Хил дээр хураагдсан ховор нандин судруудыг Үндэсний төв номын санд хадгална
Соёлын үнэт зэрэглэлийн Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам зэрэг алт эрдэнээр бичигдсэн 10 судар, ердийн дурсгал болох Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг 118 нэрийн судар номыг ССАЖЯ-наас Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө.
Хил гааль дээр хураагдсан энэхүү ховор нандин ном судруудыг ийнхүү Үндэсний төв номын санд хадгалахаар болов. Соёлын үнэт зүйлс болох гурван чемодан ном судрыг өнгөрсөн оны зургадугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан Г.Хишигжаргал гэгч нь БНХАУ руу гаргахыг завджээ.
Уг үйлдлийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлэн, ном судруудыг нь хураасан байна. Харин Г.Хишигжаргалд энэ хэргийнх нь төлөө шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Жил дамнан үргэлжилсэн хэрэг шийдэгдсэнээр энэ сарын 16-нд ССАЖЯ дээрх судруудыг хүлээн авах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулжээ.
Тус яамнаас соёлын үнэт зүйлсийг хүлээн авах ажлын хэсэг томилогдон Үндэсний номын санд ийнхүү хүлээлгэн өглөө.
Б.Заяа /Монцамэ/
URL: