Ш.Батхүүг хорьсон юм чинь С.Баярыг бас хориоч
“Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүг хорьж, мэдүүлэг авах болсон нь бизнесийг улс төртэй хутгалдуулсан улстөрчдийн айх шалтгаан болж буй. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр.
Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа “Жаст” группыг ивээлдээ авч, Монгол дахь оросуудын хөрөнгийг зузаатгах их үүргийг хүлээсэн байдаг. Ингэхдээ “Жаст” группыг жинхэнэ утгаар нь ашигласан бөгөөд түүнийх нь балгаар өдгөө Ш.Батхүү гэгч бизнесмэн шоронгийн хаалга татаад байна. Энэ хоёр хүний холбогдох шалтгаан нь шууд утгаараа оросуудын эрх ашиг. С.Баяр нь улстөрчийнхөө хувиар оросуудтай нягт харил-цаатай бол Ж.Батхүү нь хойд хөршийн шинэ оросуудын тусламжтай бизнес эрхэлдэг байсан. Тиймээс ч С.Баярыг ОХУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайдаар ажиллаж байх үед нь танилцаж, Ерөнхий сайд байх хугацаанд нь нягт хамтран ажилласан.
Үүнийг нь С.Баярын Засгийн газрын үед “Жаст” групп төрөөс 160 тэрбум төгрөгийг мах болон шатахууны үнийг тогтворжуулах нэрийн дор авснаар нь баталж болно. Улмаар энэ үедээ “Жаст” групп гэнэтийн өсөлтийг үлгэрлэж, Хадгаламж банкийг ч тэр, Олон овоотыг ч тэр өөрийн болгосон байдаг.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа ч тэрбээр С.Баяраас тусламж хүссэн байх магадлалтай юм. Учир нь түүний уг банкнаас зээл авсан хугацаа нь 2009 он. Тэгвэл С.Баяр мөн оны аравдугаар сард хүчээр шахуу өөрийн болгосон Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаасаа эрүүл мэндийн шалтгаанааср татгалзсан байдаг. Монголын ард түмний өмнө таван төгөлдөршил гэгчийг хэрэгжүүлж, улс орноо төгөлдөршлийн замд нь оруулна гэж өөрийн биеэр амлачихаад С.Баяр гэнэтхэн л тэр бүх зорилгоосоо буцсан. Тэр үед нь хэвлэлүүд удаа дараа “С.Баяр оросуудын шахалтад орж ажлаа өглөө. С.Баяр оросуудад амласан амлалтаа биелүүлээгүй учраас ажлаа өглөө. С.Баяр оросуудаас зугтлаа” гэх мэдээллийг бичиж байсан. Мөн тэр бүрт нь “Жаст” группын асуудал хөндөгдөж “С.Баяр, Ш.Батхүү нарыг оросуудад Монголд мөнгө угаахад нь тусалж байна” гэсэн мэдээ ч гарч байв. Хэдийгээр энэ бүхэн тухайн үедээ олон хүнд гүтгэлэг мэт сэтгэгдэл төрүүлж байсан ч өнөөдөр батлагдаж байх шиг. Наад зах нь Ерөнхий сайд асан С.Баярыг Ш.Батхүүтэй холбогдуулан байцааж эхэлснээс харахад шүү дээ. Гол нь өнөөдөр С.Баярыг зөвхөн байцаагаад орхих бус Ш.Батхүүгийн хамтаар хорьж, байцаах цаг ирсэн байлтай. Нэг ёсны яагаад өөрийнх нь үед “Жаст” групп огцом хурдан өөдлөн дэвжиж, Ш.Батхүү гэгч хүнд Засгийн газраас байнгын урамшуулал хүртээж эхэлснийг өдгөө асуух ёстой. Улмаар “Жаст” группын ард байсан оросууд С.Баярыг юуны учир харцаараа хөдөлгөж чадаад байсныг нь ч Монголын жирийн ард түмэн мэдэх эрхтэй юм.
Гол нь С.Баяр гэгч хүний Монголын төрд оруулж ирсэн олон залуус өдгөө шоронгийн хаалга татаж, эрх мэдэлтэй даргаас хоригдол болчихсон ял эдэлж яваа. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, “МИАТ” компанийн захирал Ц.Орхон нараар эхлүүлсэн тэдний жагсаалт үүгээр дуусахгүй. Гагцхүү тэр бүрт С.Баяр гэх хүн гэм зэмгүй үлдэж, Америк, Канадын хооронд жим гаргасан шигээ хилийн чинадад зугаалж явсан. Ингэхдээ Монголын төрийн өмчит компанийн захирлууд, тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригоор удаа дараа АНУ-руу мөнгө зөөлгүүлсэн гэх яриа учир мэдэх хүмүүсийн дунд бий. Үүнийг нь хамт казино тоглогчид нь ярьдаг бөгөөд “Тоглоомын мөнгөө Ч.Ганзоригоор зөөлгөдөг юм билээ. Утасдаад л авчруулдаг” гэх үгс улстөрчдийн дунд бол явган яриа мэт дэлгэрсэн байдаг. Тэгвэл өдгөө Ч.Ганзориг нь ч хууль, хяналтын байгууллагад шалгагдаж эхлээд байгаа юм. Түүнээс “Жаст”-ын Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авах баталгааг гаргаж өгсөн талаар нь асуух бөгөөд удаа дараа С.Баяр руу юуны учир мөнгө зөөснийг нь ч хуулийнхан олж мэдэх биз. Ерөнхийдөө С.Баяр гэгч хувь улстөрчийн зангарагтай царайлсан жүжиглэлтийн цаана Монголын төрийг хэсэг бүлэг хүний хуйвалдааны золиос болгож байсныг нь ирэх өдрүүд та бидэнд нотлох биз. Үүний тулд Ерөнхий сайд асан С.Баярыг Ш.Батхүүгийн нэгэн адил баривчилж, хорих цаг ирсэн бололтой юм.
Г.Отгонжаргал
Эх сурвалж: ipost.mn
URL: