Сурагчдадаа 500 төгрөгөөр төмс худалдаж байгаа гэв
Нийслэлийн 96 дугаар сургууль сурагчдадаа шуудай төмс 20 мянган төгрөгөөр худалдсан гэх мэдээллийн дагуу тус сургуулийг зорилоо.
Биднийг очиход сургуулийн сурагчид биеийн тамирын талбай руугаа явцгааж байлаа. Төмс худалдсан талаар асуухад хариулах хүүхэд тун цөөн байлаа. Бүгд л мэдэхгүй гэцгээж зарим нь сургуулийн жижүүр мэдэж байгаа гэхчлэн хариулж байв. Тэдний дундаас нэг нь “Манай сургууль өөрсдөө төмс тарьсан. Түүнийгээ сурагчдадаа 20 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Манай ангийн хүүхдүүд дундаа нэг шуудай төмс худалдан авч байгаа” гэв.
Ингээд бид тус сургуулийн үүдээр ороход Д.Цэцгээ гэх жижүүр биднийг угтсан. Түүнээс төмс худалдаж байна уу гэж асуухад “Хэн багшийн анги вэ” гэлээ. Бид төмс худалдсан тухай мэдээллийн дагуу явж байна гэхэд түүний ааш зан тэр дороо хувирав.
Тэрээр “Манайд төмс байхгүй. Тэгээд ч энэ талаар аль эрт хэвлэл мэдээллээр яриад өнгөрсөн. Манай сургуулийн багш ажилчид хэрэглээнийхээ төмсийг энэ жил тарьсан. Түүнээс сурагчдад шахсан юм байхгүй” гэж байв.
Сургуулийн удирдлагууд эзгүй гэв
Мөн тэрээр “Төмс худалдсан тухай мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Манай удирдлагуудаас асуу” хэмээсэн. Бид удирдлагуудтай нь уулзаж тодруулъя гэхэд “Сургуулийн удирдлагууд байхгүй байна. Сургалтын менежер эмнэлэгт хэвтсэн. Харин нөгөө менежер маань семинарт явсан. Нийгмийн ажилтан гадуур ажилтай байгаа, сургуулийн захирал ирэх арай болоогүй байна” гээд халгаасангүй.
Энэ үеэр тус сургуулийн нэгэн багш шуудай сурагласаар ирлээ. Тэрээр “Жижүүр ээ, ганц, хоёр шуудай байвал өгөөч хүүхдүүдэд төмс өгч явуулах гэсэн юм. Сая би нэг шуудай төмс худалдчихлаа” гэж байв. Ийн ярианаас нь харахад тус сургууль нь сурагчдадаа төмс зарж байгаа нь үнэн болов.
Ардын багш ёс суртахуунтай баймаар
Жижүүртэй ийнхүү ярилцаж зогсох зуур тус сургуулийн Биеийн тамирын багш н.Ганболд гэх “Та нарт ямар хамаатай юм’’ хэмээн дуугаа өндөрсгөн хүрч ирлээ. Тэрээр “Бидний төмс худалдах энэ тэр та нарт хамаа байхгүй. Ингэхэд та нар хэн юм” гэхчлэн зандарч эхэлсэн юм. Мөн “Та нар ямар багштай таарснаа сүүлд нь мэдэх болно” хэмээн нэмж хэлж амжив.
Тус сургуулийн захирал С.Нэргүйдаваагийн утас уруу холбогдон учир байдлаа хэлэхэд “Бид өөрсдийн сурагчдадаа юугаа зарна уу, та нарт хамаа байхгүй. Тэгээд ч бид шуудайг нь 20 мянган төгрөгөөр зараагүй. Нэг кг-ийг 500 төгрөгөөр худалдаж байгаа” гэлээ. Хэдий энэ асуудал бусдад хамаагүй мэт боловч эрдмийн өргөөг бизнесийн байгууллага мэтээр төсөөлж болмооргүйсэн
Г.Мягмарсүх /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: