“Мэргэжлээсээ илүү сагсан бөмбөгтөө дуртай болохоор энэ ажлаа хийж явна”
Монголын сагсан бөмбөгийн холбооны зөвлөх, харилцааны мэргэжилтэн, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Score” студийн захирал Г.Идэр-Уугантай ярилцлаа
-Хүүхэд нас хаана өнгөрөв?
-Дөрөвдүгээр анги хүртлээ 45 дугаар сургуульд сурч байгаад 93 дугаар сургуульд шилжин очиж төгссөн. Ер нь 40 мянгатын унаган хүүхэд дээ.
-Хэдий үеэс сагсан бөмбөг сонирхох болов. Яагаад заавал энэ спортод дурласан бэ?
-Анх 1993 онд Монголд NBA-ийн тоглолт телевизээр гарч эхэлсэн. Мөн 1994 онд монголд анхны лигийн тэмцээн зохион байгуулагдаж байсан. П.Батзаяа ахыг их шүтдэг, хүндэлдэг байлаа. Ямар нэгэн шалтгаангүйгээр л энэ спортод дуртай болсон.
-“Eagle” телевизтэй анх яаж холбогдсон бэ?
-Америкт амьдарч байгаад 2005 онд Монголдоо буцаж ирсэн. Тэр үед “Eagle” телевизээр англи хэлний мэдлэгтэй, захирлын туслах ажилд авна гэсэн зар гарч байсан. Тэгээд зарын дагуу очиж шалгаруулалтанд ороод тэнцэж ажилд орж байсан.
-“NBA Talk” нэвтрүүлэг таны өөрийн санаа байсан уу?
-Анх ажилд орж байх үед манай телевизэд спортын мэдээний алба гэж байгаагүй. Нэг удаа санаандгүй ажил дээрээ байж байгаад NBA-ийн тоглолтуудыг гаргах албан ёсны эрхтэй мөртлөө хөтлөгч, спортын алба байхгүй учраас гаргаж чадахгүй байгаа тухай олж мэдсэн. Тэгэхэд телевиздээ спортын алба үүсгэн байгуулахаар шийдээд албаа бүрдүүлсэн. Тэгээд манай Б.Ялалт, О.Ууганбаяр, н.Анхбаяр, бид хэд нэг баг болсон. Анхны нэвтрүүлэг 2006 оны есдүгээр сарын 30-нд цацагдаж байсан.
-Нэвтрүүлгийн “NBA Talk” гэсэн нэрний тухайд?
-Тухайн үед манай мэдээний сэтгүүлчид “News talk” гээд шууд ярилцлагын нэвтрүүлэг хийдэг байсан л даа. Тэрнээс санаа аваад, яагаад NBA-ийн тухай ийм нэвтрүүлэг байж болохгүй гэж бодсоны үндсэн дээр ингэж нэрлэсэн.
-Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хүн бэ?
-Эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээсээ илүү сагсан бөмбөгтөө дуртай болохоор энэ ажлаа хийж явна.
-“Score” студийн тухай?
-Анх нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэж ярилцаж байсан. 2009 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Бүх спортод оноо гэдэг зүйл чухал байдаг гэсэн утгаар студийнхээ нэрийг “Score” гэж өгсөн. Тухайн үед би МҮОНТ-Д ажиллаж байлаа. Гэхдээ хуучин баг, бүрэлдэхүүнээ эргүүлж цуглуулахыг үнэхээр хүсч байсан. Харин тэр нэгдсэн зүйл нь энэ студи.
-Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна?
-Зуун хувь спортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагуудыг спортын талаас нь сурталчлах, олон нийтэд спортын талаарх мэдээ мэдээллийг түгээх, мөн “Sport box” телевизийг хариуцан ажиллаж байна.
-Удахгүй болох “NBA Talk” өдөрлөгийнхөө тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Би удахгүй “Sport box” телевизээр сагсан бөмбөгийн тухай нэвтрүүлэг хийж эхэлнэ. Үүнтэй холбогдуулаад NBA Talk’’-ийн үзэгчдийг эргэн нэг дор цуглуулах, сагсан бөмбөгийн тухай шинэ мэдээ мэдээлэл солилцох зорилготойгоор энэ өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
-Өдөрлөгт “NBA Talk” болон Монголын сагсан бөмбөгтэй холбоотой олны танил хүмүүсээс оролцоно гэж байсан. Тухайлбал?
-Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг, МУГТ Ц.Шаравжамц гээд хуучны алдартай сагсан бөмбөгчдийн маань зарим төлөөлөл оролцоно. Мөн манай нэгэн залуу хамтлаг NBA-ийн тухай их гоё шинэ дуу бүтээсэн билээ. Тэр хамтлаг маань бас ирж ая дуугаа өргөнө. Мөн “NBA Talk’’-ийн анхны хөтлөгчид болон одоо хөтөлж байгаа залуус бүгд оролцоно.
-Сагсан бөмбөгнөөс өөр ямар хоббитой вэ?
-Кино үзэх маш их дуртай. Орой болгон нэг кино заавал үздэг. Сүүлийн үед бас хөл бөмбөг, холимог тулааны урлагт их дуртай болоод байгаа.
-Их ажлынхаа хажуугаар дуртай спортдоо хэр их цаг зав гаргаж байна?
-Сүүлийн үед цаг төдийлөн гаргаж чадахгүй болчихоод байна. Ер нь бол амралтын өдрүүдэд дуртай спортдоо цаг аргахыг хичээж л байна.
-“TLG-13” ТББ-ын тэргүүн С.Тулгыг сагсан бөмбөгийн хөгжлийн асуудлаар халз мэтгэлцээнд дуудсан байсан. Танд ямар нэгэн хариу өгсөн үү?
-Надад фэйсбүүкээр мэтгэлцэх боломжгүй гэдгээ хэлсэн. С.Тулга миний талаар хэд хэдэн худлаа мэдээлэл бичсэн байна лээ. Би олон нийтийн төөрөгдлийг нэг тийш нь болгох үүднээс мэтгэлцэх санал гаргасан боловч хүлээж авсангүй.
-Тэгвэл таны бодлоор Монголын сагсан бөмбөг хөгжлийн ямар шатанд явж байна?
-Монголын сагсан бөмбөг ухрах, урагшлахын зааг дээр ирчихээд байна гэж би бодож байна. Алтан үеийн мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчид маань цөөрчээ. Сонирхогч, мэргэжлийн тамирчны хоорондох ялгааг ч сайн гаргаж өгч чадахгүй байна. Гадны мэргэжилтнүүдийн нүдэнд ч тэгж л харагдаж байгаа.
Нэг үеэ бодвол тамирчдын маань цалин хангамж сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ энэ чинь бүгд биш шүү дээ. Ямар ч тогтолцоо байхгүй болчихоод байна. Харин энэ бүгдийг цэгцэнд оруулах зорилгын үүднээс бид “Оюутны лиг” төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Ингэхийн тулд бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улсын болоод хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулиудтай хамтарч ажиллаж хүсэлт гаргаж байгаа.
-Оюутны лиг олон улсын чанартай тэмцээнд оролцохоор бэлтгэл хийх гэхэд МУГТ Б.Наранбаатар МСБХ-нд спорт заал ашиглуулахгүй байгаа гэсэн. Энэ асуудлыг танай холбоо хэрхэн хүлээж авч байна?
Шүүхийн шийдвэрээр МҮСБXолбоо манай холбоотой үйл ажиллагаа, эрх давхацсаны улмаас татан буугдсан. 2014 оны “Дээд лиг”-ээ зохион байгуулах гээд албан бичиг хүргүүлсэн боловч манай холбоог эрх зүйн хувьд асуудалтай байна гэсэн үүднээс боломжгүй гэсэн. Дараа нь шүүхийн шийдвэр гарсны дараа дахин хүсэлт гаргахад 2014 оны тавдугаар cap хүртэл манай заал сулрахгүй, түрээстэй гэсэн хариу өгсөн.
-“Оюутны лиг” төслийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Энэ төсөл бүтэн хичээлийн жилийн турш буюу ирэх аравдугаар сараас эхлээд Дараа оны тавдугаар cap хүртэл үргэлжилнэ. Өмнө нь ингэж удаан үргэлжилж байсан лигийн тэмцээн Монголд байхгүй. Тэмцээн удаан хугацаанд үргэлжилнэ гэдэг маань нэгдүгээрт тухайн шигшээ баг байнгын сэлтгэл сургуулилттай байна хоёрдугаарт багууд аялан тоглолт хэлбэрээр тэмцээнд оролцоно.
Өөрийн талбай дээр тоглохоос гадна, бусад багынхаа талбай дээр очиж тоглоно гэсэн үг. Мөн тухайн тэмцээнийг талбай дээрээ зохион байгуулж байгаа сургуулийн дотоод уур амьсгал хамт олонч байдал сэргэнэ гэж үзэж байна. Бүх тэмцээнд оролцох багууд өөрийн гэсэн лого, бэлгэ тэмдэг болсон амьтан сонгох шаардлагыг тавьж байгаа. Бас тухайн сургуультай хамтран тамирчин оюутанд сурлагын шаардлагыг тавина.
Тухайлбал кредит цаг, голч дүнгийн болзлыг хангасан тохиолдолд тэмцээнд оролцох эрх, тэтгэлэг олгох гэх мэт. Түүнчлэн энэ тэмцээнд оролцсон тамирчдын дундаас оюутны шигшээ багийг шалгаруулж авна. Мөн энэ лигийн шагнал мөнгөн хэлбэрээр олгогдохгүй бөгөөд ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр шагнах болно. Энэ бол маш бодит шагналын хэлбэр гэж бодож байна.
А.Халиун /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: