Алдарт эхийн одон мөрөөдөл үү
“Залуучуудын хөгжлийн төлөө” гэсэн оюутны лекцэн дээр сууж байлаа. Миний үеийн залуус нэг нэгээр индэр дээр гарч дуу хоолойгоо хүргэнэ. Ихэнх яриа сурч боловсорч гүйцээд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахсан гэж байна.
Тэгтэл жинхэнэ хөгжил санагдуулам нэгэн яриа өрнөж, зааланд суусан залуусын нүүрийг улайлгасан. Гэхдээ охид, эмэгтэйчүүд илүү их ичиж суусан. Би ч ичсэнээ нуухгүй.
- Надтай үе тэнгийн нэгэн хүү ярьж байна. “Хөгжил дэвшил” гэж ярихаасаа илүү
Бидний улс орныхоо ирээдүйн, бүр алс ирээдүйн хөгжлийн эхлэл бол бидний хойч үе. Хойч үеэ үлдээж байж бид хөгжинө гэв. Гэтэл тэр их хөгжлийг бүтээх, бий болгох цогцлоох бидний үр хүүхэд хаа байна? гэж тэр асуусан.
Надаас бас зааланд цугласан бүх залуусаас асуусан. Өнөөдөр таван сайхан хүүхэд төрүүлээд, эмэгтэй хүн, эх хүн гэдгээ мэдрээд алдарт эхийн одон авчих чадалтай тийм эмэгтэй энэ заалан дотор суугаа залуусаас гарахгүй. Тийм үү гэж тэрээр чанга дуугаар асуув.
Тийм. Яг үнэн гэсэн шиг бид бие биерүүгээ харж хэсэг байснаа алга нижгэнүүлэн ташсан.
Үнэндээ бидний үеийн залуус дотор алдарт эхийн одон авахын үнэ цэнэ, утга учрыг мэдэх эмэгтэй ховор л болов уу. Би ч ялгаагүй. Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүйг эрхэмлэнэ. Тэжээж чадахгүй гэсэндээ биш, хариуцлагаас айдаг бололтой. Хамгийн хол нь гурван хүүхэдтэй болно гэж ярьдаг. Ингэж байгаа нь улс орны хүн амын тоог хойш татаж байгаа хэрэг ч биш. Мөн чанартаа хүүхэд гаргаж гэрийн авгай болох вий гэхээс үхтэлээ айж яваа. Тэрний оронд боловсрол эзэмшээд эх ороныхоо хөгжилд оролцсон нь дээр гэж ярих.
Гэхдээ тэр хүүгийн хэлсэн үгнээс олон олон эмэгтэй нэгийг бодсон биз.
Тэр хүү хэлэхдээ:
- Би одоо найз охинтой. Бид нас ойролцоо. Би яадаг ч байсан найз охинтойгоо амьдраад таван хүүхэдтэй болж эхнэртээ алдарт эхийн одон заавал зүүлгэнэ. Ингэж би эх орныхоо төлөө нэгэн хөгжлийг хийнэ гэж амласан. Их бардам сонсогдож билээ.
Ингэж бодоод ээжийгээ бодов. Ээж маань таван сайхан хүүхэд төрүүлж алдарт эхийн одонг энгэртээ зүүсэн. Эцэг эхийнхээ үргэлжлэл би, бид өнөөдөр тэр их хөгжлийн бас нэгэн хөгжил шүү.
Анх 1959 оноос “Эхийн алдар” одонг Монголын үрс маш олон болох болтугай гэж олгож эхэлсэн гэдэг. Түүнээс хойш манай улсын эмэгтэйчүүд энэ тоог хязгааргүй их нэмсэн нь сайшаалтай. Алдарт эхийн одонтой 150 мянган эх өнөөдөр алхаж явна.
Бас тэдний үргэлжлэл бид. Бидний хойч үе ч алхан явах болно. Энэ хийсэн гавъяаг нь үнэлж төр засгаас тэтгэлэг олгож эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Тэгсэн хэдий ч тэр алдартай одонгийн нэгдүгээр одонг нь энгэртээ зүүх хүн одоо ховордсон. Зургаан хүүхэд төрүүлсэн ээжид алдарт эхийн нэгдүгээр одон, дөрвөн хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон олгохоор тогтоосон. Өмнө нь найман хүүхэдтэй ээжид нэг, таван хүүхэд төрүүлсэн эхэд хоёрдугаар зэргийн одон өгдөг байж. Энэ их хол сонсогдож байна уу охид оо?
- Бидний үеийн хүмүүс, тэднээс хойдох үеэс алдарт эхийн нэгээ болъё хоёрдугаар одон авчих хоншоортой эх хүн гарах болов уу?
Монголын үрс маш олон болтугай
Я.Одгэрэл
URL: