдсан ажлын хэсгийнхэн муу ажилласан гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн хуульд орсон Баялгийн санд хамааралтай заалттай холбоотойгоор асуудал үүсч нэг ч хууль гарахгүй тарахад хүрсэн.
Гадаадын асар их хөрөнгө татахын тулд Баялгийн сан байгуулна хэмээн хуулийн төсөлд оруулсан ч тус санд Нийгмийн даатгалын болон төрийн өмчийн хөрөнгө оруулалттай санг хамааруулахгүй хэмээн заасан нь нэг асуудал хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тайлбарлаж, гишүүд үүнийг нь дэмжсэнээр дээрх хуулийн энэ заалтыг эргэж хараад нэг мөсөн тооцоо судалгаатай, нарийн судлах үүднээс намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв гэж дэмжсэн төдий. Ажлын хэсгийн гишүүд аятайхан суугаад судалчихсан бол ялимгүй жижигхэн алдаагаар шалтаглаж, үр дүнгүй хуралдсан гэж шүүмжлүүлэх асуудал үүсэхгүй байв.
Хэдийгээр үр дүнтэй хуралдсан гэж өөрсдийгөө өмгөөлж байгаа ч хуулийн төсөл батлалгүй завсарласан анхны ээлжит бус чуулганыг хэн ч зорилготой хуралдсан гэж дүгнэхгүй гэдгийг ойлгох биз ээ. Тэд ирэх мягмар гарагт намрын чуулганаа нээхээр тов тогтоож захирамж гаргалаа. Бас л өчнөөн олон хуулийн төслүүдийг оруулж ирэхээр захирамжид тусгасан байгаа. Энэ байдлаар завсарлага авч, эсвэл хагас дутуу боловсруулсан хуулийн төслийн бөөсийг түүх гэж заваарсаар хугацаа алдвал тэр олон хуулийн төслийг баталж амжихгүй хойшлуулна. Гишүүд бөөс түүдэг, бие биенээ хэмлэдэг зангаа засахгүй бол Газрын тухай багц хууль зэрэг олон чухал хуулийн төслүүд энэ мэтээр хойшилсоор ирэх хаврын чуулган хүргэх вий дээ.
Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны Монгол Улсын төсвийг баталсан. Ингэхдээ нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолон баталсан билээ. Тухайн үед УИХ дээр 2013 онд бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барьж ажиллахаар баталсан билээ. Харин ирэх оны Төсвийг хэрхэн батлах нь өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадах эсэх гээд олон хүчин зүйлээс шалтгаалахаар байгаа юм. 2014 оны Төсвийн тухай хуулийг дагалдан Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд батлагдана.
Мөн он дамжин яригдаж, хоёр ч чуулганаас унагасан Газрын тухай багц хуулийн төсөл болон бусад дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд яригдах багц хуулиуд мөн зуны хугацаанд гишүүдийн зүгээс өргөн мэдүүлсэн нэлээд олон хуулийн төслүүдийг энэ намрын чуулган хэлэлцэж батлахаар захирамжилжээ. Ээлжит чуулганаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Б.Өнөртогтох www.mminfo.mn
URL: