“Төрсний гэрчилгээг монгол бичгээр стандартчлах шаардлагагүй” гэв

“Төрсний гэрчилгээг монгол бичгээр стандартчлах шаардлагагүй” гэв

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар энэ удаа монгол бичгээр үйлдэх албан бичиг, захидал тэдгээрийн хэвлэмэл хуудас бүрдлийн байрлалд тавих үндсэн шаардлага болон такси үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага гэсэн нийт есөн стандартыг шинээр баталлаа.

Манай улсын хувьд Бэлгэ тэмдгийн тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль болон Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварын дагуу монгол бичгээр албан бичиг хөтлөх журмуудыг мөрдөж ирсэн. Гэвч монгол бичгээр албан бичиг, захидал боловсруулах үйл ажиллагаа нь дан ганц журмаар зохицуулах боломжгүй учраас үндэсний стандарт болгон хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү стандарт нь үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх, төрийн бодлогыг сурталчлах болон монгол бичгээр үйлдэж байгаа албан бичиг, захидлыг нэг загварт оруулах зорилготой аж.

Монгол бичгээр албан бичиг хөтлөх стандартын талаар Стандартчилал хэмжилзүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Ундраагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Монгол бичгээр үйлдэх албан бичиг, захидал тэдгээрийн хэвлэмэл хуудас бүрдлийн байрлалд тавих шаардлагын талаарх стандартыг баталлаа. Энэхүү стандартыг бүх нийтээрээ дагаж мөрдөх үү. Эсвэл тодорхой хүрээнд дагаж мөрдөх юм уу?
-Дээрх стандартыг нь тодорхой хүрээнд дагаж мөрдөнө. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүдийн гадаадад илгээх албан бичиг, захидалд монгол бичгийн стандарт юм. Тухайлбал, төрийн сүлд нь хаана байрлах дээр, доороосоо хэчнээн сантиметр байх вэ зэргээр нэг загварт оруулж байгаа юм.

-Төрсний гэрчилгээ болон  бусад албан бичгийг монгол бичгээр хөтлөх талаар стандарт батлана гэж байсан. Энэ асуудал ямар шатан дээрээ байгаа вэ?

-Одоогоор энэ чиглэлийн стандарт гараагүй байгаа. Төрсний гэрчилгээг монгол бичгээр стандартчлах санал орж ирж байсан ч дэмжигдээгүй.

-Яагаад дэмжээгүй юм бэ?

-Бүх зүйлийг стандарчлах боломжгүй шүү дээ. Төрсний гэрчилгээ нэг загвартай байдаг учир заавал монгол бичгээр стандартчилах шаардлагагүй юм.

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА

Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхэлдэг нийт 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.  Гэвч таксины үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага байдаггүйн улмаас олон зөрчил гардаг байна.

Тиймээс үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор такси үйлчилгээний стандартыг баталлаа.

Уг стандарт нь тээвэрлэгч байгуулага, жолооч, үйлчилгээ, зорчигчид тавих үндсэн шаардлагуудыг тусгасан байна. Тухайлбал шинээр баталсан стандартын дагуу такси үйлчилгээний жолооч нь 21 нас хүрсэн, зохих ёсны мэргэжлийн сургалтад хамрагдсан, хоёр жил болон түүнээс дээш жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Мөн шинээр нэвтэрч байгаа хүүхэд хүргэлтийн такси үйлчилгээнд тавих стандартыг ч энэ үеэр баталсан юм.

Энэхүү үйлчилгээний стандартын талаар СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Т.Энхтуул ийнхүү ярьж.

-Такси үйлчилгээний стандартыг шинээр баталлаа. Ингэснээр үйлчилгээнд ямар өөрчлөлт гарна гэж дүгнэж байгаа вэ?

-Такси үйлчилгээнд ерөнхий дагаж мөрдөх стандарт байдаггүйн улмаас үйлчлүүлэгч, тээвэрлэгч нарын хооронд маш их зөрчил гардаг. Жишээлбэл хянах тоолуур болон үйлчилгээ тааруу байна гэсэн гомдыг үйлчлүүлэгчид л ихээр гаргадаг. Тиймээс нэг стандарттай болсноор энэхүү асуудлууд арилах боломжтой гэж үзэж байгаа.

-Зарим таксины тоолуур километрээсээ зөрөх асуудал гардаг. Уг стандартаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ?

-Такси үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нэг стандартын тоолуур хэрэглэдэггүй. Үүнийг нь нэг загварын тоолуураар солихоор болсон. Хэрэв лацыг өөрчилсөн байвал тухайн байгуулагад торгууль ногдуулах арга хэмжээ авна.

-Үйлчилгээний хувьд ямар өөрчлөлт орох юм бэ?

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдүүдэд  жолооч хаалга онгойлгож өгөх шаардлагыг тусгасан байгаа. Мөн тамхины эсрэг хуулийн дагуу жолооч, зорчигч нар машины салон дотор тамхи татахгүй байх тухай шаардлагыг ч тусгасан.

-Хүүхэд хүргэх үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа. Үүнтэй холбогдуулан стандарт баталсан гэж байсан. Энэхүү үйлчилгээний стандарт нь ямар байх вэ?
-Такси үйлчилгээнд хүүхэд хүргэх шинэ үйлчилгээ нэвтэрч байгаа. Энэ нь жирийн таксины үйлчилгээнээс арай өөр юм. Тиймээс такси үйлчилгээнээс тусад нь стандарт баталсан. Тухайлбал энэ үйлчилгээнд явж байгаа тээврийн жолооч нь таваас дээш жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа.

Хүүхэд хүргэлтийн үйлчилгээ учраас хүүхдэд зориулсан тусгай хамгаалтын бүстэй байх ёстой. Мөн гадна чиглэл заагч төхөөрөмжийг машиндаа заавал суулгасан байх ёстой гэсэн шаардлагуудыг стандарттай тусгаж өгсөн.

-Эдгээр стандартууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих