Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг эсэргүүцэж суулт зарлав

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг эсэргүүцэж суулт зарлав

Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард ажлын өрөөгөө 44 сая төгрөгөөр засуулж, 22 сая төгрөгийн тавилга авсан тухай өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл түүний энэ мэт үйлдлийг тэвчиж чадахгүй байгаа иргэд өчигдөр Чингэлтэй дүүрэгт суулт хийсэн юм. Тэд Д.Бат-Эрдэнийг огцрохыг шаардаж байсан. Харин суулт хийж байгаа иргэдийг Д.Бат-Эрдэнийн туслах түүний өрөө рүү оруулахгүй саатуулж байсан юм.

Ингээд тус дүүргийн ИТХ-ын хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Батхуягаас зарим зүйлсийг тодруулсан юм.

-ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнийн асуудлаар иргэд суулт зарлаж байна?

-Тийм. Манай дүүргийн ИХ-ын дарга өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр өрөөгөө засуулаад тавилга худалдан авсан. Харин тавдугаар сард хийчихсэн ажлаа зургадугаар сард нь нөхөж тендер зарлаад долдугаар сард шалгаруулсан байгаа юм.

Харин энэ сарын 3-ны өдөр мөнгө нь шилжсэн байгаа юм. Хийчихсэн ажилд нөхөж тендер зарлаж болохгүй учраас АТГ-т хандсан. Харин Д.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлэг өгөхдөө “Зургадугаар сард тендер зарлаагүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд тендер зарласан” гэж мэдүүлсэн байгаа юм. Нэг үгээр бол цаг хугацаагаар аялаад байгаа юм. Мөн АТГ-аас мөнгө нь шилжээгүй учраас энэ асуудлыг шалгахаас татгалзсан. Харин татгалзсан шийдвэр гарснаас долоо хоногийн дараа дүүргийн Төрийн сангаас 45 сая төгрөг шилжсэн байсан.

-Тэгэхээр гуравдугаар сард тендер зарлаагүй гэсэн үг үү?
-Гуравдугаар сард байгуулагдсан үнэлгээний хороо хууль бус юм. Учир нь энэ өдөр гарсан Үнэлгээний хорооны 28 тоот захирамж гарсан байдаг. Харин мөн сарын 4-ний өдөр 20 тоот захирамж гарсан байдаг юм. Тэгэхээр цаг хугацаа болон огнооны зөрүү гараад байгаа учраас нөхөж үйлдсэн байж болзошгүй. Үүнээс гадна үнэлгээний хороо байгуулахад мэргэшсэн төрийн албан хаагчид орохоос гадна, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл заавал орох ёстой. Гэтэл үнэлгээний хороо нь гурав гишүүнтэй байгуулагдсан байгаа юм.

-Хуулийн байгууллагад хандсан уу?

-Албан бичиг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Энэ бол угаасаа хууль зөрчсөн асуудал гэдэг нь тодорхой. Учир нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуульд ажлыг нь хийчихээд сарын дараа тендер зарладаг заалт байхгүй.

Эх сурвалжийн мэдээллээр Тендерийн үнэлгээний хороонд орсон гэх Хурлын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Хурлын ажлын албаны нягтлан бодогч Э.Буян-Өлзий, Хурлын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Батболд нар нь ямар нэгэн байдлаар дарамтад ертсөн байж болзошгүй талаар мэдээлсэн юм. Учир нь өнгөрсөн баасан гаригт үнэлгээний хорооны гишүүн Л.Батболдын бие муудаж, ажлын байрандаа ухаан алдаж унасан гэнэ. Харин өчигдөр 15:00 цагаас тус дүүргийн ИТХ-ын хурал хуралдахаар тогтсон байсан юм. Тиймээс суулт зарласан иргэд Д .Бат-Эрдэнийг ирэхийг нь хүлээж хурлын танхимын үүдэнд эсэргүүцлийн бичиг барин суулаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн АН-ын Улс төрийн ажилтан Д.Баттулгыг байр суурийг сонирхлоо.

-Иргэд суулт зарлаж байна?

-Энэ хүний хийсэн үйлдэл нь анхнаасаа л хууль бус байсан. Угаасаа ч Д.Бат-Эрдэнэ хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ гаршсан. Гурван өрөө байранд супер засвар хийхэд 16-20 сая төгрөг л зарцуулна. Гэтэл 44 сая гэж байгаа. Мөн ИТХ-ын дарга болоод унаж байсан машинаа голж шинэ машин хүртэл авсан. Татвар төлөгчдийнх мөнгийг ингэж замбараагүй үрж болохгүй. Тэгээд ч иргэдээ боддоггүй, бага ангийн мэдлэгтэй дарга байх шаардлага байхгүй байх гэж бодож байна.

Мөн үеэр суулт зарлаж байсан тус дүүргийн XVII хороо иргэн С.Дулмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Д.Бат-Эрдэнийг огцрохыг шаардаж байгаа юм байна шүү. Энэ талаараа тайлбар хийхгүй юу?
-Иргэдийн сонголтоор гарсан дарга хүн ийм авир гаргаж болохгүй. Д.Бат-Эрдэнээс албан тушаал өндөр дарга нар түүний унаж байгаа машин шиг машин унахаа больсон. Өрөөгөө засуулсан, машин худалдаж авсан мөнгөөрөө иргэддээ хэрэгтэй зүйл олныг хийж болох байсан. Манай дүүрэгт огт гэрэлтүүлэг байхгүй гудамж ч байдаг. Энэ хүний хувьд хангалттай мөнгийг өөртөө зарцуулсан учраас огцрох цаг нь болсон гэж бодож байна. Үүнээс гадна нэлээд их хөрөнгөөр ганцхан хөшөө босгосон байгаа юм. Тэр мөнгөөрөө ганц цэцэрлэг барьсан бол өчнөөн хүүхэд суралцахаар байна.

Өчигдөр 15:30 минутын орчимд иргэд хурлын заал руу хүчээр орсон юм.

Тухайн үед ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ:

-Би бусдаас илүү гараад тансагласан юм байхгүй. Бусдын жишгээр л өрөөгөө тохижуулж, бусдын унадаг машиныг л унаж байна гэсэн хариулт өгсөн юм. Харин зарим иргэд түүнийг нас барсан ахынхаа нэрээр ажиллаж явааг асуухад “Тэр миний асуудал. Та нарт тийм чухал биш” гэсэн хариултыг өгч байсан юм.

Ямартай ч суулт зарласан иргэд түүнийг огцрох хүртэл өчигдрийнх шиг суулт зарлаж, хуулийн байгууллагад хандахаа илэрхийлж байсан юм.

Г.Баярцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих