“Монголын түүхэн дэх гадаадын хүмүүс” цувралаас…

Сань До Амбан
1910 оны эхээр Их хүрээний хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До амбанд 1911 онд “Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй гэнэ. Манай Халхын Монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тул, суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй.
Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган цэрэг татаж, Бээжинд орж Дай Чин улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсэгийг тоо ёсоор олгоно уу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэж мэдэгджээ.
Сань До хариуг нь өгөх гэсэн боловч Их Хүрээний монгол сайд элдэв шалтаг хэлж уулзаагүй байна. Заасан цаг өнгөрч хэдэн монгол лам, ноёд Богд Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ гээд” Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрөхөд бэрх хэмээн татгалзах болов уу?
Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, бүрэн эрхт Их Монгол улсаа байгуулж Богд хаанаа өргөмжлөхөөр тогтлоо” гэжээ. Сань До оросын консулын газар хоргодож улмаар Хиагтаар дамжиж Монголоос гарчээ. Сань До амбан Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байжээ.
Маог залгамжлагч Маршаал Линь Бяо
1969 оны 4 дүгээр сарын 1-нээс 24-ний хооронд Бээжинд хуралдсан Хятадын коммунист намын 10 дугаар их хурлаас Маршал Линь Бяог Хятадын дарга Маогийн албан ёсны залгамжлагчаар тодруулав.
Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн төв хороо бий болгохыг оролдсон хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу онгоцоор зугтаж Өвөрмонголын нутаг дээгүүр өнгөрч Монгол Улсын хилийг Сүхбаатар аймгийн Асгаг сумын нутаг дахь хилийн 414 дүгээр тэмдэгтээр нэвтэрч Бэрхийн уурхайгаас 14 км зайтай Суваргын хөндийд 02цаг 30 минутийн орчим сүйрсэн байна.
Маршал Линь Бяо, Маогийн эсрэг хуйвалдаан зохиож тэр нь бүтэлгүй болсон учир ЗХУ-д очихоор тийнхүү нисч явсныг Зөвлөлтийнхөн хүлээж авбал Зөвлөлт Хятадын харилцаанд муугаар нөлөөлөх байсан ч түүний нисч явсан онгоц Монголын нутагт сүйрч, өөрсдөө нэр цэвэр гарснаар барахгүй, бас Хятадын удирдагчдыг ч түвэгтэй байдал, хэл амнаас аварсан гэж өрнөдийн хэвлэлд бичдэг
Америкийн дэд Ерөнхийлөгч Х.Уоллес
Алс Дорнодын байдал, түүний дотор Монголын тухай тодорхой мэдээлэл олох зорилгоор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 оны 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ныг хүртэл ЗХУ-ын Алс Дорнод, Дундад Ази, Сибирь, Хятадын зүүн хойд мужууд, төгсгөлд нь Монголд ирсэн нь албан ёсны харилцаагүй хоёр улсын харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлжээ.
Дэд ерөнхийлөгч Х.Уоллесын хамт америкийн нэрт Дорно дахиныг судлаач, монгол судлалыг үндэслэгч Оуэн Латтимор зэрэг хүмүүс ирж байсан ихээхэн ач холбогдол бүхий үйл явдал юм. Монголыг НҮБ-д элсүүлэхийн төлөө 1940-өөд оны сүүлээр АНУ нэг удаа санал өгсөн байдаг
Тахийг таниулсан Пржевальский
Пржевальский Смоленскийн гимнази төгсөөд цэргийн алба хаажээ. 1870 оны намар Пржевальскийд Монгол орон, Төв Ази руу жуулчлах санаа төрж шинжилгээний анги зохион байгуулан аялах болж, Оросын газар зүйн нийгэмлэгийн дэмжлэг хүлээжээ.
Монголын хот нь эргэн тойрон шивээ хашаагаар хүрээлэгдсэн эсгий гэр, навтгар шавар байшин байв. Цааш явсаар Хятадын их цагаан хэрмийн гол цайз хаалганд хүрчээ. Пржевальский, түүний бараа бологсод Бээжингээс Хөх нуурын Монгол Ганьсу муж Цастын бурхны орон Лхаса руу хөдлөв.
Тэд Төвдийн нутгаас хойш эргэж урт зам туулсаар Хиагтад буцаж ирэв. 1879 оноос Төв Азид гуравдахь аяллаа эхлэв. Тэрбээр Ками Нань-Шань, Хөх нуурыг туулан явсаар Их хүрээг дайран Хиагтад ирэв. Хүний мөр хүрээгүй газраар олон зуун бээр зам туулахдаа их говийн элсэнд тахьтай дайралджээ.
Түүнийг олж судалгааныхаа нэг объект болгосноор Пржевальскийн тахь гэж нэршжээ. Пржевальский Төв Ази руу тав дахь аяллаа хийхээр бэлтгэж байтал бие нь доройтон илаарьшаагүй байсаар Карокол тосгонд өөд болжээ.
Тэрбээр хамтран зүтгэгч нартаа гэрээс болгож намайг Иссык-Куль нуурын эрэгт нутаглуулаарай гэж захижээ. Одоо тэнд Пржевальск хотхон бий. Пржевальский Монголоор аялж буцаж очоод Санкт-Петербургт хэвлүүлсэн номынхоо оршилд “Монголчуудыг ташуурын дор дарж байхгүй бол болохгүй улс” гэж бичсэнийг нь Н.Рерих эсэргүүцэн Монголчууд төрсөн нутагтаа хязгааргүй хайртай.
Тэд хээр талаар морь унаж давхилдан, өөрийн улсын түүхийн тухай өгүүлэх урт сайхан дуу дуулах юм. “Монголчууд бол агуу их нөөц баялагтай ирээдүй нь гэрэлтсэн орон” гэж бичиж байжээ.
“Эрэлхэг цэрэг Швейк”-ийн эцэг Ярослав Гашек
Дэлхийн утга зохиолын сод туурвилуудын нэг “Эрэлхэг цэрэг Швейк” романыг бичсэн, Чехийн алдарт зохиолч Ярослав Гашек өнгөрсөн зууны эхээр Монголын үнэн сонинг гаргахад идэвхийлэн оролцож байсан гэх баримт бий. Үндэсний үзэл, чөлөөт уран бүтээлийг эрхэмлэгч энэ зохиолч Орос орныг хөндлөн туулж явахдаа Эрхүү хотод хэвлэлийн хороогоор ажил эрхэлдэг байжээ. Монголын үнэн сонинтой чухам яаж холбогдсон нь өнөө хүртэл тодорхойгүй байна
Алдарт зураач Рерих
…1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, Николай Константинович Рерих эхнэр, хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ.
Төв Азийг судлах эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Төвдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийг өнгөрөөсөн байна Санкт Петербургийн уран зургийн академи, их сургуулийн хуулийн ангид суралцан төгссөн энэ хүн амьдралынхаа туршид долоон мянга гаруй зураг зуржээ бүтээлд нь дорнын сэдэв давамгайлдаг Монголын Дурслэх Урлагийн Музейн сан хөмрөгт Н.К.Рерихийн хэд хэдэн бүтээл бий.
Түүнийг Дорно дахинд Оросын нөлөөг хүчтэй болгох гэж зориуд Монгол, Төвд, Энэтхэг рүү илгээжээ. Н.К.Рерихийн гэр бүлийнхний 1927 онд амьдарч байсан байшин Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд бий.
Рерих 1947 онд Энэтхэгт нас барсан бөгөөд өтөл насандаа Орост амьдрах зөвшөөрлийг гуйсан боловч зөвшөөрөл олгоогүй юм. Гэхдээ улаан Оросын “Буддист гэдэг нэртэй тагнуулч, улс төртэй хутгалдсан нэгэн юм” гэж эдүгээ Оросын зарим эрдэмтэн үзэж байна.
Монгол судлаач Оуэн Латтимор
Анх 1929 онд Өвөр Монголын Жирмэн аймаг, Хөлөнбуйрт ирж байсан. Тэр цагаас Монголыг мэдэж, сонирхож эхэлсэн. Тэгээд 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй цуг Монгол улсад ирсэн. Латтимор нь олноо хүндлэгдсэн судлаач байсан ч ЗХУ болон түүнийг дагалдагч Монгол Улсад тал засагч хэмээн хэл аманд ороогдон шүүгдэж байсан.
Тухайлбал, Жозеф Карти 1950-иад оны үед Латтиморийг ЗХУ-ын номер 1 тагнуул хэмээн буруутгаж байжээ. Латтимор нь хэдийгээр олноо нэрд гарсан Хятад судлаач гэгдэж байсан ч Монголын түүх, Америк-Монголын харилцааны тухайд тодорхой байр суурийг эзэлдэг О.Латтимор ОУМСХ-ны анхны ерөнхийлөгч юм.
Монгол судлаач Владимирцов
1931 онд энэ хүн “Монголчуудын нийгмийн байгуулал” гэсэн ном бичсэн ба уг ном 1934 онд хэвлэгджээ. Судлаач энэ номд “Чингисийг төрөхөөс өмнө монголчууд хүй нэгдлийн нийгэмд амьдарч байв. ХI-ХIII зуунд феодализм Монголд эхэлж хөгжжээ. Харин ХIV-ХVII зуун бол Монгол дахь феодализмын хөгжлийн оргил үе нь болно.
ХVII-ХVIII зуунд Монголын феодализм уналтад орсон” гэж дүгнэжээ. Нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовыг 1929 онд Халимагууд Элст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ.
Түүний хариуд Владимирцов “Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гуйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй” гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Хар мөр татуулсан Фриновский
1937 оны 8 дугаар сарын 24-нд ЗХУ-ыи ДХАК-ын газрын орлогч сайд М.П.Фриновский, БХЯ-ны орлогч сайд Смириов нар Монголд ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж, хуйвалдаан гэгч гэмт хэрэгт оролцсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-иы сайд Х.Чойбалсанд танилцуулсан байна.
Мөн эсэргүү П.Гэндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг авчирсан байна. 1937 оны 9 дүгээр сарын 10-ны шөиө ЗХУ-ын ДХАК-ын газраас ирүүлсэн нэрсийн дагуу 69 хүнийг зэрэг баривчилсанаар Монгол орныг хамарсан их залхаан цээрлүүлэлт, их хэлмэгдүүлэлт эхэлжээ.
Дотоод хэргийн ардын комиссар Фриновский 1937 оны 8 дугаар сарын 7-нд дараахи зааврыг орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс, тасгуудад өгчээ.
Баривчлагдсан хүн бүхний талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, өөрийн нэр, тодорхой удирдамжийн өгөгдхүүн буй болгох, ял буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (мөн гэм буруутан буюу хэрэгтэн энэ бүхиийг ухамсарласан эсэх үгүй) гэх зэрэг энэ бүх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх удирдамж заавар өгсөнөөс харж болно.
Исламын хүү Оспан баатар
Казахын гурван Жүзийн дундад нь багтдаг, түүний дотор 12 Абах Керей овгийн Молхы угсаатны Исламын хүү Оспан баатар 1899 онд одоогийн Шинжааны нутаг болох Өвөр-Алтайн Хөх тохойн Хүрд гэдэг газар эхээс мэндэлжээ. 1758 онд энэ нутгийг Манж-Чин улс түрэмгийлэн эзэлжээ.
1904 онд Бээжинд шууд харъяалдаг аймаг болж, 1930-1940 онуудад Шин-ши-Сайгийн, 1940-1945 онуудад Гоминданы харъяа болжээ. Шинжааны Казахуудын өмнө тусгаар тогтнол, үндэс угсаа, шашин шүтлэгээ Манжийн дарлалаас болон хожмын “Улаан улсуудаас” хамгаалан үлдээхээр эргэж буцалтгүй тэмцсэн хүн бол Казахын үндэсний баатар Исламын Оспан гарцаагүй мөн билээ.
Оспан баатрын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн энэ үед И.В.Сталин Хятадын төв хэсэгт эхэлсэн хувьсгалт хүчнүүдийг нууцаар дэмжих зорилгоор Шинжаан дахь Дорнод Туркестаны хөдөлгөөнд түр зуур тусламж үзүүлэн Гоминданыг баруун талаас нь шахах бодлого барьж байлаа.
Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бас Монголчуудыг ашигласан бөгөөд Монгол улсаас Оспан баатарт зэр зэвсэг, хүн хүчний болон партизаны отряд байгуулах тусламж үзүүлэв.
Үр дүнд нь Дорнод Туркестаны Бүгд Найрамдах улсыг байгуулсан боловч, улаан хятадууд Шинжаанд ойртох тусам Дорнод Туркестаны тусгаар тогтнол хэврэг болох нь мэдрэгдсээр байлаа.
Оросын дараагийн бодлого Оспан баатарыг устгаж улаан хятадад туслах зорилго байсан ба үүнийг мэдсэн Оспан 1947-1950 онуудад Монголын баруун хилийг амар заяа үзүүлэхгүй байв. Сүүлд нь Оспан 1951 онд баригдан Шинжааны Өрөмч хотын гянданд хоригдож байгаад цаазлуулжээ.
П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих