Дэрэн бор хэмээх нэрээр ард олондоо алдаршсан Самданжигмэд Арслангийн амттай аргатай барилдааны он жилүүдийн хууч
“Дэрэнбор” хэмээх алдарт арслан С.Самданжигмэд гуайтай яруу найрагч, зохиопч Дамбын Төрбат ийн хөөрөлджээ.
С.С:-Шадавтүндэв тулгат гэж сайхан лам байлаа. Гавьж цолтой, эрдэм боловсролтой хүн явлаа. Манай эмээгийн дүү л дээ. Нутгийн хууччуул бол андахгүй ээ. Би чинь бага балчиртаа энэ ахын дэргэд лам болох санаатай шавилж суулаа шүү дээ.
Ном ч базаалтай сураагүй. Харин банди нартай гудамжинд ноцолдож, ойр зуурын мэхтэй болоод авсан. Айхтар хүн үүнийг гярхай ажиглаж “…Чи ноцолдох дуртай болжээ дээ” хэмээн төдий л дургүй ч үгүй бололтой өгүүлсэн нь зориг нэмэв. Төдхөнөө дом тавьж, хар болсон доо.
Д.Т: -Та анх хаана зодоглосон юм бэ?
С.С:-Онгийн овооны наадамд 17-той зодоглосон доо. Гантай жил байсан юм. Самдан гэлхай сан тавиад л, хур уриад л байсан. Олон бөхчүүд барилдсан санагдаж байна. Би ер санаандгүй зодоглосон чинь түрүүлчихлээ. Санаа дагаад ч тэрүү, орой нь бороо орж, ган тайлж билээ… Сонин юм шүү.
Д.Т: -Овооны наадмын бөхчүүдээс тантай хэн үлдсэн бэ?
-С.С: -Үзүүрт Жаргалын Дорж гэж улсын заан цолтой хүн үлдсэн юм даг. Айх ч шиг, гайхах ч шиг болсон / Орги ч гэдэг, Дорж ч гэдэг юм. “Жаргалын цоохор” гэлцдэг байсан./. Сайн бөх л дөө. Улсад тав, зургаа давчихдаг л байсан байх… би Бандид ламын хийдэд шавилан суухдаа, нэг муу “Гүйх чамаан” болдог байсан юм. Тэгээд л харвачихсан хэрэг…
Д.Т: -Бага ч бай наадамд түрүүлжээ. Бай, шан аль зэрэг байсан юм бэ дээ?
-С.С: -/инээн/ Байнд нь шар халзан хонь өгч байсан. Тэр дор нь хүнд долоон янчаанаар өгчихсөн юм даг. Би өртөө шахуу холоос ирсэн болохоор яаж үүрч, дүүрч буцахав дээ л гэж бодсон.
Д.Т: -Анх зодоглоод түрүүлчихлээ. Урам зориг орсон хэрэг. Тэгээд…?
С.С: -Аа, чухам юухэв. Бяр амтагдаж, мэх бодогдоод ирдэг юм билээ. Арга байж уу даа, хүү минь. Арван долоон нас юм чинь. Ийн миний аз болоход аймгийн төв Түйн голоос нүүж ирээд Өвөрхангай аймаг байгуулагдаж наадам хийдэг юм байна. Барилдаж, ноцолдохын хорхойтой амьтан тавьж хүрлээ. Зодоглодог юм байна аа.
Банди арслан. Галсандовжоогийн Цоодол, Жаргалын цоохор, бид дөрөв шөвгөрч үлдэв. Банди арслан Цоодолыг аваад Жаргалын цоохор бид хоёр тунадаг юм байна. Орги /Дорж/ овооны наадамд унасан даагаа нэхэж, сайн ч барилдсан. Өнгөтэй ч байсан даа. Тэр наадамд түрүүлсэн юм даг. Бяртай хүн байсан юм хөөрхий.
Д.Т:-Овоонд түрүүлчихлээ, аймагт шөвгөрчихлөө, одоо улсад зодоглоно гэж бодсон биз?
С.С: -Бодолгүй яахав. Өдрийн бодол, шөнийн зүүд байлаа шүү. Гэтэл ч наадам тулаад ирлээ дээ. Ардын хувьсгалын 15 жилийн ой боно гээд дээр, доргүй бужигнаж гардаг юм аа. “Би аймгийн заан юм чинь наадамд явуулж л таарна” хэмээн чимээ чагнаж суутал” таг чиг.
Гэтэл Банди арслан, Бээлийн Мээтэн Аюур, Галсанвандангийн Цоодол, Жаргалын Цоохор эд нар “улсын зардал”аар явчихаж гэж сонсогдов. 25 бөх явсан юм шүу дээ. Миний нэр байдаггүй.
“Ингээд л би байдаггүй юм” гэдэг шиг л болсон. Жаахан гомдох ч шиг, баахан бяр амтагдах ч шиг, аархах ч шиг болоод гэрээсээ оргож, замын машинд суугаад хот руу гарч өглөө.
Д.Т: -За, тэгээд хотод хүрээд ирж…?
С.С: -Буянт Ухаагийн дэнж тоосорч байна даа. Хотод ирсэн чинь бие баригдаад, хөлс урсаад нэг л биш. Улсын цолтой томчуулын дэргэд зодгоо өвөртөө хийж, дэвжээ баахан тойров. Сайхан наадам үзээд харьдаг ч юм билүү гэж бодож явсан шүү. Халширч буй хэрэг л дээ. Гэтэл над шиг биетэй хоёр жижигхэн бөх сайхан давлаа.
Нэг нь Архангайн “хэрээ” Дэмбээ, нөгөө нь Хөвсгөлийн “хужаа” Чүлтэмсүрэн хоёр байсан юм. Өөрийгөө чамлаж явсан би зориг орлоо. Нэрээ бичүүлчихээд л чагнаад байлаа. Гэтэл нэгийн давааны шувтарга хэрд дуудаж байна шүү. Өмнөговийн онгорхой Гэндэнпил гэдэг ламтай таардаг юм байна. Том ч гэж жигтэйхэн, бяр ч гэж лут даа…
Д.Т: -Хатуу учраа таарч дээ?
С.С: -Сайн бөх. Гэтэл манай Арвайхээрийн Банди арслан “нохой” Гомбод “…Чи энийг засаад гар. Нэг давуулаадах” гэлээ. Би гайхаж л зогсов. Гэтэл “нохой” Гомбо гуай малгай авахдаа “Битгий дэвж шаваад, годгоноод байгаарай хө.
Хоёр ханцуйгаа шамлаад л тойрч гүйгээд бай” гэдэг юм байна. Гэндэнпил гэж уул шиг эр юм аа. Би ч Гомбо гуайн хэлснээр ханцуй шамлаад л тойрч гүйгээд байлаа. Гэндэнпил гуай намайг даган тойрч тойрч, толгой нь эргэв бололтой, хөдөлгөөн нь удаашираад ирэхэд нь л гүйчихсэн…
Д.Т: -Та тэр наадамд хэд давсан бэ дээ. Начин болж чадсан уу?
С.С: -Ишш… хуү минь. Начин гэдэг чинь амар юм биш. Хатуу боорцог. Хоёр, гурвын давааг сайн мэдэхгүй юм.. Дөрвийн даваанд “овгор” Лувсандорж заан намайг авчихаж. Буур Жамъян аваргаас зузаан том, лагс хүн шүү дээ. Тэр халхын бөхчүүл дунд байгаа нь, олон цагаан тэмээн дунд том хар буур орчихсан юм шиг л бараатай эр юм.
Хүүхэд багачуул, хөгшин залуугүй л дагаж хуйлардаг байсан даа. Айх шиг л боллоо. Банди арслан дээр гүйн хүрч “Өнөө том заан чинь намайг авчихаж” гэлээ. Гэтэл Банди арслан “Чи том хүнтэй барилдахгүй гэж ирсэн юм уу? Айгаад байвал буц. Унаа олж өгье” гэлээ.
Чингэхэд нь баахан гомдож гарахын үед “Тэр чинь Шадавтүндэвийн хаалганаас том байх шүү” гэж араас хэлсэн юм. Тэр үедээ ч ухаарсангүй л дээ. Хожим бодвол “гүй” гэсэн далд үг байж л дээ.
Д.Т: -Засуул чинь юу гэж байх юм бэ?
С.С: -Миний засуул “За, цаадах чинь чамайг элээ шиг шүүрээд авна. Урьтаж л гүйдэг юм шүү” гэсэн. Би ч гүйсэн дээ. Гэтэл алга ташиж, хашгиралдаж үзэгчид сүйд болов. “Наадах чинь хэн гэдэг хүн бэ” гэлцэнхэд манай засуул “Арвайхээрийн арван наймт гэдэг юм” гэж билээ. Улсын цолноос өмнө авсан цол минь юм даа /инээв/. Дараа нь “нисэхийн” Сүрэнжав заанд гүйх гэж байгаад “гүйлгэж” унасан даа.
Д.Т: -Та хэзээ улсын цол авсан бэ?
С.С: -Олон удаа дөрөв давсан даа. Тавын даваанд л зургаан жил “бүдэрсэн”. Дандаа л тунасан. Архангайн “жонго” Даваасүрэнтэй гурав тунаж, гурав унасан юм. Тэгэхэд би цэрэгт байлаа л даа. Гэтэл Лхагвасүрэн жанжин “Дэрэнбор чи, Даваасүрэнг тушаад өгсөн ч дийлэхгүй нь…” гээд Г.Цоодол заанд Даваасүрэнг “амла” гэж тушаасан юм.
Самбуу арсланд “Чи Дэрэнборыг авч, начин болго” гэж бас тушаасан. Би цэрэгтээ хайртай жанжиндаа баярласан хэдий ч “тушаалын начин” хэмээн шоолуузай гэж бодсон нь бий.
Гэвч дотроо горьдолгүй яахав. Гэтэл Самбуу намайг амлаж аваад хаячихдаг юм байна. “Үгүй чи чинь яав аа. Чамтай барилдсан бол ч өгөө аваатай байх шүү.” Гэтэл Самбуу “… Жанжны тушаалаар болдоггүй юм аа. Чадал хүчээрээ болдог юм” гээд дэвээд явчихдаг байгаа. Үнэн үг л дээ.
Д.Т: -Дараа жил нь даагаа нэхнэ дээ?
С.С: -24 жилийн ойгоор юм даа. Өвөрхангайн Жанцандорж начинтай тунаж, /ер нь одоо энэ жижиг Сүхбат шиг байнга тунадаг байж дээ. Одоо түүнийг л би их тоож хардаг хүн. Нэг гэм нь халаа, суйлаа байхгүй юм. Тонгороо сурмаар санагдаад байгаа юм/ начин цол авч байлаа даа.
Д.Т: -Начин цолоо угаасан уу?
С.С: -Угаах ч юу байхав дээ. Ер нь төр засаг угаадаг байсан юм. Наадам дууссаны дараа шигшээ барилдаан хийнэ. Тэгээд “Отгон найр” гэж хийдэг байсан юм. Яг тэр найран дээр цол чимэг, бай шагналаа ёс төртэй гардуулдаг байсан л даа. Маршалаас хойш энэ заншлыг мартаа шив дээ.
Сур харвана. Шагай харвана. Сайхан л байж дээ. Бөхчүүдийн хоорондын нөхөрсөг сайхан харилцаанд ч тус дэмтэй байлаа. Одоо бол Даваасамбуу гүйж очоод л цол чимгийг өгчихдөг болж…
Д.Т: -Бөхийн урлаг гэж байна аа даа?
С.С: -Байхаар барах уу? Бөхийн урлаг гараа дэвээндээ байдаг юм гэж би боддог. Дээр үед намайг анх хот орж ирэхэд их гоё байж. Цолоо дуудуулсан том том бөхчүүл шаваа хийх нь даллаад ч байгаа юм шиг, буцлаад ч байгаа юм шиг сүртэй харагддаг байж билээ.
Би саяхан нийгэмлэг дээр очиж одооны бөхчүүлд шаваа заасан л даа. Зурагтаар харж суувал зарим нь оромдож л байна лээ.
Д.Т: -Дээр үеийн бөхчүүдийн гараа сайхан биз?
С.С: -Яриа юу байхав. Банди арслан, “мээтэн” Аюур гээд л томчуул байж дээ. Цол дагаж бяр нэмдэг гэж үнэн шүү. Харин хойтон жилийн наадмаар нь одтой сайхан барилдсан даа. Тэр жил эхний даваанд улсын цолтой хөгшчүүл өвөдөг шороодож, баахан залуучууд /Түвдэндоржийн үе юм даа/ түрж гарч ирсэн юм.
Тэгэхэд шинэхэн начин би л гэхэд тавын даваа хүртэл амлаж байлаа шүү дээ. Зургаагийн даваанаас хойш харин тунасан юм. Тэр жил 1024 бөх барилдаж, шөвгийн наймд үлддэг юм байна.
“Хужаа” Чүлтэмсүрэн намайг амлалаа. Барьцгүй харваж давсан даа. Их шөвгийн даваанд Түвдэндорж аваргын ид аманд очсон. Чингэж арслан цол хүртсэн юм.
Д.Т: -Арслангийн “ар талын алба”-ыг даадаг хүнтэй танилцуулна уу?
С.С: -Дулам гэж хөгшин бий. 30-40-өөд жил тоонот гэрт толгой холбож сууна. Гурван хүүтэй хүн юм даа, би. Манай хөгшин ч үйлдвэр комбинатад насаараа оёдолчин хийсэн хүн.
Д.Т: -Та улсын наадамд 12 удаа шөвгөрч, 4 удаа дөрөвт үлдэж, хоёр удаа арслангийн болзол хангасан хүн. Гадаадад явж барилдсан анхны бөх гэсэн. Тэр түүхээ сонирхуулна байгаа?
С.С: -Монгол бөх анх хил алхсан нь бараг тэр дэг ээ. Юуны ч билээ 10 жилийн ойгоор нь Өвөрмонголд Бадамсэрээжид бид хоёр очив оо. Тэгэхэд би 41-тэй байж дээ. Аймгийн алдар цолтой 20 бөхтэй шатарчилж барилдсан юм. Улаанхүү гэдэг хүн намайг дөрвөн хөллүүлсэн.
Тэднийх гараараа газар тулав хэмээн. унасанд тооцдог юм билээ. Чингэж би гуравт орж, Бадамсэрээжид түрүүлсэн дээ. Ингээд цаашаа явж Хөх хотноо улсын алдар цолтой 8 бөхтэй шатарчилж барилдсан юм. Би тэнд түрүүлж, Адъяа Бадамсэрээжид хоёр удаалсан… Тэгэхэд Өвөрмонгол “хүчтэн” гэж цол олгосон явдал бий.
Д.Т: -Таныг нэлээд харьсан хойноо улсын наадамд үзүүрт үлдсэн гэж дуулсан юм?
С.С:-1956 онд 41-тэй байхдаа дархан аварга Дамдинтай үлдэж үзүүр түрүү булаацалдсан юм. Дамдин тэгэхэд 23-24-тэй л байсан байх. Нэлээд удаан ноцолдсон шүү.
Д.Т: -Залуу бөхчүүдэд өвгөн арслан юу захидаг вэ?
С.С: -Бие биедээ бууж өгөх аз хийморьт их муу шүү гэж хэлдэг дээ. Хуучны бөхчүүл ярих нь “Бууж өгсөн бөхийн эр удамд байтугай нутаг оронд нь бөх төрдөггүй” гэлцдэг юм. Үнэн биз!
Д.Т: - ярилцлага өгсөн танд баярлалаа.
С.С: -Зүгээр хүү минь, зүгээр…
“Домогт бөхчүүдийн омогт барилдаан” номоос
Эх сурвалж: “Бөх” сонин
URL: