Д.Ганхуяг: Гурван сая тонныг олборлоод “Чалко”-д өргүй болно

a14Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр Оюутолгойг тойрсон далд уурхайн ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалан зогсож, 1700 ажилчнаа нэг зэрэг халсан, ТУЗ-ийн гишүүд Лондонд ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар яриа өрнүүлсэн юм.

-Гадны хөрөнгө оруулалт, Оюутолгойд орж ирэх мөнгөний урсгал зогссон нь танай яамтай холбоотой гэж үзэх хүн олон бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Миний хувьд Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдын тогтворгүй орчинтой холбоотой алхам хийгээгүй. Харин өмнөх парламентын үед баталсан хуулиудыг сайжруулахаар өөрчилж, шинэчлээд явж байна.

Гадны хөрөнгө оруулалт зогссон шалтгааныг муу хууль эрх зүйн орчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнөх Засгийн газрын баталсан хууль, тэр үед санаачилсан зарим хуулиас болж хөрөнгө оруулагчид зайгаа барьж эхэлсэн. Харин одоо тэдгээр хуулийг сайжруулахаар хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Оюутолгойн хувьд шүүмжилснээр үр дүнд хүрсэн. 2008-2012 оны хооронд хэдэн гишүүн Оюутолгойн гэрээг шүүмжилж байлаа. Үр дүнд нь зээлийн хүүг нь 13 хувиар бууруулснаар Монгол Улсад нэг тэрбум ам.долларын орлого орж ирсэн. Өнөөдрийн хувьд ажлаа явуулъя, олборлолтоо үргэлжлүүлье гэдэгт санал нийлж, хамтарч ажиллаж байна. Шийддэг газар нь “Оюутолгой” компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурал байдаг.

-“Оюутолгой” компанийн баяжмал экспортод гаралгүй Хятадын хилийн агуулахад хадгалагдаж байна гэсэн мэдээлэл байна?
-Монголын баялгийг, Оюутолгойн зэсийг гадаад зах зээлд борлогдохгүй байгаасай гэсэн хүсэл зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Тэднээс ийм мэдээлэл эхтэй болов уу. Түүнээс биш Оюутолгойн баяжмал хил дээр хуримтлагдаад, саатаад байгаа зүйл байхгүй. Оюутолгойн баяжмалын экспорт гэрээний дагуу борлуулагдаж байгаа.

-Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсгийн шалгалт дууссан гэсэн?
-Шадар сайд, Сангийн, Уул уурхайн сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Шалгалтыг хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаж байж оруулсан. Эцсийн үр дүн нь арай гараагүй байна.

-Лондонд болж байгаа хэлэлцээрээс шинэ мэдээлэл байна уу?
-Лондонд өнөөдрөөс уулзалт эхэлж байгаа байх. Асуудлаа хэлэлцэж, ямар нэг шийдэлд хүрэхээр явсан. Түүнийхээ хүрээнд ажиллах байх. Одоогоор өөр мэдээлэл алга.

-Валютын ханшийн өсөлт шатахууны нөөц үнэд нөлөөлж байна уу?
-Валютын ханшийн өөрчлөлтөөс болж шатахууны үнэ өсөхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. А-80 30 гаруй хоног, А-92 40 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байна. Мөн цаана нь улсын нөөц бий. 2010 оны өвөл валютын ханш өсөхөд шатахууны үнэ литр тутамд 260 төгрөгөөр нэмэгдэж байсан. Ийм байдлыг зохицуулах дэлхийн орнуудын туршлага бий. Түүнийг бид нэвтрүүлж чадсан. Монголбанктай хэлэлцээр хийсэн. Мөн Төвбанк арилжааны банкуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. 3-6 сарын хугацаанд валютын ханш тогтвортой байлгах тухай хэлэлцсэн. Үүнийгээ бүр боловсронгуй болгохын тулд валютын ханш хямд үед нь компаниуд нь ашигтай ажиллаж, үнэд ороход нь Монголбанк ашигтай ажиллах зэрэг юм. Үүнийг хийж чадсан учраас сар гаруй хугацаанд  валютын ханш чангарахад компани, арилжааны банкууд хамтарч ажиллаад шатахууны үнийг барьж чадлаа.

-Та уул уурхайн олборлолтоос байгаль, орчноо хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай хэр хамтарч ажилладаг вэ?
-Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзсан. Тухайлбал, Гал үндэстэн, Гол нуруудын холбооныхонтой уулзаж холбоотой хуулийн төслүүдийг харуулж ярилцсан. Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаярын хувьд ордны гадна асуудал үүссэн өдрийн өглөө нь надад бичгээр санал ирүүлсэн байсан. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хоёр удаа уулзсан. Эхний уулзалтад тэд ирээгүй. Сүүлийнхэд нь ирсэн. Урт нэртэй хуулийн хувьд нэг ч цэг, үг хасагдаж, нэмэгдээгүй. Харин Дагаж мөрдөх журмын тухай хуулийн хувьд хэрэгжүүлнэ гэсэн таван сарын хугацаандаа хэрэгжээгүй. Тиймээс үүнийг өөрчилж сайжруулахаас өөр аргагүй.

-УИХ-аар хэлэлцэж байгаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг шүүмжилж байгаа хүн олон бий?
-Манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байжээ. Тэр үед 68 хувийн татвар гарсан. Үүнээс болж алтны худалдаа далд байдалд шилжсэн. Оюутолгой орд алтны нөөц ихтэй. Тиймээс бид алтаа Монголдоо авч үлдье гэсэн бодлого баримталж байгаа. Алтыг шууд мөнгө, хөрөнгө болгож болдог гадаад валютын нөөц гэж үздэг. Энэ хуульд ямар ч эрсдэл байхгүй. Хэрэв алтаа баяжмалтай цуг гаргачихна гэж байгаа бол авдаг байсан таван хувиа авна. Харин наанаа үлдээвэл 2.5 хувиар явна гэсэн саналыг Засгийн газарт өргөн барьсан. Ингэснээр жилд 50-100 сая ам.долларыг улсын төсөвт оруулах уу эсвэл жил бүр 40 тонн алтаар гадаад валютын нөөцөө хоёр тэрбум ам.доллараар нэмэх үү гэсэн сонголттой болж байна. Одоо Монголбанкны гадаад валютын нөөц 2.7 тэрбум байна. Энэ хууль батлагдсанаар Монголын гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгаа тэлэх боломж бүрдэнэ.

-“Чалко”-гийн ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Энэ жил гурван сая тонн нүүрс нийлүүлээд “Чалко”-д өргүй болно. “Чалко”-гийн ерөнхийлөгч ирсэн. Түүнд гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсан талаар талархал илэрхийлсэн. Мөн бид аль болох олон улсын төвшинд хүрсэн болзлуудыг тавина. Аль болох нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар авахыг хүссэн. Хүлээж авсан.

-Уулзалтаар Тавантолгойн нүүрсний үнийн талаар юу ярилцсан бэ?

-Зүүн Цанхиас 4.5 сая тонн нүүрс экспортолно. Баруун Цанхиас шурван сая тонныг борлуулна. Ингэснээр экспорт өнгөрсөн оныхоос гурав дахин нэмэгдэж байгаа. “Чалко”-д өгч байгаа Тавантолгойн нүүр уурхайн аман дээр тонн нь 40 ам.доллар. Боомт, уурхайн аман дээрээс гэж тооцоолох тул үнэ хэлбэлзэнэ. Гэхдээ зах зээлийн ханшаар нүүрсээ өгнө гэдэгт тохиролцсон.

Э.Солонго /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих