Зайсангийн уугуул иргэдэд газар олгох эсэхийг УИХ шийднэ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Богдхан уулын зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 6-ны өдөр өргөн барьсан.
Учир нь Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан орчимд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд зориулалтаа өөрчлөн орон сууцны хороолол баригдсанаар суурьшлын бүс үүсээд байгаа юм.
Гэтэл энэ орчимд олон жилийн өмнөөс амьдарч ирсэн уугуул иргэд нь газраа өмчлөн авч чадахгүй байгаа. Тиймээс тус орчимд оршин суух иргэд өнгөрсөн гуравдугаар сард тойргоосоо УИХ-д нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд болон, дүүргийнхээ Засаг дарга Ж.Ганхуяг нарт газраа өмчилж авах хүсэлт гаргаж байсан юм. Энэ үеэр зарим иргэд өмнөх Засаг дарга Д.Загджавын олгосон эзэмших эрхийг хүчингүйд тооцон, эзэмшиж байгаа газрыг нь бусдад давхардуулан олгож байгаа тухай хэлж байсан юм.
Хуулийн дагуу бол Тусгай хамгаалалттай газар нутагт БОНХЯ газар олгох эрх мэдэлтэй байдаг. Тийм учраас иргэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нараар дамжуулан газар өмчлөх хүсэлтээ УИХ-аар шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа юм байна.
Ингээд энэ асуудлын талаарх зарим зүйлсийг Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатараас тодрууллаа.
-Зайсан орчимд оршин суудаг иргэд газар өмчлөх эрхээ УИХ-аар хэлэлцүүлэхээр уламжилсан. Гэхдээ нөгөө талаас тус газарт оршин иргэд байхгүй гэсэн мэдээлэл гараад байна. Яг өнөөдрийн байдлаар хэчнээн иргэд энэ газарт амьдарч байна вэ?
-Өнөөдөр Зайсанд олон жил, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшин амьдарч байгаа 430 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэний асуудал 2008 оноос хойш шийдэгдэхгүй яваад байгаа юм. Гэтэл Зайсан орчимд иргэн, аж ахуй нэгж аялал жуулчлалын чиглэлээр газар авсан хэдий ч өнөөдөр суурьшлын бүс болчихсон байна.
Нэг үгээр бол тэнд оршин сууж байгаа иргэдийн асуудал хаягдчихаад байна. Үүнийг шийдэх гарц нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өөрчлөх. Дээрх газарт дүүрэг болон нийслэлийн Засаг дарга нарт газар олгох эрх зүйн үндэс байхгүй. Харин БОНХЯ Нүхтэд зуслангийн газрын зориулалтаар иргэдэд газар өмчлүүлж байна. Тиймээс яг үүнтэй ижил нөхцөл байдлаар эдгээр иргэний асуудлыг шийдэх болно. Гэхдээ БОНХЯ тодорхой шийдэл гаргахгүй байгаа учраас манай дүүргийн Газрын алба, Засаг дарга, Иргэдийн хурлын зүгээс Тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн оршин сууж байгаа хэсэг газрыг хилийн зэсээс гаргах асуудлыг санал болгож байгаа юм.
Хэрэв ингэвэл дүүрэг тус газарт зохион байгуулалт хийгээд, иргэддээ өмчлүүлэх боломж нь нээгдэх юм. Уг нь өнгөрсөн 2008 онд тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан Д.Загджав захирамж гаргаад иргэдэд газрыг нь эзэмшүүлсэн. Тэр нь өнөөдрийн бодит байдал дээр зөвшөөрөл гэж ойлгогдох хэдий ч, хуулийнхаа хүрээнд эрхзүйн чадамжгүй болчихоод байгаа юм. Тиймээс бидний зүгээс иргэдтэйгээ хамтраад хоёр гишүүнээр дамжуулан тогтоолын төсөл өргөн бариулсан. Тус
газар орчимд иргэд оршин сууж байгаа эсэхийг заавал надаар баталгаажуулах биш, газар дээр нь очоод л үзэх хэрэгтэй шүү дээ. Амьдарч байгаа хүмүүс нь байж л байгаа. Үүнээс гадна тэдгээр иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд ч байгаа.
-Амьдарч байгаа газраа өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл бий юу?
-Манай албанд иргэд хүсэлт гаргаагүй. Засаг даргад хүсэлт гаргаад түүнийгээ буцаагаад татаад авчихсан байгаа. Иргэдийн төлөөлөл гэх төрийн бус байгууллагууд дээр өргөдлүүд нь байж байгаа. Манай албанд өргөдөл өгсөн ч бид нар хуулийн дагуу шийдэж чадахгүйгээс хойш боломжгүй гэдэг л хариу өгнө. Хилийн зэсээс гаргах эсэхийг УИХ-аар шийднэ. Тиймээс ямар шийд гарахыг одоо хэлж мэдэхгүй.
Тус газарт оршин суух иргэдийн хэлснээр бол оршин суух уугуул иргэд амьдран сууж буй иргэд тэнд олон буй. Амьдран сууж буй газартаа 40 орчим жил амьдарч байгаа иргэд ч байдаг байна. Мөн зарим иргэд нь өмнө нь амьдарч байсан ажилчдын гэх тодотголтой нийтийн байраа нурааж шинэ байр барьсан аж.
Мөн иргэдийн ярьж буйгаар зарим барилгын компанид иргэдийн амьдарч байгаа газарт давхцуулан газар олгосон байдаг гэнэ. Тиймээс тэдэнд газрыг нь өмчүүлсэн, өмчлүүлээгүй гэх ялгаа байхгүй учраас нэг өдөр мөн л орон сууцны хороолол баригдах байх гэж байсан юм. Тиймээс иргэд өмнө нь олон газарт хандаж байсан хэдий тодорхой шийдэлд хүрээгүй учраас энэ намрын чуулганы хариуг л хүлээж байна хэмээж байлаа.
Г.Баярцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: