С.Жавхлан: Хамаг монголчууд дуу хуураар нэгдэж, улам асч, гэрэлтэхийг хараад омогшиж байлаа
Нэг жилийн хугацаанд монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг хийсэн “Хамаг Монгол” төслийг санаачлагч МУГЖ С.Жавхлан түүний гэргий, уртын дууч Г.Эрдэнэчимэг, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш гэсэн уран бүтээлчид энэхүү хамтын нөр их ажлынхаа тайланг тавьж, шинэ цомгийнхоо баярыг монгол түмэнтэйгээ хамт тэмдэглэлээ.
Энэ үеэр уг төслийн санаачлагч МУГЖ С.Жавхлантай цөөн хором ярилцлаа. Энэхүү төслийн хаалт энэ сарын 28-нд Их Эзэн Чингисийн талбайд болох юм.
-“Хамаг Монгол” төслийг нэг жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ их ажлын ард гарчихсны дараа юу бодогдох юм?
-Сэтгэл үнэхээр их догдолж байна. Бид урлаг, дуу хуураараа нэгдэж чадлаа. Энэ төсөл зөвхөн С.Жавхлан санаачилсандаа гол нь биш. Энэ төслийг эхлээд явж байхад л биднийг ах дүүс маань үнэхээр сайхан хүлээж авч байсан. 6000 км-ын цаана байгаа ах дүүс маань биднийг үнэхээр их санаж, зориод очиход уйлж хүлээж авч байна. Тэд дуу хуураар нэгдэж улам асч, гэрэлтэж байгааг харж явлаа. Монголчууд аа та нар сайн сууцгааж байна уу хэмээн гарыг маань үнсэн угтаж аваад, жаргал зовлонгоо хэсэг ярьж суугаад уйлж байна. Бидний тоглолтод бүжиглэх улс бүрээс ирсэн 16 хос бүжигчин ирчихсэн байна.
Мөн улс бүрээс Засгийн газар, салбар хариуцсан дарга, удирдлагууд нь ирлээ. Мөн эмэгтэй дуучид бас ирсэн. Дөрвөн хөтлөгч дөрвөн өөр аялгаар тоглолтыг хөтөлнө. Тоглолтоо 2.30 цагт багтааж дуусгах бодолтой байгаа. Тэд бидний төлөө гэсэн сэтгэлээр халуун дулаан угтан авч байлаа. Энэ сарын 28-нд Чингис хааныхаа талбай дээр уулзацгаая, монголчууд аа. Төслийнхөө үр дүнг харж, монголчууд ямар халуун сэтгэлтэй, нэг нэгийгээ гэсэн сэтгэлтэй байдаг юм бэ гэдгийг би харуулна.
-Хоёр том төслийн ард гарчихлаа. Дараагийнхаа ажлын төлөвлөгөөг гаргасан уу?
-Миний омогшил их л эртнийх. Би жирийн нэг монгол айлд өссөн. Миний ээж түүхийн багш, аав маань зохиолч яруу найрагч хүн. Тэднээсээ маш олон сонин содон үүх түүхийг сонсч, бахархаж омогшиж явлаа. Уран бүтээлээрээ энэ бүхнийг харуулж яваадаа баяртай байна.
Үнэхээр хоёр том төслийн ард гарчихаж. Гэхдээ “Хамаг Монгол” төсөл маань ингээд дуусахгүй. Ирэх арваннэгдүгээр сард АНУ-д амьдарч буй Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол, Ар монгол иргэд маань биднийг урьсан. Энэ асуудлыг төлөвлөж байна. Цаашлаад “Дэлхийн Монгол” гэх төсөл рүү ч орох төлөвлөгөө бидэнд байна.
-Элэг нэгт ахан дүүс минь хэмээн гарыг маань үнсэн угтаж байсан гэж та хэллээ. Энэ нэг жилийн хугацаанд элэг нэгт ахан дүүстэйгээ уулзаад явж байхад хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, бахархаж омогшмоор олон үйл явдал тохиолдсон байх. Тэр бүхнээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Үнэхээр сэтгэл хөдөлгөм олон зүйл тохиолдож байсан. Ер нь маш олон ээжүүдтэй уулзаж байлаа. Тува ээж “Бид үргэлж монгол ахан дүүсдээ цайныхаа дээжийг өргөдөг шүү” гээд уйлж байсан юм. Тэгэхэд ямар ч хүн үнэхээр огшдог юм байна лээ.
Гудамжинд явж байгаа залуу та нар ямар эрч хүчтэй хүмүүс вэ, та нарынхаа үнэрийг үнэрлэмээр байна гээд ирэхэд сэтгэл хөдөлдөг юм байна. Дэлгүүрт дугаарлаж байгаа 30 гаруй хүн эхлээд монгол хүн та худалдаа хий гээд зай тавьж өгөхөд асар их хүндлэл, хайр мэдэрлээ. Бид ямар том хувь заяатай, ямар аугаа ард түмэн юм бэ гэдгийг энэ хугацаанд хангалттай ойлгож явлаа. Хамгийн анхны нээлтийн тоглолтын дараа манай М.Баясгалан ерөөл хэлэхдээ “Өвөрмонгол ижий цацлаа өргөхдөө эхлээд Монголын минь заяа их байг гэж өргөөд, дараа нь алтан нарандаа сүсэлдэг” гэж хэлж байсан.
Тэгэхэд бид тэднийг хужаа гэж хэлдэг. Энэ үнэхээр үнэн. Гэтэл үүх түүхээ дээдэлж, үндэсний бичиг үсгээ хадгалж үлдсэн ард түмэн бол Өвөрмонголчууд. Олон л сайхан үйл явдал тохиолдож байлаа. Эхлээд бид хоорондоо ярилцахдаа ерөөсөө ойлголцохгүй байсан. Чингис юу гээд байна аа, орчуулаад өгөх хүн байна уу гэж асуудаг байлаа. Одоо нүднийхээ харцаар бие биенээ ойлгож байна. Бид ингэтлээ гоё ээнэгшиж даслаа.
-Өвөрмонголд албан ёсоор тоглоогүй гэсэн. Ямар шалтгаанаар тоглоогүй юм бэ?
-Долдугаар сарын 14-нд Буриадын Улаан-Үүд хотод тоглосон. Наймдугаар сарын 15-16-нд Тува улсын Кызыл хотод тоглож, мөн сарынхаа 25-нд Өвөрмонголд Хөх хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох байсан ч “Дэлхийн байгаль орчныг хамгаалах нээлттэй уулзалт” болж байсан. Төслийн хамт олноос баг томилогдож 17 орны зочид төлөөлөгчид цугласан энэхүү уулзалтад оролцлоо.
Энэ талаархи мэдээлэл МҮОНРТ-ээр тун удахгүй гарах байх. Энэ зуны хугацаанд дөрвөн улсаар ингэж удаан хугацаанд явна гэдэг биднээс их хөдөлмөр шаардсан. Энэ төслийг хоёр жилийн хугацаанд ярилаа. Анхны сүлд дуугаа хийгээд эхэлсэн ажлынхаа ард одоо гарчихсан байна, бид. Тоглолтын бэлтгэл ажил гэх мэтээр нааш цааш их явлаа. Энэ зун би гэртээ гурав л хоносон байна. Охидуудтайгаа бараг л уулзаж чадсангүй. Нөр их хөдөлмөр зүтгэл гаргалаа.
Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч маань биднийг үргэлж дэмжиж, замын зардлыг хүртэл гаргаж байлаа. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр энэ их итгэлийнх нь хариуг энэхүү хаалтын тоглолтоор өргөн барьж, монгол залуус ямар хүчтэй, эв нэгдэлтэй юм бэ гэдгийг харуулна. Би энэ өдөр бүх монгол түмнийг нэгтгэж чадна аа.
-Цомогтоо орсон уран бүтээлүүдээ бүгдийг нь тоглолтод дуулах уу?
-“Зээргэнтийн шил” гэх уртын дуугаар эхэлсэн. Уртын дууч Г.Эрдэнэчимэг энэ дууг дуулсан. Энэ дуугаар яагаад эхэлсэн бэ гэхээр, Их Эзэн Чингис хааны үеэс төрийн дуулал болж дуулагдаж байсан юм байна лээ.
Мөн нутаг нутгийн онцлогийг харуулсан дуунууд орсон. Мөн бидний хамтдаа дуулсан “Хамаг Монгол” дуу, ахан дүүсийн маань дуулсан дууг багтаасан цомог болсон. Энэ цомог өмнөх олон цомгоос илүү их эрч хүч, цаг зарцуулсан гэдгээрээ онцлог байлаа. Монгол түмнийхээ нэр хүндийг хадгалж үлдэх болно.
Өвөрмонгол дуучдын дуулснаар олны хүртээл болсон “Хар хархан харц” дууг ханьтайгаа хамт дуулж цомогтоо орууллаа. Мөн эдгээр нутаг нутгийн аялгаар дуулсан дуунуудаа тоглолт дээрээ дуулна.
Б.Өнөртогтох
URL: