Манай улс руу өдөрт 30-100 мянган хакерууд довтолдог
Цахим ертөнц дэх гэмт хэрэг манай улсад хамгийн анх 2006 онд бүртгэгдэж байсан бол жилээс жилд нэмэгдэж өнгөрсөн оны байдлаар өмнөх онуудаас гурав дахин өсчээ.
Хэдхэн жилийн өмнө Украйны иргэд манай улсад банкны АТМ-ээс карт тохируулан их хэмжээний мөнгө завшсан бол манай хакерууд ч бас Энэтхэгт нэгэн сонины газрын банкин дахь данснаас 17 мянган долларыг авсан хэрэг гарч байжээ.
Энэ мэт өсөн нэмэгдэж, улам арга нь нарийсч байгаа энэхүү гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчин болоод туршлага манай орны хувьд дэндүү дулимаг байгаа учир Хууль сахиулахын их сургуулийн харьяа Цагдаа судлалын төвөөс санаачлан “Кибер гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, чиг хандлага” сэдэвт семинарыг БНСУ болон өөрийн орны эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулж байна.
Семинараар БНСУ-ын судлаачдаас туршлага судлах тэдний хэрэгжүүлж буй арга хэмжээг нутагшуулах талаар хэлэлцэх бөгөөд Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар зэрэг манай улсын кибер гэмт хэрэгтэй тэмцдэг, судалдаг бүхий л байгууллагуудаас хүмүүс оролцож буй юм.
Дашрамд хэлэхэд манай улсын тусгай байгууллагын сайтууд руу өдөрт дунджаар 30-100 мянга орчим кибер довтолгоо ирдэг байна. Үүнээс 80 хувь нь сонирхогчид үлдсэн хэсэг нь өндөр нууцлалтай мэргэжлийн хакерууд байдаг гэнэ.
П.Өлзийням
URL: