Маргаашнаас зарим нутгаар хур тунадас орно
Есдүгээр сар гарсаар цаг агаар цочир хүйтэрсэн. Харин энэ долоо хоногийн хувьд харьцангуй дулаарсан бол маргаашнаас зарим нутгаар хур тунадас орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний гадраас мэдээллээ.
Тодруулбал, 27, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 30-нд зарим нутгаар хур тунадас орох юм байна.
Энэ өдрүүдэд салхи 27, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх ажээ.
Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байх юм байна. Харин бусад нутгаар шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Өнөөдрийн хувьд нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
URL: