“Apple” компанийн анхны ажилтнуудын нэг Гай Кавасакид тавьсан зургаан асуулт
Манай эриний хамгийн суут ухаантнуудын нэг гэгддэг Стив Жобсын амьдралын талаар хийсэн “Жобс” кино энэ онд нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болсон билээ.
Энэ киноны албан ёсны нээлт манай хойд хөршид есдүгээр сарын 19-нд болсонтой холбогдуулан AdIndex.ru цахим хуудасын сэтгүүлч 1984 онд Макинтош компьютерын маркетингийг хариуцдаг байсан, “Apple Computer” компанийн анхны ажилтнуудын нэг болох Гай Кавасакитай ярилцжээ.
Тэрбээр Apple брэндийн үнэнч хэрэглэгчдийн давхаргыг үүсгэхэд гол анхаарлаа хандуулан өндөр технологийн бизнесд “евангелизм” концепцийг оруулж ирсэн гэдгээрээ алдартай нэгэн.
-Анхандаа танай компани бүтээгдэхүүн, тав тух, сэтгэл хөдлөлийг хэрэглэгчдэд өгдөг байлаа. Харин дараагийн удаа юу өгөх бол?
-Одоогийн байдлаар бүтээгдэхүүнийг хэрэглэх ерөнхий туршлагыг өгч байна гэж ойлгож болно. Үүнд бүтээгдэхүүн өөрөө багтахаас гадна худалдан авалтын экосистем, тохиргоо, сургалт, шинэчлэлт гээд олон зүйл бүрдэж байгаа.
- Чанартай, ашигтай бүтээгдэхүүн ямар нэг “түрэмгий” маркетинггүйгээр зах зээлд өөрөө гарч ирж чадах болов уу?
-Бүтээгдэхүүн өөрөө өөрийгөө л зардаг. Олон нийтийн сүлжээний энэ үед хүмүүс хэрэглэж, түүний талаар ярих гайхалтай бүтээгдэхүүн бий болгох нь чухал. Муу бүтээгдэхүүн сайн маркетингтай байснаас муу маркетингтай сайн бүтээгдэхүүн байсан нь дээр гэж би боддог.
-Хэрэглээний эргүүлэг нөгөө тийшээгээ, даяан /аскетизм/ руу чиглэгдэж байгаа мэт санагддаг уу?
-Бид хэдийнээ даяаны эринд орчихсон. Ядахнаа л нийгмийн үүрэг хариуцлагадаа багагүй анхаардаг болсон байна шү дээ. Ногоон өнгө ч ид “мода”-д орж байна.
-Гэгээрэл, сийрэг ухаан хоёрын аль нь амжилтанд хүргэдэг вэ?
-Сийрэг ухаан гэгээрэлд хүргэнэ. Харин гэгээрэл амжилтанд хүргэдэг. Тэгэхээр хүнд аль аль нь л хэрэгтэй. Эсвэл хүнд аз хэрэгтэй байгаа бол тэр нь ч амжилтанд хүрэхэд тусладаг.
-Таны бодлоор Стив Жобсоос хойш “Apple” компани өөрчлөгдсөн болов уу?
-“Apple” бол дэлхий дээрх хамгийн таатай, сэтгэл татахгүй байхын аргагүй ажлын байр. Гэхдээ инновацийн салбарт тэргүүлэх байр сууриа алдчихсан.
-Хангалттай их мөнгөтэй болчихоод бүхнийг хаяж, далайн эрэг дээр амрахыг хүсдэг үү. Тийм бол өөрийн энэ салбартаа шинээр юу үлдээх вэ?
-Тэр үед нь л хэлье.
Гай Кавасакигийн амжилтанд хүрсэн мөрдлөг:
1. Бурхан шиг бүтээж, хаан шиг удирдаж, боол шиг ажилла.
2. Хүчирхэг хүмүүсийг хөлсөл. Өөрөөсөө ч сайн хүнийг ажилд ав.
3. “Зөвлөгчид”-ийг бүү сонс. Зөвхөн өөртөө итгэж, шийдэмгий бай.
4. Ажилтнуудаасаа тэнэг байхаасаа битгий ай. Өөрөөсөө мэдлэг доогуур хүнийг ажилд аваад байх юм бол хэдхэн жилийн дараа тэнэгүүдээр хүрээлүүлсэн байх болно.
5. Өөр салбараас хүмүүсийг тат. Компьютерийн бизнес эрхэлж байгаа бол зураач эсвэл автомашин борлуулагчийг ажилд ав.
6. Танд таалагдсан тийм л хүнийг ажилд ав.
7. Асуудал хүндрэлийн талаар хэзээ ч бодож байгаагүй, эсвэл “бүтэхгүй, болохгүй” гэсэн үг огт хэрэглэдэггүй хүнийг хайж ол.
8. Зөв шийдвэр туршлага дээр үндэслэгдсэн байдаг. Харамсалтай нь туршлага ихэвчлэн муу шийдлүүдээс үүссэн байх нь бий.
9. Эргэлзэх хэрэггүй. Анхны сэтгэгдэлдээ үнэнч бай.
10. Ажлаа шууд л эхэл. Зах зээлийг судалж, удаан хугацаанд судалгаа хийх хэрэггүй.
11. Өмнө тань том зах зээл байна гэж төсөөл, том зах зээлийг та олж харах болно.
12. Өөрөөр сэтгэ. Аливаа зүйлийг сайжруулж, хийж дуусгах биш, харин огт өөрөөр хий.
13. Нэг хэвийн байх хэрэггүй. Гайхалтай үнэнч хэрэглэгчдийн зэрэгцээ таныг огт ойлгодоггүй үйлчлүүлэгчидтэй байхаас бүү эмээ.
14. Өөр салбараас хамтран зүтгэгч хай. Та гайхалтай сайн инженер бол маркетингийн мэргэжилтэнтэй нөхөрлөвөл тун зүгээр.
15. Өөрсдөө хийхийг хүсэхгүй байгаа ажлыг хүмүүсээр хийлгэх гэж албадсаны хэрэггүй.
Б.Анан
URL: