Зайсанг тусгай хамгаалалтаас гаргаж эхэллээ!

zaisanbarilga-middle-Томчуудын арыг дааж 60 орчим айл тэнд үлджээ-

Тусгай хамгаалалттай гэдэг тодотгол нь баячуудын гэж солигдсон Богдхан уулыг үгүй хийх төлөвлөгөө тун удахгүй хэрэгжиж эхлэх бололтой.

Хэдийгээр хууль бус гэдгийг нь мэддэг ч нүдээ аниад, амаа жимийгээд өнгөрдөг асар том авлигын ертөнц Богдхан уулын өврөөр сүндэрлэсээр байгаа. Харахад нүд гялбам тансаг харш, хашаа болгондоо харуул, нохой хоёр зогсоосон дээдсүүдийн хотхонууд.

Багтаж шингэх газар нь дуусаад ирэхээр уулын оройд хаусаа барихаар төлөвлөж буй тэд энэхүү тансаглалаа албан ёсных болгохоор зэхэж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийг нь муугаар хэлүүлж чичлүүлэхэд хүргээд байгаа дархан цаазат гэдэг үгийг хууль ёсны цаасан дээрээс нь баллуурдахаар чичирч байна.

Тэд энэ санаархлаа хоёр жилийн өмнөөс цухалзуулж байсан юм. Бүр тодруулбал Д.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд Богдхан уулын Зайсангийн амнаас эхлээд хэд хэдэн газрыг тусгай хамгаалалтаас гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж байлаа. Тэгвэл энэ удаад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд хоёр баячуудын захиалгаар Богдхан уулынхаа зүрхийг сугалахаар шийдчихээд байна.

Тэд Богдхан уулын Зайсангийн ам, Богинын ам, Арцатын амны газрын зарим хэсгийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Тогтоолын төсөлд тусгаснаар Зайсангийн амнаас 23.2 га, Богинын амнаас 0.3 га, Арцатын амнаас 21.8 га, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгажээ.

Тэдний ийм төсөл санаачлах болсон шалтгаан нь  бүр ч хошин тайлбартай. Барилгынхнаас газраа харамлаж, өмчлүүлж өгөхийг байнга шаарддаг өнөөх хэдэн уугуул иргэдийг нохойд барьдаг мод болгожээ.

Үе дамжин олон жил амьдарсан 700 гаруй өрхийн 2000 хүний газар өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд ийм төсөл боловсруулсан гэж хоёр сайд энэ үйлдлээ тайлбарлаж байна. Гэтэл тэдний яриад байгаа Богинын ам, Арцатын аманд олон жил амьдарсан уугуул иргэд байдаггүй. Харин Зайсангийн аманд барилгынхантай олон жилийн туршид хэрүүл тэмцэл хийж ирсэн хэсэг хүмүүс бий. Тэдэнтэй уулзахаар Зайсангийн амыг зорилоо.

Гэвч хоёр сайдын тайлбарлаж байсанчлан 700-гаараа тоологдох айл тэнд байсангүй. Учир, замбараа нь олдохгүй дууссан дуусаагүй олон барилгын дунд хоёр тусдаа бууриа сахиж хоцорсон 50-60 айл л үлджээ. 1940-өөд оны үед Хөдөө аж ахуйн их сургууль, Халдвартын эмнэлгийн ажилчдын байр баригдаж, суурьшлын бүс болох эхлэл нь тавигдсан энэ газарт тэр үеийн түүхийг илтгэх ганц ширхэг модон байшин л байна. Хажууд нь хүүхдийн хуучирсан тоглоомын талбай. Тэр хавьд үлдсэн иргэдийн үйлчлүүлдэг ганц хүнсний дэлгүүр. Хүн амьтан ч бараг харагдсангүй. Ус түгээдэг бололтой худгийн хажууд суух нэг эмээтэй хэсэг хөөрөлдсөн юм. Түүний ярьж байгаагаар хоёр сайдын яриад байгаа хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяатууд тэнд байхгүй гэнэ.

Эмээ ч гэсэн байгаа жаахан газраа үнэд хүрнэ гэвэл зарчихна гэж байна. Гэтэл газрыг чинь авья, мөнгө өгье гэсэн хүн одоогоор байхгүй ажээ. Яагаад гэдгийг мэдэхгүй тэр хэсэг айлыг тойруулаад барилга бариад байгаа аж. Өөрөөр хэлбэл, Зайсангийн аманд уугуул иргэд байхгүй биш байна, тэдэнд газар нь хэрэггүй биш хэрэгтэй. Сайд дарга нарт ард иргэдийн амыг таглах шалтгаан болж цөөхөн ч гэсэн тэр хүмүүс тэндээ байх л ёстой гэсэн үг. Баячуудын тансаглалыг нурж унах шахсан хуучны модон байшингаараа халхавчлаг гэж тэднийг үлдээсэн бололтой. Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын боловсруулсан тогтоолын төслийн шалтаг нь энэ хэдэн айл болох учиртай юм байна.

Угаас тэр хавийн айлууд амьдран суух нөхцөл тэнд алга. Эргэн тойронд нь алхаж гишгэх зайгүй барилгын ажил хийгдэж байна. Захын айлуудын хашаа нь хэдийнэ барилгын материалаар дүүрч, хэн нэгэн хөрөнгөтний мэдэлд газар нь шилжсэн бололтой. Ертөнцийн зүгээр Зайсан толгойн зүүн урд хэсэгт мөн л хуучны хэдэн байшингаас цөөхөн үлдсэн харагдав. Айл амьтан бараг байдаггүй бололтой энэ хэсэг газрын хажууханд Монголдоо толгой баячуудын хүүхдүүд суралцдаг америк сургууль бий.

Нөгөөтэйгээр олноороо сүндэрлэн боссон орон сууцны хорооллууд газрын зөвшөөрөлгүй гэдгийг бүгд мэднэ. Богд уулын ам болгонд баригдсан энгийн бидний мөрөөдөөд ч хүрэхгүй өндөр үнэтэй тэдгээр барилгууд харахад гоё л болохоос төр дархан цаазат газраа буцаагаад авбал ямар ч үнэ цэнэгүй. Тэгэхээр хоёр сайдын гараар Богдхан уулыг боомилуулах гэж байгаа томчуудын эгнээнд барилгынхан том байр эзэлж байгаа биз. Тэдний хүсэл биелж Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргачихвал хамгийн том толгойны өвчнөөсөө тэд сална гэсэн үг.

Ийнхүү “Иргэдийн эрх ашиг чухал байна. Удаан сууршьсан иргэдэд газрыг нь өгье” гэх мэтээр тэнэг хүн хуурч байгаа юм шиг шалтаг хэлчихээд Богдхан уулын дархан цаазат газрыг дур зоргоор нь тавьж өгөх далд биш тун ч тодорхой санаа хоёр сайдын өргөн барьсан тогтоолын төсөлд байгаа нь тун ч тодорхой байна. Зайсангийн аманд томчууд бүгд хаустай. Зарим нь орон сууцны хороололтой, сургуультай, авто угаалгын газартай. Бид хэчнээн тэмцээд, хашгирч орилоод баячуудын ертөнцийг хайрханаасаа салгаж чадахгүй биз. Харин тэдний дараагийн бай хажуу талынх нь  Богинын, Арцатын ам. Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёр ч бэлтгэлийг нь хангахаар улайран зүтгэж байна.

Үргэлжлэл бий

Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих