Есөн сарын цас
-Ээж ээ та хурим хийхийг тэгтлээ их хүсч байсан юм уу? Тэнгэр баганадам том болсон хүүгийнх нь асуулт. Хүнд хэцүү амьдралыг туулж хүүгээ өсгөсөн ээж нь хуримын даашинзтай бэрийнхээ зургийг хараад санаа алдан бяцхан гуниглахыг нь мэдэрч Америкаас ирсэн хүү нь ээжийнхээ хуримыг нүсэр хийж ээжийгээ баярлуулна… Нэгэн Солонгос киноны сэтгэл хөдлөм оргил хэсгийн нэг хэсэг ийм…
Сэтгэлийн тань эн рүү өнгийж байдаг “ Таван хэмжээст ертөнц” булангийнхаа энэ дугаараар уншигч тантай хуримын даллагатай намрын өдрүүдэд тохиосон нэгэн хосын хуримнаа төрсөн бодлын хэсгээс хуваалцъя.
БҮСГҮЙ….
Нэг л мэдэхэд тоонот гэрт толгой холбож, айл тэр бололцож, нэгэн хэвийн амьдралд өөд уруугүй тэмцсээр нэг л мэдэхэд ачаа үзэж эмээ болдог Монгол бүсгүйн нийтлэг заяа бас ч үгүй халагдаж, хуримын зар элбэгшсэн цаг үе. Монголчуудын билэгшээдэг намрын дунд сард хосууд баяр хөөр дүүрэн. Шарлаж амжаагүй моддын дээр цас нэвсийтэл дарсан содон энэ өдөр ойн чөлөөнд аяны дугараа эгшиглэлээ. Байгаль дэлхий намар байтлаа өвөл мэт өнгөө өөрчилж, анхны цасан ширхэг моддыг чимсэн өглөө санаандгүй салхинд гарч байгаад нэгэн хуримтай таарсан юм.
Хурим гэхээр их хотын аль нэг рестораны хүлээн авалт, хүүхдээрээ шахам хос залуус санаанд ордог болсон болохоор ойн чөлөөний дүнзэн байшинд болсон энэ хурим сэтгүүлч намайг эрхгүй үзэг цаас нийлүүлэхэд хүргэв. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олны төлөөлөгчид энэ хүндэт өргөөний найрын зочид байх юм. Эрүүлмэндийн манаанд хүмүүний амийн төлөө “Эмч би Эмчийн ёс зүйд өрийн хуулийг чандлан сахиж Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулах аа Тангараглая Тангараглая Тангараглая” хэмээн бахдам үйлсийн тангараг гурвантаа өргөсөн нинжин сэтгэлийн баатрууд эмч нар цугласан найр аж.
Арга ч үгүй юм. Сүйт бүсгүй нь мөн л энэ тангаргыг тэртээд өргөсөн эмч хүн байлаа. Хэзээнээсээ нааш охид бүсгүйчүүлээ өмөөрч огшиж ирсэн сэтгэл минь юм хойно сүйт бүсгүйг хараад магнай тэнийж, хоолой зангирч суув. Сүйт бүсгүй маань цагаан даашинз намируулсан бяцхан охин байгаагүй ч, тэр эмч эгчийн царай хичнээн гэрэлтэй хичнээн жаргалтай байсныг л олж харсандаа би бахархаж суув. Хоолой зангирсны учир
Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлгэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи… хэмээх дуунд нулимс нь цийлэгнэж суусаар
өтөлдөг бүсгүй элбэг байдаг хүний энэ хорвоод жаргалтай харцандаа гэрэлтэж, ханьтайгаа өнгө хоршин өмссөн сайхан монгол дээлэндээ жавхаажиж, сэтгэл нэгт хамт олныхоо инээд хөөрөөд цовоожиж суугаа энэ бүсгүйн өмнөөс баярлаж байгаа минь тэр ээ.
ЭР ХҮН…
“Чамайгаа би сэтгэлээрээ гоёно оо” хэмээх хэний ч юм тун чиг мэдрэмжтэй үгсээр ер нимгэн хүүхнүүдийг минь бяцхан хуурчихаад халуун тогооныхоо хоёрхон утасны учрыг нь олоод холбочихож чаддаггүй, сэтгэл гаргаж жигнэсэн буузыг нь түүхийрүүлж суудаг ядмагхан эрчүүд олон байдаг хүний нийгэмд гэргийнхээ харцыг хуримынхаа бялуу шиг чимсэн сүйт залуугаар ч бас омогшиж сууна. Тэгэлгүй дээ. “Ядравч харийн шашин бүү дага. Янаглавч харийн бүсгүй бүү тэвэр” хэмээн аархдаг монгол эр хүн байна даа энэ чинь.
Охин хонгор насаа дэрэн дээр нь гээчихээд нэг насаараа өөрийг нь л халамжилж ирсэн гэргий
нь байтал хээнцэр төрхөөс мөнгөө харамладаггүй хэтэвчээ дүүргэх гэж бүсээ тайлдаг бүсгүйн гоод автан, энгэсэгээ арилгаж, уруулаа арчсан ч хайраа баллаж голомтоо орхиогүй эхнэрээ голж, хатуу үгээр дайрдаг эрчүүд Монголоор нэг байхад даруухан инээмсэглэлээр л илүүтэй хуримын ширээгээ чимсэн эрхэм тэр залуугаар бахархахгүй яаж гарах билээ.
Амьдралын олон нугачаанд бүдрээ ч бил үү, яагаа бил ээ? Бүсгүйн сайхан төрхөө гээгээ ч үү, үгүй ч үү? Сэтгэлд дассан бүсгүйгээ ёслож авах хоншоортой эр олон бил үү, ингэхэд. Хүүхдээрээ танхилхан охидод ч, бүүвэйн дуунд хэдийн намбажсан бүсгүйд ч, ачаа үзсэн эмээд ч тэр, юу юунаас илүүтэй хуримын даашинз зохьдогийн учир нь бүсгүйн нууцхан торгон хүсэл биелдэгт нь байдаг ажээ.
Дэлхийн олон орны сайхан бүсгүйг хамарсан судалгаанд “Биелээгүй мөрөөдлөөсөө хуваалцана уу” хэмээсэн судлаачийн асуултанд “хуримын даашинз өмсөх” хэмээн 60 гаруй хувь нь хариулсан хачирхалтай гэмээр өр өвдөм тоо аархуу монгол эрчүүдийн минь дотор “ухаанаа хувааж ханилсан чамайгаа хуримын даашинзаар гоёж чадлуу?” гэсэн шинэ дуу аялуулахыг яаж мэдлээ.
Ямартай ч элэг бүтэн Монгол айлыг нэгээр нэмж, эмчийн эрхэм тангарагтанаа нэг сэтгэлээр дайлсан хуримын эздийг харин Г. Алтангэрэл, Т.Оюунчимэг гэдэг юм байна. Дэврүү дэмий зохиож бичээгүйн учир эрхэм хосынхоо нэрийг харин дурдъя.
Ногооноороо шахам цасанд дарагдсан моддын цас юу удаа аж. Мөдхөн одоо хайлаа биз. Ойн чөлөөнд эхлүүлсэн жаргал дүүрэн амьдралаа л харин “мөнхийн мөнхөд оршоож яваарай, нэрийг нь л дөнгөж асууж амжсан миний үл таних хосууд минь.
Ч.Өлзийням
URL: