“Шударга ёс”-чууд Засгийн газраас гарна гэв үү

“Шинэчлэлийн” гэх засгийн бөөрөнд амь зогоож байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарах болсон тухай албан бус мэдээлэл тарах болов. МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос улсад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус намынхан Солонгост хуралдсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол тус хуралдааны үеэр “Шударга ёс” эвслийнхэн энэ ондоо багтаж Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийх гэнэ. Хамгийн гол нь намынхаа дарга Н.Энхбаярыг улстөрд оруулж ирэх учиртай тэд АН-ынханд нэгэн болзол тавих аж. Тэр нь Н.Энхбаяр даргыг өндөр дээд албанд томилох. Эс тэгвээс Засгийн газраас гарах гэсэн хоёр үндсэн замаар тэдний улстөр үргэлжлэх бололтой. Тэгэхээр АН-ынхан Н.Энхбаярыг их улстөрд өндөр дээд албан тушаалд тавих, нөгөө нь хамтрагчтайгаа тангараг тасрах гэсэн хоёр сонголтын өмнө очих нь. Мэдээжийн хэрэг, АН-ынхан Н.Энхбаярт өндөр дээд албан тушаал өгөх ямар ч сонирхол байхгүй. Нэгдүгээрт, тэд өөрсдөө жижиг болж харагдана. Хоёрдугаарт, Н.Энхбаярыг ямар нэгэн өндөр дээд албан тушаалд тавьснаар АН-ын нэр бүдгэрч, “Шударга ёс”-чуудын нэр цуурайтна. Гуравдугаарт, өнөөгийн эрх баригчдын булхай ч илчлэгдэх болно. Естой л нөгөө “Орондоо ч орох завгүй олзолдон тэмцэлдэж” гэдэг л болно. Одоо будилуухан төрийн алба залгуулж байгаа АН-ын дотоод хүч улам суларч, аажмаар үйл ажиллагаа нь задрахдаа хүрнэ. “Шударга ёс”-чуудын хувьд эргээд сөрөг хүчинтэй хамтрах зам ч бий. Ер нь “Шударга ёс”-чуудын хувьд бол олон сонголт бий. Харин АН-д хоёрхон мөртлөө их зовлонтой сонголт л бий. Нөгөө талаар тэд хамтрагчтайгаа тангараг тасрахыг бас л хүсэхгүй. Хэрвээ тангараг тасарч гэмээ нь хэнтэйгээ хамтрах вэ. Нэгэн цагт ад үзэж байсан сөрөг хүчнийг гуйхаас өөр ямар ч гарц байхгүй. Энэ зам ч тэдний хувьд бас их бартаатай зам. Юутай ч “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарна хэмээсэн энэ албан бус мэдээллийн цаана маш том улстөр нуугдаж байгааг надаар хэлүүлэх юун. Үнэн хэрэгтээ хэдэн сайдын суудлаар амь зогоож байгаа тус эвслийнхэн тийм ч яаран Засгийн газраас гарчихгүй. Тэгэхээр үүний цаана урьд өмнө Монгол Улсад байгаагүй том стратеги төлөвлөгөө нуугдаж байгааг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр энэ бол “Шударга ёс”-чуудын хувьд том эрсдэл шүү дээ. Гэхдээ Засгийн газраас чухам яг яагаад гарах болов гэдэг нь өөрөө ихээхэн сонирхолтой зүйл.


Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих