Цонхны дуу
Монголчууд биднийг 1990 онд сэрээсэн С.Цогтсайханы алдарт “Хонхны дуу”-г андуурч бичсэнгүй ээ, энд. Хонхны бус, цонхны дууны тухай л хэдэн үг тэрлэдэг юм уу гэж бодогдоод.
Цонх ямар ч хэмжээтэй, ямар ч хэлбэртэй байж болно. Гэхдээ гол үүрэг нь ердөө ганц. Гаднаас гэрэл, агаар нэвтрүүлэх.. Дээр нь Цаад Орчлонг Нягтлан Харах (товчилбол ЦОНХ) боломж олгодог нь цонхны өөр нэг онцлог. Тасалгааг хүний дотоод ертөнц гэж хийсвэрлэе л дээ. Тэгвэл тэрхүү дотоод ертөнц хорвоо дэлхий, бусад хүмүүсээс тусгаарлагдан түнэр харанхуйд хоригдон оршвол яах вэ. Бачимдана, бухимдана. Тэгээд “Цонхны дуу” дуулж босно.
Дотоод ертөнцдөө гаднаас гэрэл, агаар оруулж, цаад орчлонг нягтлан харах цонх нээлгүй бив битүү явбал ямар ч мундаг хүн хэн ч биш болно. Тэгэхээр дотоод ертөнцөө боомилолгүй цонх гаргаж, тэрнийгээ тэгээд үргэлж нээлттэй байхад л хүний амьдралын утга учир оршиж байж болох ч юм шиг. Зэ мэдэхгүй юм даа…
Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: