Хоног сар өнгөрөх тусам уярч хайрлаад л явж байна даа
Энэ удаагийн “Гэргий″ буланд МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг оролцлоо. Тэрээр хоолойн цар хүрээтэй сайн дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж монгол хувцсаараа гоёж яваа түүгээр бахархах хүн олон байдаг.
Энэ ч утгаараа эмэгтэй хүн юу хийж чадах ёстой юм, тэр бүгдийг хийж сурсан гэдэгтээ итгэлтэй байдаг хэмээсэн. Мөн тэрээр хэд хоногийн өмнө нөхрийнхөө санаачилсан “Хамаг монгол” төслийн ажлаараа Тува, Буриад, Өвөрмонголд тулганы гал бадраах ёслолд оролцоод иржээ. Дуучин бүсгүй гэр бүл, амьдрал, уран бүтээлээ бидэнтэй ийнхүү хуучиллаа.
-Айлын гэргий болсноосоо хойш хэсэгтээ чимээгүй байлаа. Нам гүмхэн амьдралыг илүүд үзсэн хэрэг үү?
-Үгүй ээ. Нэг их чимээгүй байгаад байя гэж бодоогүй. Амьдрал хөвөрч л байна. Хэвлэлд нэг их ярилцлага өгөөд байдаггүй болохоор хүмүүс намайг чимээгүй болчихлоо гэж бодсон байж магадгүй. Угаасаа хүний амьдрал юм болохоор тэрсхэн төрсөн хоёр охиноо өсгөх гээд гэрээрээ л байлаа.
Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан аз жаргалтай мөч айлын эхнэр болох байдаг Улмаар хань ижил, үр хүүхдүүдзэ халамжилж, өрх гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хамгийн том аз жаргал гэж би боддог
-Айлын гэргий болоод хадмынхаа босгыг алхаж байх тэр мөчид юу бодогдов. Олны танил нэртэй дуучны эхнэр болно гэдэг бас хувь тохиол?
-Манай хадмууд их сайхан хүмүүс байдаг Эхлээд танихгүй мэдэхгүй хүмүүс гээд хэрдээ эмээж байсан. Гэтэл удалгүй тэд надад маш сайхан дотно мэдрэмжийг төрүүлж чадсан.
-Айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Ер нь ч тэгээд танайхыг залуу гэр бүл гэхэд хөл ихтэй байдаг гэх юм билээ?
-Манайхаас ер хүн тасардаггүй шүү. Жилийн жилд өвлийнхөө идшийг нэлээн сайн базаагаад авдаг. Гэтэл орж гарсан хүмүүст мах чанаж өгсөөр байгаад хавар болоход нөөцөлсөн идэш маань дуусах тал руугаа ордог “Зан сайтай айлд хүн бүхэн цугларч, замаг сайтай нууранд загас бүхэн цуглардаг″ гэдэг шиг тийм л айл юм болов уу гэж боддог
-Та хоёрын өмссөн хувцас, уйл хөдлөлөөс монгол ахуй үнэртдэг. Магадгүй гэрээ ч гэсэн монгол тавилгаар тохижуулсан болов уу гэж бодож байна?
-Манайх зундаа гэрээ бариад хөдөө гарчихдаг юм. Гэр маань яг язгуур монгол бортгон тоонотой бүх эдлэл хэрэглэлүүд нь модон, тулгаа тулсан гэр байдаг. Монгол ёс заншил хэзээнээсээ л байсаар ирсэн. Гэтэл үүнийг зарим нь мартчихсан, зарим нь өвөг дээдсээсээ өвлөөд өөртөө, шингээгээя аваад үлдчихсэн байдаг.
Тийм учраас залуучуудад монгол ёс заншлаа хадгалж яваарай гэж хэлье. Наад зах нь сүү цагаан идээгээ борлуулаад, идэшнийхээ хонийг мууллаа гэхэд гэдэс дотрыг нь сайхан цэвэрлээд хүнсээ бэлддэг эмэгтэй өнөөдөр цөөхөн болсон байна шүү дзэ.
Тиймээс эмээ өвөө, аав ээжүүд минь тэр сайхан ёс заншлаа өвлүүлээч, бид болоод цаашдаа бидний үр хүүхдэд эрдэм болно шүү дээ. Хүүхдүүдээ багаас нь ажил хөдөлмөрт сургаад,өөрийнхеө сурсныг бусдад заагаад, бусдын сурсан сайн зүйлээс суралцаасай гэж хүсдэг.
-Жавхлан гавъяат ханьдаа зориулсан олон дуутай. Одоо л гэхэд “Хар хархан харц”дуу тань хит болоод байгаа шүү дээ?
-Бид хоёр анх айл гэр болохдоо “Болно доо” дууг дуулж байсан бол түүнээс хойш хамтдаа олон уран бүтээл хийжээ. Хамгийн сүүлд “Хар хархан харц”гэж анх бие биенээ яаж олж харсан, түүн шигээ бие биесээ хайрлаад цаашдаа сайхан амьдаръя гэсэн утгатай дуу байгаа.
Энэ дууны клипэнд яг л манай гэрийн өдөр тутмын амьдрал гарч байгаа. Хөдөө аргалаа түлээд, сүү цагаан идээгээ борлуулаад, хоёр хүүхдээ хооллож байгааг бүгдийг нь харуулсан.
-Таныг бас чамгүй оёдолчин гэж сонссон?
-Мэргэжлийн оёдолчдын дэргэд юу нь мундаг оёдолчин байхав дээ. Гэхдээ хөх зүү хөндлөн барьж үзээгүй гээд түүгээрээ бахархаад ч байгаа юм шиг ярьдаг хүмүүсийг бодвол хоёр хүүхэддээ дээл бариувч, нөхөртөө гоё биш юмаа гэхэд цамц өмд оёод өгчихнө өө. Энэ бол эмэгтэй хүн заавал хийх ажил.
Ийм ажил хийлээ гээд ядардаггүй, харин ч эндээс айлын гэргий гэдэг жинхэнэ утгаараа харагддаг ийм л сайхан хөдөлмөр. Иймд бүсгүйчүүдээ хань ижилдээ сэтгэлээ шингээж, хүүхдүүдээ өөрөө тэвэрч байгаа мэт энхрийлэл шингэсэн дээл хувцас оёж өгч байгаарай гэж уриалмаар байна.
-Хоёр охин тань том болсон биз дээ?
-Том болсон. Одоо хоёр гурван настай. Бид хоёртой хөгжилтэй зүйл ярьдаг болоод байгаа.
-Та оо энгэсэг хэрэглэхээ больж. Нүүр будалтаас татгалзаж төрсөн царайгаараа байя гэдгийг илүүд үзэв үү. Эсвэл нөгөө талаас Жавхлан гавъяатыг эхнэрээ нүүрийг нь будуулах дургүй, жинхэнэ монгол эмэгтэй гэдгийг харуулна гэж ярьдаг гэх юм билээ?
-Манай нөхөр ийм жижиг сажиг зүйлд оролцоод байдаггүй. Ялангуяа миний хувийн асуудалд оролцдоггүй. Байдгаараа будчихсан байснаас будаг багатай байх нь өөрт минь тээр багатай юм шиг санагддаг юм. Хувцсаа ч гэсэн өөртөө аль болох эвтэйхэн байхаар сонгож хувцасладаг.
Түүнээс Жавхлан хавчиж хаасаар байгаад нүүрийг нь будуулахаа болиулаад байнга монгол дээл өмсүүлдэг гэж ярьдаг бол худлаа. Би өөрөө уртын дуучин хүн учраас багаасаа л монгол дээлийг шүтэж ирсэн.
СУИС-д байхдаа монгол дээл өмсөөд явах ямар гоё вэ гэж боддог байсан, тэр мөрөөдлөөөрөө л явж байна. Уртын дуучин хүний хувьд зайлшгүй монгол дээл өмсөх шаардлага гардаг. Түүнээс манай нөхөр шаардлага тавиад байдаг харгис хатуу хүн биш.
-Жавхлан гавъяат газар шорооныхоо төлөө их тэмцдэг. Энэ байдлыг нь хэрхэн дэмждэг вэ. Эсвэл улс төрд хутгалдаад яахав, сайхан дуугаа дуулаад яв гэж зөвлөдөг үү?
-Энэ асуудлыг иргэн хүний үүрэг гэж ойлгодог.
-Урлагийн залуу гэр бүлийн ажил амьдрал хэрхэн өрнөдөг бол гэдгийг сонирхмоор байна?
-Цагийн ажилтай хүмүүстэй харьцуулахад бидний амьдрал хөдөө гадаа явна бас гадагшаа явна, эсвэл хамтдаа явна, эсвэл нөхөр маань яваад, би хүүхдүүдтэйгээ үлдэх гээд ер нь их үйл явдал өрнөж байдаг шүү дээ. Мөн дуу бичлэгийн студи дээр бичлэгтээ, зураг авалтанд явна гээд ажил ер мунддаггүй. Ер нь 365 хоног дотор тайван нам жим байдаг өдөр тун цөөхөн дөө.
-Хамтдаа багагүй хугацаанд амьдраад ирэхээр үзэл бодол, сэтгэл санаагаар бие биедээ уусаад нэг хүн шиг болчихдог гэдэг. Та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл?
-Жил өнгөрөх тусам нэг нэгнийхээ ааш занг илүүтэй мэдэрдэг юм байна. Ер нь тэгээд хоног сар өнгөрөх тусам л уяраад хайрлаад явж байна аа. Хоёулаа хөдөө өссөн болохоор ч тэр юм уу бид хоёр олон зүйл дээр санаа нийлдэг.
-Ойрын үед хүүхэдтэй болох талаар төлөвлөсөн үү?
-Эрүүл саруул сайхан амьдарч байгаа юм чинь олон сайхан үр хүүхэдтэй болж сайхан амьдаръя гэж бодолгүй яахав.
-Танайх нийслэлийнхээ аль дүүрэгт амьдарч байна вэ?
-Улаанбаатар хотын 13 дугаар хороололд амьдарч байна. Тэгээд зусланд гарахаараа Архангай явна, хааяа Увс явна. Ер нь нүүдэлчин монголчуудын удам гэдэг шиг хаа сайгүй нүүгээд л явж байдаг шүү дээ.
-Нөхөр тань цаг дээрээ их өрөвч зөөлөн хүн харагддаг. Тэгэхээр охидоо их энхрийлдэг байх даа?
-Манай хүн чинь их зөөлхөн хүн шүү дээ. Намайг хааяа зэмлэхээр өмөөрөөд л дахиж битгий тэгээрэй, эвий эвий гээд л их хайрлаад байдаг юм. Ерөнхийдөө бид хоёр хатуу зөөлнийг тэнцүүлээд л явж байна. Тиймдээ ч манай хүн зөөлөн байвал зөөлөн байж чаддаг, бас хатуу зан гаргах юм бол хатуу байж чаддаг тийм л хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн дээ.
-Таныхаар хаа ч явсан бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Өөрийнхөөрөө, дотроосоо гэрэлтсэн хүнийг сайхан эмэгтэй гэж боддог. Гэхдээ тэр хайр нь зүгээр суугаад байхад гэрэлтээд байх гэхээсээ илүү эмэгтэй хүний хийж бүтээх ажил маш их байна. Тийм учраас ажилсаг хөдөлмөрч, бусдыг хайрлаж энэрч байж цаанаасаа гэрэлтдэг юм болов уу гэж боддог.
-Залуу хүмүүс их романтик байдаг даа. Та хоёр ямар үед бие биедээ гэнэтийн бэлэг барих дуртай вэ?
-Тийм үед, ийм үед бие биедээ гэнэтийн барьдаг гэсэн зүйл байхгүй. Хоёр биенийгээ баярлуулъя гэж бодсон үедээ баярлуулчихна. Ер нь тэгээд тухайн цаг үеэсээ л их шалтгаалдаг даа.
Бид хоёр одоо дөрөв таван жил амьдарч байгаа. Анх нөхрийгөө хамт тоглолтонд оролцоод энэ сайхан дуучин ах гэж л бодож явдаг байлаа. Гэтэл өнөөдөр хамтын амьдралаа зохиогоод явж байна.
-Таныг оюутан байхдаа миссийн тэмцээнд түрүүлж байсан гэдэг. Мисс болоод уртын сайхан дуу, монгол бүжгээрээ гадныхныг алмайруулж явсан ч гэж сонссон юм байна?
-Би “Мисс” гэж яриулах дуртай биш. Яагаад гэвэл тэр тэмцээн бол нүцгэн биеэрээ гоо үзэсгэлэнгээ харуулах биш, хүмүүнлэгийн арга хэмжээ байсан. СУИС-ыг төлөөлж оролцоод дараа нь Монголыг төлөөлж монголын нүүр царай болж чадна гэсэн хоёр оюутныг шалгаруулсан юм.
Түүнд Монголоо төлөөлж явах үүрэг надад оногдоод БНСУ-руу явж байсан. Түүнээс учиргүй “Мисс” болоод байсан юм байхгүй. Тухайн үед уртын дуу, монгол бүжгээ гадныханд сонирхуулж байлаа.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Өөрсдийнхөө амьдрал ахуй, өмсч зүүж байгаа хувцсаараа монгол өв соёл гэж ямар агуу байдгийг түмэн олондоо ойлгуулж, түгээж сэргээх юмсан гэж бодож явдаг даа.
Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: