Даатгалын шимтгэлийг төрөөс нөхөх хугацаа маргааш дуусна
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлт хүлээн авах хугацаа маргааш дуусгавар болж байна.
Уг ажлын явцын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэлтсийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэгээс тодрууллаа.
-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжилтийн хугацаа хэзээ дуусах вэ?
-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай” хуулийг өнгөрсөн оны есдүгээр сард баталсан юм. Улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны арванэгдүгээр сарын А/57 тоот тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ыг баталсан.
Уг хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн зохион байгуулагдсан. Хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн наймдугаар сард дуусгавар болох байсан. Гэвч иргэдээс хугацааг сунгах талаар маш олон өргөдөл гомдол, санал ирсэнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахаар болсон.
Тодруулбал, ХАХНХ-ын сайдын тушаалаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийг ирэх аравдугаар сарын 1-н хүртэл сунгахаар болсон юм. Тиймээс сунгасан хугацаа ирэх мягмар гарагт дуусгавар болно гэсэн үг. Энэ хууль нэг удаагийн үйлчлэлтэй тул иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Хэрэв уг асуудлаар тодруулах зүйл байвал харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстээ хандах боломжтой.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон хугацаагаар иргэний тэтгэврийг хэзээнээс эхлэн нэмэгдүүлэх вэ?
-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд буюу наймдугаар сарын 1-ээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт орох өөрчлөлт, нэмэгдэл болон бусад зүйлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж тооцно. Харин наймдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-ний хооронд бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэлтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж тооцно гэж заасан байгаа.
-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай” хуульд ямар иргэд хамрагдах ёстой вэ?
-Энэхүү хуульд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явц буюу 1990-2000 оны үед аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, дампуурсан, ажлын байр олдоогүй, эрүүл мэнд, мэдлэг, мэргэшлээс хамаарсан буюу тухайн иргэнээс хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тооцогдоогүй, огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй иргэд уг хуульд хамрагдана.
-Иргэд бүртгүүлэхээр ирэхдээ ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр буюу хөдөлмөрийн дэвтэр, хорих ял эдлээгүй гэсэн тодорхойлолт, одоо оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа зэргийг бэлтгэн баталсан маягтыг хэлтэст ирж бөглөхөд хангалттай.
Ж.Отгон
URL: