Д.Ганбат: Үнэ тогтворжуулах хөтөлбөр ямар ч үр дүнгүй нь харагдаж байгаа биз дээ

527-1380159787untitledУИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа
-АН-ын зарим гишүүн жигүүр байгуулж байгаа талаар мэдэгдээд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 
-Тэр талаар ямар нэгэн мэдээлэл алга. Ганц,нэг хүмүүс хэвлэл, мэдээллээр юм ярьсан гэж сонссон. Цаг, зав муутай, хөдөө гадаа явж байгаа учраас сайн мэдээлэлгүй явна.
Тэд АН-ыг бусад улстөрийн намууд шиг албан тушаалын нам болчихлоо гэдэг зүйл ярьж байгаа юм билээ. Түүнийг бид сонсох ёстой. Бусдын хэлсэн шүүмжлэлийн авахыг нь аваад, гээхийг нь гээж, засч залруулах ёстой.
-Тэгэхээр АН албан тушаалтны нам болчихсон гэдэгтэй санал нийлж байгаа гэж ойлгож болох уу? 
-Би тэгж хэлээгүй байна шүү дээ. Бусдын хэлсэн шүүмжлэлийг хүлээн авч үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй.
-Уг жигүүрт АН-ын фракцууд, УИХ-ын хэд хэдэн гишүүн нэгдсэн сурагтай? 
-Фракцууд үзэл бодлоороо нэгдэж байгаа нь эрүүл үзэгдэл шүү дээ. Харин албан тушаалаараа нэгддэг, албан тушаал авсан, аваагүй гэдгээрээ ялгардаг, мөн албан тушаалд хүрэхийн тулд тэгж явна гэвэл утгагүй. Тэр жигүүрт УИХ-ын гишүүдээс хэн хэн орсныг би хэлж мэдэхгүй байна.
Уг нь фракц, жигүүр бол Монгол Улсыг хөгжүүлэх, намаа шинэчлэх асуудлаар нэгддэг байх ёстой гэж би хувьдаа боддог. АН эрх барьж байгаа нам гэдэг утгаараа ард түмний амьдрал, улс орны хөгжилд зөвөөр л нөлөөлдөг байх ёстой.
-Та жигүүрт нэгдэх үү? 
-Нэгдэнэ, нэгдэхгүй гэсэн зүйл алга л даа. Ер нь фракц байгуулагдаад улс орныхоо хөгжил дэвшилд хувь, нэмэр оруулаад явахаас биш болж бүтэхгүй зүйлд орооцолдоод явах нь буруу. Яахав тэдгээр хүмүүсийн бодол өөрсдөд нь зөв байж болно.
-Жигүүр байгуулсан хүмүүсийг албан тушаалын төлөө … гэж шүүмжлэх нэгэн байна?
-Би тэдэнтэй уулзаж, учраагүй, сонсч ярилцаагүй байж тиймэрхүү дүгнэлт хийх нь зохимжгүй гэж бодож байна.
-Ер нь АН-д дотоод ардчилал гэдэг зүйл хэр байдаг юм бэ? 
-Бусад улстөрийн намууд дотроос арай ардчилсан нь манайх л даа. Гэхдээ яг байх ёстой сонгодог утгаараа байж чадаж байна уу гэдэг нь учир дутагдалтай. Бусад улстөрийн намд байдаг шиг албан тушаалын төлөө явсан, дарга даамал дагаж гүйсэн тиймэрхүү хүмүүс бас байна аа байна.
-Та яг хэнийг хэлээд байна вэ. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ- ын дэд дарга болох үед та бас ингэж хэлж байсан санагдана? 
-Би дээр хэлсэн улс орноо хөгжүүлэх талаар ярьдаг фракц, жигүүр байвал зөв гэж боддог. Түүнээс хэдэн хүн нэгдчихээд албан тушаалын төлөө юуг ч гаргуунд гаргаж чаддаг, тэр нь эргээд улс орон төдийгүй намд муугаар нөлөөлдөг байдлыг л засч залруулаасай гэсэндээ тухайн үед шүүмжилсэн. Түүнээс тухайн хүний асуудал надад нэг их сонин биш.
-АН Засгийн эрх бариад нэг жил гаруй боллоо. Энэ хугацаанд эрх баригчдын ололттой тал юу байна, буруу зүйл нь юу байв? 
-Ололттой зүйл ч байна, болж бүтэхгүй ч юм байна. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал гэнэтхэн хүндэрчихсэн юм биш. Олон жилийн буруу бодлого, шийдвэртэй холбоотой.
Тухайлбал, өнгөрсөн 20 гаруй жилд халамжийг үнэхээр хавтгайруулсан. Халамж хавтгайрснаас болж хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон. Үүнээс гадна төрийн данхар аппарат өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлсөн.
-Гэхдээ АН гарч ирээд л яамдын тоог нэмсэн шүү дээ? 
-20 жилийн өмнөөс өнөөг хүртэл төрийн алба хэтэрхий данхайж ирсэн. Төрийн алба өнөөдөр 150-160 мянган хүнтэй болсон байна. Энэ нь авлигад идэгдэж байна. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар энэ данхайсан төрийн албаа багасгах ёстой. Өнөөдөр манайд авлигын сүлжээ бий болчихсон. Тэр нь манайх шиг жижиг оронд маш их гай тарьж байна.
-Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ? 
-Шинэчлэлийн Засгийн газар хийх ёстой ажлуудаа хиймээр байна аа. Хувьчлалыг явуулах хэрэгтэй, төрийн албыг багасгах хэрэгтэй байна. Гадаад хөрөнгө оруулалтын асуудалдаа анхаармаар байна. Ганцхан сарын өмнө хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан гэх мэдээлэл байсан бол өнөөдөр 44 хувьд хүрчихлээ.
Магадгүй оны эцэс гэхэд 50 хувьд хүрчих ч юм бил үү. Ийм өндөр эрсдэлтэй байна шүү дээ. Үүнээс гадна бид хаана байгаагаа ойлгох хэрэгтэй. Дэлхийн томоохон зах зээл болсон орнуудтай хөрш зэргэлдээ учраас нарийн, тогтвортой бодлого явуулах хэрэгтэй байна.
Хоёр хөрш маань манайхыг тойруулаад дэд бүтцээ тавьж эхлээд байна. Үүнийг манай улс орны удирдагчид, улстөрчид зөв харж, зөв шийдвэр гаргаж харилцан тохиролцож явах ёстой. Гэтэл цаг хугацаа алдаад л суугаад байх юм. Би хэн нэгнийг шүүмжилмээргүй байна.
Хамгийн гол нь Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээд, ажилласан шиг ажиллаад бүгдээрээ урагшаа нэг алхам алхмаар байна шүү дээ. Гэтэл байсан байрандаа л зогсоод байх юм. Ард түмний төлөөлөл гээд УИХ-аас томилогдож ажиллаж байгаа учраас энэ Засгийн газар сайн ажиллах ёстой.
Өнөөдрийн Засгийн газрын ажлын үр дүн юугаар хэмжигдэх үү гэхээр ард түмний амьдрал, эдийн засгийн байдлаар л хэмжигдэнэ. Тэгээд ч тэр хэмжигдэхүүн маань ямар болчихоод байгааг бид бүгдээрээ харж байна шүү дээ.
-Засгийн газар, Монгол банкны үнэ тогтворжуулах хөтөлбөрт Та ямар дүгнэлт өгөх вэ? 
-Зах зээлийн зарчмын эсрэг явбал хэсэгхэн хугацаанд үнэ барина уу гэхээс цаашид тогтвортой байлгаж чадахгүй. Тэглээ ч ямар ч үр дүнгүй зүйл хийсэн нь одоо харагдаж байгаа биз дээ. Ерөөс зах зээлийн жам ёсны зүйлийг автоматаар барих нь тийм ч явцтай зүйл биш ээ. Нэг хэсэг аргацаах л зүйл шүү дээ.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод түүний танхимын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нарт хариуцлага тооцож, огцруулах асуудал яригдаж эхэллээ. Та ямар байр суурьтай байна вэ? 
-Ямар ч тохиолдолд хариуцлагыг ярьж байх ёстой. Хариуцлага ярьж байж л ажил сайжирдаг. Ер нь сүүлийн 20 гаруй жил хариуцлага гэдэг зүйлийг ярьсангүй. Тиймээс ажил төрөл явдаггүй байсан. Өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийж огцордог ардчилсан орнуудын жишиг байна л даа.
Үүнийг зарим хүмүүс ойлгож байгаа байлгүй. Манай ард түмэн ч гэсэн үүнийг шахаж, шаардаж хэлж байх ёстой. Гэхдээ бидэнд өнөөдөр юу, юуны түрүүнд тогтвортой байдал чухал. Ингэхдээ ямар ч гэсэн ээлжит бус чуулганаар орж ирсэн хуулиудыг хэлэлцэж гаргах нь зөв байх.
Эдийн засгийн хүнд байдалд оруулсан гээд байгаа хүмүүсийг ямартаа ч хоёр, гурван сар харах хэрэгтэй. Алдаа дутагдлаа ухамсарлаад, шүүмжлэлийг хүлээн авч ажил төрлөө сайжруулж ажлаараа л хэн гэдгээ харуулах хэрэгтэй.
-Бондын мөнгөний зарцуулалтын талаар бусад намын гишүүд ямар ч мэдээлэлгүй байна гэсэн. Харин танд ямар мэдээлэл байна вэ? 
- Монгол Улсын гадаад өр 15 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Үүний 10.6 нь хувийн хэвшлийнх, 4.4 тэрбум ам.доллар нь манай Засгийн газрын бондын өрийн бичиг. Манайх байгалийн асар их баялагтай учраас бонд босгоход тийм ч хэцүү биш. Гэхдээ зарцуулахад бидэнд ухаан хэрэгтэй байна.
Хамгийн гол нь тэр мөнгийг зарцуулах шийдвэр гаргаж байгаа хүмүүс албан ёсны субъектүүд мөн үү, хариуцлага хүлээх чадвартай юу гэдгийг дахин нэг харах хэрэгтэй. Миний харж байгаагаар тийм биш. Ямар ч байсан өнөөдөр Бондын зөвлөл гээд нэг юм байгуулсан.
Тэрэнд нь УИХ- ын даргын зөвлөх гээд хоёр хүн байдаг сурагтай. Мөн хоёр байнгын хорооны дарга байдаг юм шиг байна лээ. Бас Засгийн газрын гурав, дөрвөн сайд багтдаг гэсэн. Эд нар нийлж бондын зарцуулалтын шийдвэрийг гаргадаг гэж байгаа. Уг нь үүнийг Засгийн газар дангаараа хариуцах ёстой.
Засгийн газар бондын зарцуулалтыг хар толгойгоороо хариуцна. Гэтэл дундаасаа тийм нэг байгууллага байгуулчихаад яваад байх юм. Эцэст нь УИХ нь хариуцахгүй, Засгийн газар нь ч хариуцахгүй. Бондын мөнгийг ард түмэн л төлнө.
Монгол Улс бол хоёр сая 900 мянган хүний эх орон болохоос биш хэдэн дарга нарын эх орон биш ээ. Энэ хэдэн дарга нэртэй хүмүүс хийх ёстой ажлаа хийхгүй, Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн тангаргаа биелүүлэхгүй, хувийн эрх ашгийн төлөө хөөцөлдөж таарахгүй ээ. Ард түмний нэрээр олж ирсэн мөнгийг үр дүнгүй үрэх ёсгүй.
Д.Ангараг
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих