“Багшийн хөгжлийн ордон энэ өвөл хүйтэн хэвээрээ байна”

“Багшийн хөгжлийн ордон энэ өвөл хүйтэн хэвээрээ байна”

“Багшийн хөгжлийн ордон” хэмээх гоёмсог шилэн барилга ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрч байна.

6.2 тэрбум төгрөгөөр баригдсан уг байр тун удалгүй мөнгө шамшигдуулсан, тендергүй бариулсан гэх зэргээр хэл ам дагуулж эхэлсэн.

Энэ барилга Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэдэлд байдаг. Гэвч өвөл хүйтэн, зун бүгчим, агааржуулалтгүй, гаражид ус нэвчдэг, цахилгааны монтаж нь алдаатай, хариуцсан компани нь засвар хийдэггүй гэх гомдол тасардаггүй.

Тус барилгын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга З.Баасанжавтай ярилцлаа.

-Багшийн хөгжлийн ордон хэзээ ашиглалтад орсон бэ. Ямар компани барьж гүйцэтгэсэн бэ?

-Гүйцэтгэгч компани нь “Санбо генсел” гэдэг компани байдаг. Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны дарга Цэрэн тэргүүтэй, хяналтын инженер Батсүх болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын акт 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарч хүлээж авсан. Бид ашиглагч байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Ашиглалтын явцад доголдол гарах бүрт бид Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн алба, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүст бичгээр болон биечлэн уулзаж байсан.

Гүйцэтгэгч компанитай доголдлыг нь арилгуулах талаар олон удаа уулзаж ажлын хэсэг гаргаж хүйтэн байгаа болон цахилгаан, сантехникийн асуудал, зоорийн давхар руу ус нэвчиж ороод байгааг тус бүрт нь ярилцаж, үүнийг арилгах талаар өнөөдрийг хүртэл нэлээдгүй явж ирсэн л дээ. Шийдэгдэхгүй байгаа асуудал нь шинэ барилга учраас хуулийн дагуу тухайн гүйцэтгэгч компани нь гурван жилийн хугацаанд засвар хийхээс улсаас ганц ч төгрөг олгох эрхгүй юм билээ. Энэ хугацааны явцад гүйцэтгэгч компани нь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ гэж ам өчиг өгсөн боловч бараг юу ч хийгээгүй.

-Засвар хийгээгүйгээс яг ямар ямар байдал үүсдэг вэ?
-Нэгээс гурван давхарын дулаан алдалт ихтэй. Өвөл маш хүйтэн байдаг. Шилэн цонхнууд нь дулаан алддаг. Нугасаараа салхи сийгдэг. Гүйцэтгэгч компанид нь хэлэхээр силикон барьж ирэхээс өөр хийж байгаа юм байхгүй. Тэр нь дулаалга биш шүү дээ. Манай Соёлын заал пилтажтайгаа нийлээд хоёр, гуравдугаар давхарт байдаг. Энэ зааланд өвөл үйл ажиллагаа явуулах бололцоогүй.

Гэтэл хурал зөвлөгөөн хийх шаардлага байгаад байдаг. Аргагүйн эрхэнд өвөл 09.00 цагаас хуралтай гэвэл 06.00 цагаас эхлээд л тенн залгадаг. Халуун теннээр үлээлгэсэн хэр нь л жавар нь бүрэн арилахгүй хүмүүс гадуур хувцастайгаа суудаг. Энэ байдлыг гүйцэтгэгч компани ч мэддэг. Барилга захиалагчийн албаны инженерүүд, мэргэжлийн хяналтын газрынхан ч мэдэж байгаа. Ойр орчмын барилгуудаас инженерийн дулааны, цэвэр усны шугам хагарахаар л манай доод давхар руу ус нэвчээд ороод ирдэг.

Ямар нэгэн ус зайлуулах хамгаалалт хийгээгүй. Үүнийг хийлгэх талаар тухай тухайн үед нь л ярьж байсан. Мэргэжлийн хүмүүс агааржуулалтын системийг нь хараад өвөл халуун, зундаа сэрүүн агаар үлээж байх ёстой. Гэтэл хоолойгоо хүртэл буруу холбосон байна гэсэн асуудал ярьж байсан.

-Гүйцэтгэгч компани засвар хийхгүй. Улсаас засвар үйлчилгээнд мөнгө гаргахгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарсан эвдрэлийг хэрхэн засч ирсэн бэ?

-Багахан эвдрэлийг бид өөрсдөө хийдэг. Сантехник, цахилгааны буруу зөрүү холбосон монтажнуудыг өөрсдөө зассан. Гарын доорх хаалганы түгжээ, цоож байнга эвдэрнэ. Тэр бүгдийг засдаг. Гэхдээ хамгийн гол хийх ёстой том зөрчлүүдээ хийж чадахгүй байна. “Санбо генсел” компанийнхан өвөл ирэхдээ “Соёлын заал хүйтэн байгаа юм байна. Зуны сайхан цаг ирэхээр хийж өгье” гэсэн.

Гэвч бид зуны гурван cap ээлжийн амралтаа ч авалгүй энэ ажлаа хийлгэхийн төлөө араас нь нэхэл дагал болоод шаардаад Барилга захиалагчийн албаныхантай ч хамтарч нэг биш удаа хамтарч суугаад ярьж байсан боловч засвар хийсэнгүй.

-Засвар хийхгүй байгаа шалтгааныг нь та юу гэж харж байна?
-Санхүүжилт байхгүй болохоор тэр компани өөрсдөө хийх ёстой. Гэтэл санхүүгийн чадвар байхгүй. Тийм болохоор л тойрч зугтаад хийхгүй байна.

-Өнгөрсөн өвөл Багшийн хөгжлийн ордон маш хүйтэн байсан. Энэ өвөл яах вэ?
-Энэ хэвээр л үргэлжилнэ.

-Одоо танай зүгээс ямар арга хэмжээ авахаар зэхэж байна?
-Бид засвар хийлгэхээр зунжин, намаржин явлаа. Эцсийн эцэст бидний үгийг үнэмшдэггүй юм бол мэргэжлийн байгууллагын хөндлөнгийн дүгнэлт гаргуулна. Аравдугаар cap гараад дүгнэлт нь бэлэн болно. Мэргэжлийн дүгнэлт хийх байгууллага нь аравдугаар cap гараад байгууллагуудад дулаан ирэхээр тусгай багажаар хаагуураа дулаан алдаж байгааг тодорхойлж иж бүрэн гаргана.

Мэргэжлийн экспертийн хөндлөнгийн дүгнэлт тавина. Энэ байрыг чанаргүй гэдэг нь гарч байж бидэнд засварын мөнгө олдох юм байна л даа. Тэгэхгүй бол бидэнд засварын мөнгө олдохгүй гэж би ойлгосон. Тэгж байж 2014 онд төсөв суулгаж засч байж Багшийн хөгжлийн ордон хэвийн ажиллана гэдгийг мэргэжлийн байгууллага баталж чадвал энэ дүгнэлтээ барьж явбал улсын төсөвт зардлын мөнгө суулгана.

Нэг бол гүйцэтгэгч компаниар нь зардлыг нь гаргуулах ёстой гэж бодож байна. Хуулиараа бол гурван жилийн хугацаанд ямар нэгэн зөрчил доголдол гарвал энэ компани хийх ёстой. Хийхгүй байна гэдэг чинь энэ компани хууль зөрчиж байна. Мөнгөгүй байна гэсэн үг.

-Мэргэжлийн хяналтын газарт хандахад ямар арга хэмжээ авдаг вэ?
-Мэргэжлийн хяналтын газар шалгаад үүнийг -арилгуул гэсэн шаардлага Барилга захиалагчийн алба эсвэл бидэнд хүргүүлдгээс илүү арга хэмжээ авдаггүй.

-Багшийн хөгжлийн ордонд хичнээн байгууллага байдаг вэ. Хуучнаараа үйл ажиллагаагаа явуулбал хэвийн байж үйл ажиллагаагаа явуулж чадах уу?
-Нэгээс гурван давхар бүгд хүйтэн байдаг. Дээшээгээ арай гайгүй. Эдгээр байгууллагад 400 орчим хүн бий. Сургалт, зөвлөгөөн гээд үйлчлүүлж байгаа 1000 гаруй хүн орж гардаг. Тиймээс засвар хийх шаардлагатай. Энэ өвөл хуучин байдал дахиад л давтагдана. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахаар холбогдох яамныхаа сайдад дүгнэлтийн хамт хүргүүлнэ.

Ж.Баярсайхан


URL:

Сэтгэгдэл бичих