Хөдөлмөрийн салбарынхан содон байлаа

Хөдөлмөрийн салбарынхан содон байлаа

-“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан тэд нээлттэй ажиллав-

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаас энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хөдөлмөрийн салбарын долоо хоногийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд өнгөрөгч даваа гарагт Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонссон бол өчигдөр Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт ЖДҮ эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын суралцагчдын дунд мэргэжлийн ур чадварын улсын уралдааныг зохион байгуулж, тэдний ур чадварыг харуулсан шоу үзүүлбэр ч тайзнаа тавигдсан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нээж, үг хэлсэн. Тэрбээр “Энд хуран цугласан эрхэм хүндэт та бүхэнд Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсад анх удаа Хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байгааг хэлэхэд таатай байна.

Монгол бол дөрвөн улиралтай, ихэнх ажлаа бид дулааны улиралд хөлс хүчээ зарцуулан хийж, намрын налгар өдрүүдэд хийсэн ажлынхаа үр шимийг хүртдэг учраас Шинэчлэлийн Засгийн газар энэ үеийг сонгож, Хөдөлмөрийн өдөр, хөдөлмөрчдийн өдөр болгосон юм.

Энэ дагуу бүтэн долоо хоног Хөдөлмөрийн яам хийж, хэрэгжүүлсэн ажлаа ард иргэдтэйгээ ярилцах, алдаж оносон зүйл дээрээ дүгнэлт хийх, ирэх жилүүдэд хийх ажилдаа шинэ санал санаачилгуудыг тусган авч, мэргэжилтэй ажилчдыг олноор нь бэлтгэх, цалин хөлсийг тогтвортой болгох гэх мэт олон ажлыг хийж байна.

Энэхүү өдөрлөгтөө бид жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж байгаа компаниудаа урьж оролцуулсан. Эдгээр үйлдвэрлэгчид маань түрээсийн байранд, магадгүй хашаандаа бизнес эрхэлж байгаа. Тэр бүх ажлыг нь бид тэр болгон очиж үзэж чаддаггүй учраас их хотынхоо төв талбай дээр авчирч өнөөдөр ард иргэддээ үзүүлэх бололцоог бүрдүүллээ.

Энд бизнес эрхлэгчид маань үзэл бодлоо солилцох, хийж бүтээсэн зүйлсээ худалдаалах гэх мэт өргөн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн олон улсын “World skills international” тэмцээнд Монголчууд маань хараахан оролцож чадаагүй байна. Энэ бол дэлхийн ур чадварын тэмцээн. Тиймээс энэ тэмцээнд оролцох шилдэг хүмүүсээ тодруулах, дэлхийн жишигт хүрсэн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх зорилготойгоор “Монгол ур чадвар Улаанбаатар 2013” тэмцээнийг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.

Их эзэн Чингис хааны талбай дээр зохион байгуулагдсан энэхүү нээлттэй хаалганы өдөрт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд тэрбээр энэ удаа тайзан дээр гарч албаны үг хэлсэнгүй, харин үйлдвэрлэгчид дунд, МСҮТ-ийн суралцагчдын хийсэн бүтээсэнтэй танилцаж, ард иргэдтэйгээ инээж хөхрөн, Монгол хүмүүсийн ур ухаан, чадвараар бүтсэн зүйлүүдтэй танилцаж явсан.

Үүнээс гадна “Монгол ур чадвар Улаанбаатар 2013” тэмцээн анх удаа задгай талбайд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд  хот, хөдөөгийн 40 гаруй МСҮТ-ийн суралцагчид үсчин, гагнуур, гоо засал, өрөг гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөн. Энэхүү тэмцээн нь олон улсын “World skills international” тэмцээний шалгуураар Монголд анх удаа зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог болж байгааг шүүгчид нь хэлж байсан.

Үүнээс гадна энэхүү өдөрлөг ЖДҮ-ийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамрагдсан нийт 32 ААН оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулсан. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мод, модон бүтээгдэхүүн, хэвлэл, оёдол, тоглоом, гоо сайхан, сав баглаа, тэжээлийн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид нэг дор цугласан нь иргэдэд ч тааламжтай байгаа харагдсан.

Бас нэгэн зүйлийг онцлоод хэлэхэд, “Ажилтай орлоготой Монгол хүн” нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Монгол хүний гараар хэрхэн автомашин, хүүхдийн оюун ухааныг тэлэх зохион бүтээгч тоглоомууд бүтсэнийг эндээс харж болохоор байсан. Бүр худалдаад авахад ч болох юм билээ. Энд хуран цугласан хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ нэг дороос цуглуулаад авчих боломж энэ өдөр бүрдсэн байсныг дуулгах хэрэгтэй биз ээ. Өдөрлөгийн үеэр зарим компанийн төлөөлөгч нарын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Хамгийн түрүүнд “Kryolan Make-up Art Academy”-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэнтэй уулзлаа. Тус академийнхан төв талбай дээр ирсэн хүмүүст нүүр будалт хийж өгөхийн зэрэгцээ Холливудад хэрэглэгддэг мэргэжлийн нүүр будаг, багаж хэрэгслийг танилцуулж, нүүрээ хэрхэн зөв сайхан будах талаар зөвлөгөө өгч байсан юм.

“Kryolan Make-up Art Academy”-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасүрэн: Охид маань нүүр будалтыг маш их сонирхож байна

-Манай компанийн гол зорилго бол Германы мэргэжлийн нүүр будгийг Монголын зах зээлд нэвтрүүлж, сургалт зохион байгуулах явдал. Энд хуран цугласан хүмүүс, тэр дундаа охид маань нүүр будалтыг маш их сонирхож байна. Тиймээс бид нүүр будалт хийх, зөвлөгөө өгөх зэргээр үйлчилж байна. Kryolan брэндийн гол онцлог нь дэлхийн хамгийн анхны нүүр будгийн брэнд, мөн өөрсдийн томъёо болон орц найрлагыг зохион бүтээж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ давуу талтай.

“Белый медведь” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Сүрэнхорлоо: Оросын технологиор эх орондоо хүйтэнд тэсвэртэй, түлшинд хэмнэлттэй тосолыг үйлдвэрлэж байгаа

-Манай компани Монголд Оросын стандартаар пропиленгликол суурьтай ахуйн болон автомашины тосол үйлдвэрлэдэг. Ахуйн тосол маань дулаан дамжуулах чадвар сайтай, халаалтын системд зэврэлт өгдөггүй. Мөн удаан эдэлгээтэй, түлшийг хэмнэх зориулалттай, манай улсын эрс тэс уур амьсгалд зориулсан, -35-аас -65 хэмийн хүйтэнд тэсвэртэйгээр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн юм.

Автомашиных болохоор тээврийн хэрэгслээ гадаа тавьдаг хүмүүст зориулсан -40-өөс -65 хэмийн хүйтэнд тэсвэртэй тосолыг үйлдвэрлэж байна. Бид 2008 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж байгаа. Монголчууд маань энэхүү бүтээгдэхүүнийг маань хэрэглээд сурчихсан.

Ер нь манайхан голдуу Аляскийг хэрэглээд сурчихсан байдаг. Тиймээс манай компани Оросын технологиор эх орондоо хүйтэнд тэсвэртэй, түлшинд хэмнэлттэй тосолыг үйлдвэрлэж байгаагаа энэ дашрамд дуулгамаар байна. Мөн өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна.

“Шилмэл эсгий” ХХК-ийн менежер Г.Мөнхбаатар: Өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна

-Манай компани 2003 оноос эсгий урлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 10 гаруй нэр төрлийн эсгий шаахай, зураг, цүнх, дурсгалын зүйлс болон үндэсний хувцас зэрэг үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зарим улсад нийлүүлж байгаа.

Бид ихэвчлэн Сэлэнгийн Орхон, Ерөө сумын нарийн болон нарийвтар ноосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нарийн болон нарийвтар ноос нь хялгасгүй учир биед зөөлөн байдаг давуу талтай, мөн эсгий бүтээгдэхүүн нь чийг татдаггүй, дулаанаа сайн хадгалдаг учраас эрүүл мэндэд тустай.

Хөдөлмөрийн яамнаас санаачлан зохион байгуулж буй энэ өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан, таниулах өргөн хүрээтэй ийм арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг гол асуудал бол сурталчилгаа байдаг. Тэр бүр сурталчлаад байдаггүй учраас бүтээгдэхүүний эрэлт тийм ч сайн байдаггүй. Хөдөлмөрийн яамнаас танилцуулж буйгаар яам бие даан байгуулагдсан нэг жилийн хугацаанд 35 мянган иргэн шинээр ажлын байртай болсон бол “Сум хөгжүүлэх сан”-гийн хүрээнд 7389 ажлын байр шинээр бий болжээ.

Ингэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрийг нэг суманд 150 сая төгрөгөөс доошгүй эх үүсвэртэй байхаар байгуулна хэмээн заасны дагуу 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 330 суманд олгосон байсныг нэмэгдүүлж өнгөрсөн онд болоод энэ онд 48 тэрбум төгрөгт хүргэжээ. Өнөөдрийн байдлаар хамгийн жижиг суманд 150 сая төгрөг, аймгийн төвийн сумдад 795 сая төгрөгийг “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэр болж бүрдсэн юм байна.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэг жилийн хугацаанд 7500 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж гарснаас 90 гаруй хувь нь шууд ажлын байртай болжээ. Одоо тэд барилга, авто зам, төмөр зам, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн чухал салбаруудад ажиллаж байна.

Үүнээс гадна Хөдөлмөрийн төв биржийнхэн ажил хайж яваа иргэдийг бүртгэж, ажлын байр санал болгож байсан юм. Хөдөлмөрийн төв биржид 12 гаруй мянган ажлын байрны захиалга байгаа бөгөөд бүтээн байгуулалтын их ажлын эрч саараагүй байгаа учраас барилгын засал чимэглэлчин, өрлөгчин, шаварчин, барилгын туслах ажилтан хамгийн их эрэлттэй байгаа аж.

Мөн цахилгааны инженер, сантехникийн инженер, цахилгаанчин, жолооч, тогооч гээд төрөл бүрийн ажлын байрны саналаас өөртөө тохирохыг сонгон бүртгүүлэх боломжтой юм байна. Энэ мэтчилэн бүтэн өдрийн турш Их эзэн Чингис хааны талбайд хөдөлмөрчид баяраа тэмдэглэж, Хөдөлмөрийн өдрийг содон сонирхолтойгоор өнгөрүүллээ.

Э.Туул


URL:

Сэтгэгдэл бичих