Вьетнам авто засварынхан шаардлага биелүүлэхгүй байна гэв

Вьетнам авто засварынхан шаардлага биелүүлэхгүй байна гэв

ШӨХТГ-аас нийслэл дэх вьетнам авто засварын газруудад гүйцэтгэлийн шалгалт хийж байна. Өмнөх шалгалтын үед өгсөн албан шаардлага бүрэн биелэгдээгүйг албаныхан хэлэв. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Танайхаас үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж вьетнам авто засварын газруудад шаардлага хүргүүлж байсан. Тэд шаардлагыг хэрхэн биелүүлж байна?

-Өнгөрсөн саруудад манай газраас иргэдийн гомдлын дагуу вьетнам авто засварын газруудад нэгдсэн шалгалт хийсэн. Гүйцэтгэлийн шалгалтыг БЗД-ийн ЗДТГ-тай хамтран саяхан эхлүүллээ. Баянзүрх дүүргийн авто засварын есөн төвийг шалгахад биелэлт хангалтгүй байна.

-Та бүхэн үнэ тарифаа нээлттэй болгохыг л хүссэн шүү дээ. Энэ нь тийм хүндрэлтэй асуудал гэж үү?
-Вьетнам авто засварын газруудыг үнэ тарифаа ил болго, засвар хийсэн хэрэглэгчдээ баталгаат хуудас олгож байхыг хүссэн. Гурав дөрөвхөн газар л үнийн мэдээллийг ил болгосон ч тэр нь шаардлага хангахааргүй, нэгнийхээ үнийн тарифыг хуулаад л тавьчихаж.

Тарифыг нь харвал жижиг машины хаалгыг 100-150 мянган төгрөгөөр засна гэсэн мөртлөө жийп машиныхыг 80-120 мянган төгрөгөөр л засна гэсэн байна.

Энэ нь яаж ч бодсон бодит үнэ биш шүү дээ. Тиймээс нэг газрын үйл ажиллагааг хааж, визний зөрчилтэй хоёр вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

-Хөдөлмөрийн тухай хуульд гадаад иргэнийг ажиллуулж байгаа тохиолдолд монгол иргэдийг ч ажиллуулах ёстой гэсэн заалт байдаг байх аа. Үүний хэрэгжилтийг анхаарав уу?

-Хөдөлмөрийн тухай хуульд Монгол Улсад таван Монголыг ажлын байраар хангаж байж нэг гадаад иргэнийг ажиллуулах квот авдаг. Гэтэл вьетнам авто засварын газруудад нэг ч монгол ажилчин байхгүй байна. Ганцхан захирал нь л Монгол. Тиймээс зөрчлөө арилгах шаардлагыг бид өгсөн. Шаардлага биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно. Мөн дээрээс торгох эрхтэй.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих