Роухани: Цөмийн зэвсэг Ираны номлолд харшилна
ТЕГЕРАН. /ИРНА/. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар хуралдаанд оролцон үг хэллээ.
Хүн төрөлхтний эсрэг зэвсэг бүтээх, хэрэглэх нь Ираны шашны болоод ёс зүйн итгэл үнэмшилд нийцэхгүй гэж Хасан Роухани хэлээд, цөмийн технологийг энхийн зорилгоор хөгжүүлэх эрхээ эдлэхийг давтан хүсэв.
Иран улс ч дэлхийн бусад улсуудын адил олон улсын хуулийн хүрээнд эрхээ эдлэх эрхтэй гэж тэрбээр хэллээ.
Иранд авсан хориг арга хэмжээ нь хүмүүнлэг бус, олон улсын хууль дүрэмд тэрсэлсэн үйлдэл байсан гэв.
Ямарваа улсад хэт шахалт үзүүлснээр ямар ч үр дүнд хүрэхгүй, үзэн ядах хандлагыг нэмэгдүүлж, энх тайван болоод нөхөрлөлийг бий болгох боломжийг хорогдуулна гэж тэрбээр хэлсэн юм.
Сирид болж буй иргэний дайныг зогсоох хүсэлтэй ямар ч улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа Роухани илэрхийлсэн байна.
Сирийн ирээдүйг шийдэх эрх гуравдагч улсад байхгүй гэдгийг тэрбээр цохон дурдсан ажээ.
Л.Урангуа
/Монцамэ агентлаг/
URL: