Энэ жил 45 мянган төслийн зуух иргэдэд хүрнэ гэв
Өнгөрсөн жилүүдэд Мянганы сорилтын сан, Цэвэр агаар сангийн төслийн хүрээнд зуухыг иргэдэд тарааж байсан бол энэ жил Улаанбаатар-Цэвэр агаар сангийн хүрээнд иргэдэд 45 мянган бүрэн шаталттай зуух тараагдана.
Нийслэлийн хэмжээнд 180 гаруй мянган гэр хорооллын айл, өрх байх бөгөөд төслийн зуух аваагүй 45 мянган айл байгаа юм байна. Энэ төслийн хүрээнд иргэн шинээр авсан зуухныхаа оронд одоо ашиглаж байгаа хуучин зуухаа заавал өгөх үүрэгтэй аж.
Хэрэв иргэд зуухаа зарсан, бэлэглэж үрэгдүүлсэн тохиолдолд зуухны үндсэн үнийг төлөх бөгөөд цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх боломжгүй юм байна. Уг төсөл хөтөлбөрийг Монгол улсын засгийн газар, Дэлхийн банктай хамтран санхүүжүүлж байгаа аж. Нийт 17 тэрбум төгрөг зарцуулагдахаар болсон.
Дөрвөн компани төслийн шалгуур үзүүлэлтэнд тэнцсэн байна
Зуухны сонголтыг ШУТИС-ийн дэргэдэх Дулаан техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн “Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших” лабораториор туршиж хийсэн ба дөрвөн шалгуур үзүүлэлтийг нэгэн зэрэг хангасан зуух нь төсөлд хамрагдах боломжтой болсон байна.
Үүнд: Зуухны хүчин чадал гурван КВТ-аас дээш, Тоосонцрын хэмжээ 70гр/мдж хүртэлх, Нүүрстөрөгчийн дутуу исэл 7гр/мдж хүртэлх, Ашигт үйлийн коэффициент 70 хувиас дээш гэсэн дөрвөн шалгуур тавьсан байна. Уг шалгуур үзүүлэлтийн дагуу 10 компани 15 зуухыг туршсаны дүнд Сэлэнгэ констракшн ХХК-ийн “Өлзий” зуух, “Роял Өүшн” ХХК-ийн “Том дөл” зуух, “Элмеко” ХХК-ийн “Талст” зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Бекас-107 зуух гэсэн бүрэн шаталттай дөрвөн зуух шалгарсан байна.
Эдгээр зуухнуудыг иргэд 29 мянгаас 36 мянга 334 төгрөгөөр худалдаж авах бөгөөд энэ нь зуухны үндсэн үнийг дунджаар 93 хувиар хямдруулж байгаа аж. Эдгээр зуухнуудыг нийслэлийн БГД, БЗД, ЧД, СХД, СБД, ХУД гэсэн зургаан дүүргүүдийн иргэдэд тараахаар болсон гэнэ.
Иргэдэд зориулсан гарын авлага өгөх гэнэ
Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух аваагүй болон оршин суугаа хороондоо албан ёсоор бүртгэлтэй, баримт бичгийн зөрчилгүй өрхүүдэд зуух олгогдох юм байна. Иргэд бүрэн шаталттай зуухтай болохын тулд эхлээд бүтээгдэхүүн борлуулах төв дээр ирж худалдан авах зуухаа сонгож, нэхэмжлэхээ авах гэнэ.
Үүний дараа “Хас” банкны ойролцоо салбарт нэхэмжлэлийн дагуу төлбөр тушаана. Ингээд бүтээгдэхүүн борлуулах төв дээр дахин ирж зуух худалдан авах гэрээгээ байгуулах юм байна. Гэрээгээ байгуулсны дараа товлосон хугацаанд гэртээ байж зохих бэлтгэлийг хангасан байх ёстой гэнэ. Зуух нийлүүлэгчид товлосон хугацаандаа зуухыг үнэ төлбөргүй хүргэн суурилуулж, хэрхэн ашиглах талаар зааварчилгааг өгөх аж.
Өнгөрсөн жилүүдэд айлууд зуухаа буруу галласнаас болж ханан пийшин нурах, дэлбэрэх, сайн халаалт өгөхгүй зэрэг иргэдээс гомдол ирдэг байсан гэнэ. Энэ удаад иргэдэд зориулсан гарын авлагыг зуух дагалдуулж өгөхөөр болсон байна.
Төслийн зуухны ид шидийн талаар албаны хүмүүс “Зөв галлавал дулаанаа зургаагаас долоон цаг барьдаг юм. Зуухнуудыг туршихад таван кг нүүрс, 500 гр мод хийхэд 13.00 цагаас эхэлж асаад 19.00 цагт унтарч байна лээ. Ингэснээр өвөлдөө даарахгүй байх боломжтой юм. Урьд нь иргэд модоо эхэлж асаагаад дээрээс нь нүүрсээ хийдэг байсан. Тэгвэл одоо нүүрсээ хийгээд дээр нь модоо хийж асаадаг болсон” хэмээн онцоллоо.
Нүүдлийн гэр цэгүүд ажиллана гэв
Тухайн зуухыг иргэд хаанаас яаж авах талаар сонирхож байгаа нь ойлгомжтой. Тэгвэл дүүргийн хороодуудад хоёроос гурван гэр байрлаж ажиллахаар болсон бөгөөд 10 гэр цэг нүүдлийн маягаар үйл ажиллагаа явуулах шинэ зохион байгуулалттай болсон байна. Иргэд дүүрэг, хороодод байгаа гэр цэгээр үйлчлүүлж байхад нүүдлийн гэр цэгүүд дүүргүүдэд ээлж, ээлжээр ажиллах гэнэ.
Үүнээс гадна зуухаа сольсон айлуудын хашаан дээр ногоон туг өлгөж, ногоон Улаанбаатарын төлөө тухайн айл үүргээ биелүүлж байна. Мөн нийслэлийнхээ хүн амын эрүүл мэндийн төлөө том хувь нэмэр оруулсан шүү гэдгийг харуулахыг зорьж байгаа аж.
Чанарын хяналтын баг ажиллана гэв
Өмнөх төсөл хөтөлбөрийн орхигдсон орон зай, алдаа дутагдалтай зүйлүүдийг судалсаны үндсэн дээр одоогийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Өмнө нь зуух олгосон айлдаа нэг очоод л хаячихдаг байсан бол одоо чанарын хяналтын багийнхан cap болгон очиж зуухыг шалгахаар болсон байна.
Шалгалтаар тухайн айл зуухаа зарсан тохиолдол илрэх юм бол зуухны үндсэн үнийг төлүүлэх бөгөөд төрийн ямар нэгэн үйлчилгээ, нийгмийн халамжийн төсөл хөтөлбөрт хамрагдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах аж. “Нийслэлд амьдарч буй бүх иргэн эрхээ мэддэг, харин үүргээ мэддэггүй. Монгол Улсын хаана ч амьдрах эрхтэй гэж хөдөөнөөс нүүж ирсэн мөртлөө үүргийнхээ дагуу бүртгэл хийлгэдэггүй. Бүртгэл хийлгээгүй бол төсөлд хамрагдах боломжгүй” хэмээн төсөл хөтөлбөрийн удирдлагууд онцолсон.
Г.Мягмарсүх
URL: