Ё.Отгонбаяр, Баабар ба хоёр намын ялзрал

Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр сүүлийн өдрүүдэд “сүнс сүүдэр” нь буцан ирж, овоо сэргэчихсэн яваа сурагтай. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн хавар идэж уусан хэргүүд нь илрээд, эхнэр нь хүртэл баригдаад ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу “Эр хүн юм бол намайг баривчил, эхнэрээр минь битгий оролд” хэмээн бухимдсан сэтгэлээ твиттерээр гаргаж байсан даа. Энэ бол ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон хэрэг шүү дээ.

Тухайн үед ноён Баабар хэргийг хэвлэлээр гарсан даруй гэнэ алдаж “худлаа” хэмээн твиттерээр орилчихсон. Хөөрхий бүх хэрэг илчлэгдвэл хоёулаа чихтүүлнэ гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа.

Гэтэл өнөөдөр нөгөө олон тэрбум төгрөг идэж уусан нь дарагдаж, өөрөө “би хэрэг хийгээгүй”, “би буруугүй” гээд дэгдэж байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

Манай Эрүүгийн байцаан шийт­гэх хуулиар хү­нийг сэжигтнээр татсан бол өөрт нь мэдэгдэх ёстой. Одоогоор намайг мөрдөн бай­цаах газраас дуудсан зүйл алга. Янз бүрийн хэргээр шал­гаж байна гэж хэвлэлээр л их гар­лаа. Хэрвээ намайг шалгаж байгаа бол би тэр тухай хэв­лэлээр ярьж мөрдөн байцаах үйл ажиллагаанд нь саад учруулж болохгүй. Энэ бол хуулийн том зарчим. Нөгөө талаар хэвлэлээр бичиж байгаа шуугиануудад хоёр зүй­лийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт би хэрэг үйлдээгүй учраас хяналтын байгууллага нь шалгаад тогтоочих байх. Үүнийг хэвлэлийн бай болгож, улс төрийн зорилгоор ангуучлах хэрэггүй. Манай хэвлэлийнхэн баримт но­тол­гоотой юм бичиж баймаар байна. Зарим нь намайг бүр гэм буруутайг нь нотолсон юм шиг нэр төрд халдаад байх юм. Би хэвлэл мэдээллийг шүүхдэж, заргалддаг зарчимтай хүн биш. Тийм учраас шалгах ажил явж байгаа бол тэр нь дуусаад тогтоогдоод ирнэ биз дээ. Тэр үед нь олон нийтэд юу болсныг нь хэлнэ. Одоохондоо хэргийн яв­цад нь элдэв мэдэгдэл хийж хуулийн процесст саад учруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

Хэрэг хийгээгүй хүнийг л хэвлэл мэдээллийн гүтгэсэн болж байна уу. Эсвэл Ё.Отгонбаярын эхнэр л гэмт хэрэг хийсэн юм уу. Ерөөсөө энэ мэт том хэргүүд замхардаг нь одоо бараг хэвийн үзэгдэл боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баахан том том хэргүүдийг илрүүлээд давхиад байсан. Одоо бараг бүгдийг суллаад хэрэгсэхгүй болгочихож байгаа нь зүгээр л сонгуулийн шоу төдий байжээ. Татварын газрын Л.Гансүхийн хэрэг, эрүүл мэндийн Н.Түмэндэмбэрэлийн хэрэг ч замхарах шатандаа орчихсон.

Эцсийн эцэст энэ юуг харуулж байна вэ гэхээр МАН, АН хоёр дээгүүрээ халаас нэгтэйг илтгэнэ. Тэд хоорондоо тохиролцон бүхий л хууль дүрмийг уландаа гишгэж байна. Энэ хоёр нам байхад монгол авлигалгүй болохгүй. Ё.Отгонбаяр АН-ын онолч гэгддэг ноён Баабар хоёрын номын сангуудад олон зуун саяын ном шахдаг хууль бус луйврыг мэддэг хүмүүс байж л байна шүү дээ. Ё.Отгонбаяр, Баабар хоёроор л МАН АН хоёрыг төсөөлөн ойлгоход нэг тэрэгний хоёр дугуй гэдэг нь харагдана. Ойрд ноён Баабар Ц.Элбэгдоржийн өрөөгөөр гүйгээд байсан энэ хэргийг л аргалах гээд байсан юм байна. Шүүх, Цагдаа хүртэл бүгд тэдний төлөө ажиллаж байхад хэн авлигчидтай тэмцэх юм бэ?

“Шударга байцгаая” хэмээн уриалж байсан ерөнхийлөгч хаана явна вэ? хэзээ хэлд орох вэ? Дахин сонгогдсоноосоо “хэлгүй Корилла” болчихлоо. Шинэхэн хос хуримаа хийсний дараа бал сараа тэмдэглэн аялдаг шиг ерөнхийлөгч маань олон улс орноор явж байгаа л харагдах юм даа. Хэзээ амлалтаа биелүүлэх вэ? Хэзээ Эрүүл мэндийн, боловсролын мөнгө идэж уудаг нүгэлтнүүдэд хуулийн хариуцлага тооцох вэ?

МАН АН хоёр дээгүүрээ нийлж нэг нэгнийхээ хүнийг аварч, мөнгө идэж, улсаа худалдах ажлаа цааш үргэлжлүүлсээр л байх юм байна.

tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих