“Нутгаа санахаараа Н.Жанцанноровын “Тогосын цагаан овоо”-г тоглож тайвширдаг байлаа”

“Нутгаа санахаараа Н.Жанцанноровын “Тогосын цагаан овоо”-г тоглож тайвширдаг байлаа”

Төгөлдөр хуурч Б.Шүрээ сүүлийн арав гаруй жил АНУ-д ажиллаж амьдарч тэндхийн хүүхэд багачуудад төгөлдөр хуур заан сургаж өндөр үнэлгээ авсан билээ.

Энэ ч утгаар өөрийн гэсэн олон шавьтай болоод байгаа. Тэрээр төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн охин юм. Түүнтэй уран бүтээлийн сонин сайхан, Америкт өнгөрүүлсэн мөчүүдийнх нь талаар ярилцлаа.

-Таныг Америкт хэсэгтээ л төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлээд ирсэн гэж сонссон. Бас хэд хэдэн удаа ч тайлан тоглолтоо хийсэн гэдэг?
-Би 2002-2013 оны хоёрдугаар сар хүртэл Америкт ажилласан. Энэ хугацаанд дөрвөөс таван удаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ. Тэр дундаа Украйны алдарт хийлч Соломи, Америкийн нэрт төгөлдөр хуурч Энди Краф нартай хамтарч уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.

Энэ нь надад уран бүтээлийн маш том дурсамж үлдээсэн. Мөн Америкийн дуучид, хөгжимчидтэй хамтарч хэд хэдэн хотоор явж тоглолт хийдэг байлаа.

-Бодвол цалин мөнгө, зах зээлийн нөхцөл өндөр байсан биз?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би тийм цалин авч байсан гэж ярих нь илүүц байх. Ер нь нэг цаг гаруй тоглоход дажгүй үнэлгээтэй шүү. Харин группээр явж тоглоход зохион байгуулагчид бидний хөлс мөнгийг тохироод өгдөг юм.

Мөн намайг уран бүтээлийн тайлан тоглолт хийхэд Вашингтоны Арленгтоны соёл урлагийн газар тоглолтын бүх зар суртчилгаа, билет зарах надад төлөх мөнгийг зохицуулдаг Би зөвхөн төгөлдөр хуураа тоглох л үүрэгтэй. Өөр санаа зовох зүйл огт байдаггүй.

-Тэгэхээр төгөлдөр хуурыг их сонирхдог байх нь?
-Их сонирхож сайхан хүлээж авдаг Тэнд намайг сонсох дуртай хүн олон бий. Бүр 17, 18 настай залуучуудаас эхлээд 70, 80 настай хүмүүс сонгодог урлагийг их сонирхдог юм билээ. 17,18 настай залуучууд хүрч ирээд тантай хамт зургаа авахуулъя гэхэд нь би ямар урлагийн мэдрэмжтэй хүүхдүүд вэ гээд бүр гайхдаг байлаа.

Тэр хэмжээгээрээ тэд хөгжмийн боловсролтой. Энэ утгаар Монголын сонгодог урлагийг их хэмжээгээр сурталчилсан гэж боддог Тэр ч байтугай манай сонгодог урлагийг өндөр түвшинд байдаг юм байна ч гэж ойлгосон.

-Бодвол шавь нартай болсон биз дээ?
-Олон шавьтай болсон. Тэд Монголын Шүрээ гэж багшаар төгөлдөр хуур заалгая гээд нэг нь нэгнээсээ сонсоод ирдэг Одоо ч гэсэн над руу утасдаад хэзээ ирэх вэ ганц хоёр удаа давтлага авах юмсан гээд байгаа. Долоон хоногт хоёр удаа давтлага хийдэг Америк хүүхдүүд багшийгаа маш их хүндэлдэг.

Харин би л яагаад хичээлээ давтаагүй юм гээд ширүүлэх гээд байдаг юм. Ер нь монгол багш нар жаахан ширүүлхэх талдаа шүү дээ. Хүүхдүүдээс гадна эцэг эх нь ч их утасддаг Дөрөв,таван жил өөр багш дээр байж байгаад над дээр ирээд өөр болсон хүүхдүүд олон байгаа.

Сая есдүгээр сараас өөр багш дээр ирээд таныг их санаж байна л гээд байиа лээ. Баярын мэндчилгээ ч их явуулдаг Би ч тэднийгээ санах юм. Ихэвчлэн эцэг эхчүүд нь гэртээ урьж эсвэл зоогийн газар хүлээж авч уулздаг юм. Хүүхдүүд нь ч сайн сурдаг юм. Олон хүүхдэд заах төвөгтэй болохоор би зургаа, долоогоос илүү хүүхдэд заах дургүй байдаг юм.

-Монголдоо ирээд төгөлдөр хуурын сургалт нээсэн гэсэн байх аа?

-Төгөлдөр хуурын сургалт нээгээд одоогоор арваад хүүхэд сурч байгаа. Нэг их зарлаагүй хэрнээ хүүхдүүд их сонирхож байгаа. Харин ирэх зунаас амралтаараа Америк руу яваад ирье гэж бодож байгаа. Бас Оросоос ирж ажиллаач гзж урьдаг.

Одоо ачтай болчихсон болохоор хол яваад байж болохгүй. Монголдоо ирээд сайхан байна. Тийм учраас цаашдаа Монголдоо суурьшина гэж бодож байгаа. Монголдоо байхдаа АЖ А. Загдсүрэн, зууны манлай дуучин Х.Уртнасан, Ч.Мөнхшүр, А.Долгор нартай ажиллаж байлаа.

-Америкийн хотуудаар явж тоглож байсан гэлээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Вашингтон DС, Нью-Жерси, Бальгимер, Феладельфия, Фредерериа гэх мэт хэд хэдэн хотоор явж тоглодог байлаа. Ингэхдээ Бетховины “Сарны сонат, Бетховен 32 Вернаций, Свиридов Метель Вальс, Б.Мөнхболд төгөлдөр хуурт зориулсан соната, Варток, Дебулси, Моцартын уран бүтээл, Жорж Гершвин болон Америкийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож байлаа.

Дүү Мөнхболдын зохиолыг Америкийн урдаа барьдаг төгөлдөр хуурч энэ ямар мундаг зохиол вэ, Монголын сонгодог юм байна гэж хэлж байсан. Бас би төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Тогосын цагаан овоо” дуунд их дуртай. Энэ дууг хүмүүс дуулдаг болохоос биш төгөлдөр хуурт тоглодоггүй юм л даа.

Алс хол хүний газар нутгаа санахаараа энэ аялгууг тоглож тайвширдаг байлаа. Энэ аялгуугаа Моцарт реострандаа тоглохоор өө ингээд дуусчихаж байгаа юм уу ямар гоё аялгуу вэ гээд шагшаад байдаг юм.

Дахиад сонсмоор байна, хөгжмийн зохиолчийг нь энэ аялгуугаа дахиад үргэлжлүүл гэж хэлээч гээд байдаг “Тогосын цагаан уул” дуунд америкчууд үнэхээр дуртай. Нэг удаа тоглолтынхоо цайны цагаар гадаа гартал яг монгол хүн шиг төрхтэй хүн зогсч байна.

Нөгөө хүн маань та сайхан байна гэхлээр нь би баярлалаа гээд нэг л дотно санагдсан байхгүй юу Тэгээд чи Монголоос ирсэн үү гээд монгол хэлээр асуусан чинь ер ойлгодоггүй.

Тэгэхээр нь англиар чи монголоос яваа юу гэж асуусан чинь тийм гэхээр нь би бас монгол шүү дээ гээд дуу алдсан юм. Гэтэл тэр халимаг монгол юм билээ. Ер нь тэд монгол гэдгээ маш бардам хэлдэг юм билээ.

-Та Монголдоо дуурьт ажиллаж байсан гэдэг. Манай дуурийн дуучдын ур чадвар дэлхийн тувшинд хүрч чадсан нь анзаарагдаж байгаа биз?
-Ирээд удаагүй ч гэлээ ДБЭТ-аар орж ганц хоёр ая сонслоо. Манай залуу дуучид үнэхээр сайн байна. МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, СТА Д.Туяа гээд сайхан дуучдаар бахархаж байна.

-Таныг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн охин гэдгийг урлагийн хурээнийхэн мэднэ. Тиймээс таныг хүүхэд байхаас тань л танайд уран бүтээлчид олноор цугларч урлаг соёлын халуун яриа өрнөдөг байсан байх. Энэ нь магадгүй таныг урлагт дурлуулсан байж болох юм?
-Биднийг урлагийн хүн болоход аав ээжийн минь нөлөө их байсан. Хүүхэд ахуй наснаасаа л дуу хөгжим дунд умбаж өслөө. Тэр үед манайхаар урлагийн томчуул ирээд төгөлдөр хуураа тоглоно, бас хоорондоо яруу найргаа хэлэлцэнэ гээд яах аргагүй урлагийн халуун яриа өрнөдөг байлаа.

Энэ байдал биднийг эрхгүй урлагт татсан болов уу. Энэ утгаар би багаасаа л төгөлдөр хуурч болох зорилготой байлаа. Яагаад ч юм тэр үед бүхэл бүтэн оркестр тоглож байгаа юм шиг санагддаг байсан шүү. Тэгээд л найман настайгаасаа төгөлдөр хуурт орсон доо. Аав маань хөгжмийн зохиолч, ээж маань хийлч хүн.

Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байхад Кросын мэргэжилтэн сайхан багш нартай байлаа. Хичээлээ давтаад сууж байхад аав ээж хоёр маань миний хүү ингэж тогло, тэгж тогло гээд их зөвлөдөг байсан.

Биднийг ингэж урлагт хөлөө олоход аав ээж багш нарын минь буян. Одоо манай гэр бүлд АЖ Б.Мөнхдорж ах, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд гээд дүү маань байна.

-Бас та Америкт Валентиний баяраар тоглодог байсан гэсэн. Ямар үйл явдал болдог байв?

-Ер нь би Америкт байхдаа том том тоглолтуудад их оролцдог байсан. Валентиний баяраар залуучууд хос хосоороо ирээд ая сонсоод гоё юм билээ. Бас хамтдаа зургаа татуулах гээд хөгжилтэй зүйл олон тохиолддог байсан даа. Мөн Ленкольный сүм гэж том сүм байдаг юм.

Тэнд хоёр гурван жил дараалан шинэ жилийн шөнө 24.00 цагт уригдаж тоглож байлаа. Эхлээд шөнө тоглох гэнэ, ганцаараа тоглох байх даа гээд нэлээд гайхаж байсан. Гэтэл очсон чинь пиг дүүрэн хүн байсан нь их гоё санагдаж сайн тоглох эрч хүчийг өгсөн.

Миний хувьд Монголын уран бүтээлчийн нүүр царай болж яваа учраас нэлээд өндөр зэрэглэлийн байранд амьдардаг байсан.

Д.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих