Хүн хэрхэн үүссэн бэ?
Хорвоо ертөнцийн тухай бодох чадвартай, огторгуйн нууцыг мэдэх чадвартай хүн өөрөө хаанаас гаралтай вэ. Хүн хэрхэн үүссэн бэ, хүн хэрхэн амьдардаг вэ, хүн амьд явахад юу шаардлагатай вэ, хүний тархи гэж юу вэ гэх мэтийн асуултуудыг шинжлэх ухаан хариулж чадах хэмжээнд хөгжсөн. Хорвоо дэлхий анх тохиолдлоор үүссэнтэй адил бас хүний амьдрал анх эхлэхдээ тохиолдолоор эхэлсэн. Хорвоо ертөнц хүнийг чи төрөх үү, чи хаана бас хэзээ төрөх вэ гэж асуудаггүй.
Тэр ч байтугай эрэгтэй эмэгтэй, хар шар эсвэл баян ядуу төрөхийг хүн өөрөө шийдэхгүй энэ бол хувь заяа. Хүн хорвоод төрөөд дараа нь идэх хоол, уух унд бас ээжийн аавын хандах хандлагаас шалтгаалан амьдралын замаа эхэлдэг. Амьдралын замыг туулсаны дараа нь төгсгөлд нь очдог. Заавал идэж уух эсвэл унтаж хэвтэхийг бидэнд байгаль заяасан. Үүнээс хэн ч чөлөөлөх боломжгүй. Тийм учраас хүн байгалийн хүчнээс чөлөөлөгдөх боломжгүй харин хүний хүчнээс өөрийгөө чөлөөлөх бүрэн боломжтой.
Хүний организм нь юунаас бүтдэг вэ хүн эвлүүлдэг хялбархан тоглоом шиг эд үү аль эсвэл нарийн төвөгтэй нууцыг тайлахын аргагүй Бурханы бүтээл үү. Хүний организм нь үүрдийн биш хязгаартай тэгвэл тэр хязгаар хэзээ вэ түүнийг хойшлуулах ямар боломжууд байдаг вэ. Хүнийг төсөөлүүлж, бодуулж бас мэдүүлж чадах чадвартай тэр ухаан нь тархинд байрладаг тэгвэл тэр хүний тархи нь юунаас бүтдэг вэ ямар зохион байгуулалттай вэ. Хардаг бас сонсдог гэж ярьдаг тэр харалт ба сонсолтыг ямар процесс удирдаж бидэнд мэдээлээд мэдрүүлээд байна вэ.
Өнөөгийн хүний бодол бас мэдлэг нь хөгжиж тодорхой нэг шатанд хүрсэн гэж зарим хүмүүс үздэг ба хүний ухаан хөгжиж цаашаагаа интеллигенци болох чадвартай гэж ярьдаг. Хэдийгээр “интеллигенци” гэсэн ухагдахууныг зарим судлаачид шүүмжилж татгалздаг ч гэсэн энэ үг нэгэнт нийтийн дунд тархаж орчин үеийн “цуутай” бас “моодны” үгнүүдийн нэг нь болж хувирчээ.
Эцсийн эцэст “хүн чи хэн бэ” гэсэн асуултын хариултыг сонсоцгооё.
Хүний үүсэл
Хүний үүслийн тухай өгүүлэхийн өмнө ер нь манай дэлхий дээр анх амьд амьтан ерөөсөө нийт амьдрал хэрхэн бий болсон тухай түүхийг дурьдах хэрэгтэй. Анхны амьдрал үүссэн цаг үе нь манай дэлхий дээр ойролцоогоор дөрвөн миллиард жилийн өмнө гэдэг. Энэ цаг үед усан дотор химийн элемент хүхэр нилээд ихтэй орчинд анхны амьдрал үүссэн тухай судлаачид тайлбарладаг. Тэр үед атмосфер нь агааргүй харин нүүрсхүчлийн хий ба азотын хийнээс ихэнхидээ бүрдэж байсан учраас дэлхийн гадаргуу дээр амьдрал үүсэх боломжгүй байсан.
Эволюцийн процесс эхлэхийн өмнө өөрөө өөрийгөө хувилж чадах анхны генүүд үүссэн гэдэг. Тэр нь цааш үржсэн. Археологчидийн олсон дөрвөн миллиард орчим настай фоссилийг шинжилсэний дараа тэр үед хэрхэн анх амьдрал үүссэнийг мэдэх боломжтой болсон. Анх үүссэн тэдгээр үржилүүд нь орчиндоо амьдрал үүсгэх шалтгаан болсон ба хоорондоо харилцан информаци солилцож чадах чадварыг бий болгосон гэдэг.
Тэгснээр амьдралын хамгийн чухал бактер ба нэг эст үүсэж үржсэн. Тэр цаг үед удаан хугацаагаар дэлхий дээр микрорганизм, амьд бодь ба бактер тархаж тэр л үеийн нийт дүр зургийг бүрэлдүүлж байжээ. Манай дэлхийн амьдралд хамгийн анхны хэрэгтэй байсан хүчилтөрөгч үүсэх боломж гарсан. Хүчилтөрөгч аажмаар ихсэж атмосферээр тархсан. Анхны жижигхэн микрорганизмын хөгжлийн ачаар л өнөөгийн хүний организм үүсэх боломж энэ дэлхий дээр бий болсон. Тэр боломж гартал үнэндээ олон зуун сая жил үргэлжилжээ. Хүмүүсийн хэлдэгээр үнэхээр л тэр өчүүхэн “тоосноос” хүнийг үүсэн гэж ярьдаг.
Тэгвэл тэр тоос хэрхэн хөгжсөөр өнөөгийн биет хүн үүссэн тухай сайэнсийн хариултуудыг эхлээд мэдэх нь сонирхолтой. 6,5 сая жилийн өмнө хүний ойрын төрөл гэдэг сармагчингийн хөгжил эхэлсэнээр хүн үүсэх боломжтой эволюцийн “бидэнд” хамгийн чухал үе эхэлсэн. Хүний нэг онцгой ялгагдах чанар бол яахын аргагүй тархи. Улам л комплекс тархитай болсон хүний цааш амьдрах болсон чадвар юу вэ.
Магадгүй хүн гэж амьтны тархи хөгжсөөр арга заль, мэх нь олширох шалтгаан болсон. Түүгээрээ үлдэх боломж нь ихсэж ямар ч эволюцийн хөгжилөөс тусдаа хүний амьдрал гээч цоо шинэ зүйлийг зохиож өнөөг хүрч чадсан болов уу. Тархи хөгжиж комплекс болсны нэг шалтгаан бол үр хүүхдээ үлдээх тэр стратег, мэхлэх аргыг сэдэх болсон шаардлагууд гэдэг. Анхны хүмүүс олноороо группээрээ хамтран амьдардаг байсан. Олон дундаас үлдэхийн тулд зөвхөн тэмцэх тэмцэлд ялах хүч чадлаас гадна заль мэх сэдэх нь илүү чухал үүрэгтэй байсан. Хүч чадалгүй мөртлөө эм сармагчингууд хэрхэн амьдрах чадвартайг өнөөдөр судлаачид судалж тогтоосон.
Хүний үүсэл ба эволюцийг судлаж мэдэхэд тус болсон үйл явдал одоогоос 200 гаруйхан жилийн өмнө бий болжээ. Тэр бол байгаль судлаачид хүнийг бурхан л бүтээсэн гэж бичсэн библийн номонд эргэлзэж эхэлсэн үйл явдал байсан. Английн судлаач Чарлэс Дарвин судалгааны ажил хийж хүн ба амьтад хоорондоо холбоотойг нээжээ. Энэ тухай судалгааны ном бичсэн боловч номоо хэвлүүлэхийг 20 жилээр азнасан гэдэг. Азнаж хүлээсний учир нь тэр үед бүх нийтээрээ библийн номонд бичсэн ойлголтоор хүн ба амьтад ер нь бүх байгалийг зөвхөн бурхан л бүтээсэн гэдэгт итгэлтэй байжээ. Ийм цаг үед эдгээр ойлголтын эсрэг зогсох аюултай байсан учраас түр хугацаагаар Дарвин номоо хэвлүүлэхээ хойшлуулсан гэж бичсэн байдаг.
Өнөөдөр бол хүн яаж үүссэн, хүн яагаад үүссэн асуултууд хүмүүсийн ердийн мэдлэг болон хувирч түүний тухай олноороо сонирхох болж түүгээр барахгүй сайэнсийн олон салбарууд судалгааны ажил хийж байна.
Эволюци
Дэлхий үүссэнээс хойш 2 миллиард жилийн дараа л гэхэд дөнгөж олон эстүүд үүсэх нөхцөл нь тохиолдолоор л бараг бий болжээ. Ахиад нэг миллиард жил болсоны дараа үржлийн эх үүсвэр репродукц бий болсноор шинэ эстүүд үүссэн. Эдгээр эстүүдийн төрөл нь олширч янз бүрийн вариантууд гарч ирсэн. Үржлийн улмаас генүүд нийлж бас биологийн хэлээр рекомбинац болж эхэлжээ. Үүний үр дагавараар сайн мутацууд нийлэх нь олширч дараагийн генүүдийн генерац нь үүсэж эхэлсэн. Ингэж эволюци эхэлжээ.
Төвөгтэй нарийн бүтэцтэй комплекс амьд биетүүд ойролцоогоор 700 сая жилийн өмнө дэлхий дээр үүссэн. Тэдгээрийн гол тэжээл нь нарны гэрэл байсан тухай таамагладаг.
Одоогоос 500 сая жилийн өмнө маш олон шинэ амьд биетүүд үүсэж түрүүчийн амьд биетүүдийг устгасан өөрөөр хэлбэл тэдгээрээр амьдралынхаа тэжээлийг хийжээ. Дэлхий дээр тэр үед шинэ амьдрал үүсэхээс гадна атмосферийн өөрчлөлт их хүчтэй явагдаж байсан тул амьд биетүүдийн амьсгалах хийнүүд өөрчлөгдөж байсан. Гадаад орчны өөрчлөлтүүд, дасан зохицож үржих мөн селекцийн явцууд нь организмуудын цаашид амьдрахад бас хэрэгтэй шинэ амьд биетүүдийг бий болгожээ.
Ойролцоогоор 140 сая жилийн өмнө цэцэгдэх чадвартай ургамал гарч ирсэнээр манай гариг дэлхий дээр анхны өөрчлөлт болжээ. Амьтан ургамал хоёрын хооронд харилцан холбоотой амьдрал үүссэн. Учир нь ургамлыг цааш амьдруулах гол шалтгаан нь амьд биетүүд ба тэдгээр нь цэцгийн үрийг нь тээж олшрох боломж бий болгожээ. Их өөрчлөлтийн үед олон организмууд цааш олширч үржихийн тулд бусдыгаа агнах агнуурчин, бусдад идэш болдог олзны организмууд, дагаж амьдардаг паразитууд ба бусдын амьдрах орчныг устгаж амьдардаг сүйтгэгч организмууд өрсөлдөн амьдарч байжээ.
Эволюцийн цаад утга нь амжилттайгаар үржиж олшрохдоо байдаг. Модон дээр суудаг шувууны хөл нь удаан хугацааны дараа олон салаа болж өөрчлөгдөх жишээтэй. Эволюци нь өөрийнхөө генүүдийг л цааш өгөх гэсэн ойлголт ба харин ямар замаар цааш өгөх нь байгалийн хуультай хамаагүй явагддаг. Биологичид тайлбарлахдаа анхны организмууд нь амжилттай хөгжсөөр үржиж олшроогүй харин тохиолдолоор, гэмтэх чадвартай учраас, магадгүй эвдрэх чадвартай байсан учраас үржиж олширчээ гэдэг.
Орчиндоо тохирно, дасан зохицно гэдэг нь хөгжихгүй харин ч доройтох тухай ойлголт. Тийм ч учраас эволюци нь заримдаа урагшаа биш хойшоогоо явагдсан гэж хэлдэг. Вирус нь бие дааж амьдрах чадваргүй тул зөвхөн бие дааж амьдрах биетүүд гарч ирсэний дараа л дөнгөж бий болжээ. Амьтдын дотроос загасны нүд тэртээ тэргүй харанхуй далайн гүнд амьдрах болсны улмаас сайн хөгжөөгүй. Тийм учраас бусад амьтадтай харьцуулахад хараа муутай. Амьтдын дасан зохицох гэдэг нь цаашилбал нарны цацраг, газрын татах хүч буюу хүндийн хүч ба дэлхийн соронзод тохируулан амьдрах чадвар гэдэг.
Хүндийн хүчнээс болж амьд бодийн зарим хэсгүүд лоош унжин хөгжиж хазайх үед мэдрэн түших үүрэгтэй болдог. Мөн хүний чихний дотор байрладаг жижиг эрхтэнүүд биеийн жингээ зөв олж эгц зогсохыг зохицуулна. Нарны гэрлийн фотонууд нь эсийн дээр бууж мэдрэх эрхтэнүүдийг цочоох жишээтэй. Үүнээс шалтгаалан нарны гэрлийг харилцан адилгүйгээр мэдрэх өнгөний пигмэнтүүд үүсчээ. Гэрэл нь зөвхөн орон зай дотор чиглэлээ тодорхойлоход зориулагдаагүй. Мөн цаг хугацааг мэдрэхэд хэрэг болж өдөр шөнийн ялгааг үүсгэдэг.
400 сая жилийн өмнө комплекс биетүүд уснаас гарч усанд ба газар дээр хоёуланд нь амьдрах чадвартай болсон. Ийм амьтдын гэрч олдворууд нилээд судлагдсан. Хосмол чадвартай болоход хүндийн хүч их үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс гадна амьтдын сурах ба эргэн санах чадвар хөгжиж эхэлжээ. Зөгийнүүд жишээлэхэд урьд өмнө байсан газрынхаа шинж байдлаар эргэн санадаг. Шувуунууд л гэхэд хоорондоо харьцах шинэ дуу авиаг дахин шинээр сурах чадвартай ажээ. Тэгснээр ижил төрөлтнөө танин мэдэж авах чадвартай. Эволюцийн хөгжил дардан замаар явсан зөвхөн хөгжил байгаагүй. Үүний жишээнүүд бол дэлхийн түүхэнд болсон том кадатстрофууд.
Жишээ нь 250 сая жилийн өмнө том хэмжээний катастроф болсон. Катастрофоор олон төрөл организмууд сүйрч устсан. Хуурай газар дээр амьдарч байсан олон төрлийн организмууд байгалийн цаг уурын ба климагийн өөрчлөлтөөс шалтгаалан устжээ. Үүний дараагаар 200- гаас 150 сая жилийн өмнө шинээр өөр төрлийн организмууд нэмэгдэж бий болсон. Ихэнхи нь рептилууд байсан ба газрын гадарга дээр амьдарч эхэлсэн. Жижиг биетэй заврууд тэр л үед амьдарч байжээ.
Харин 65 сая жилийн өмнө бүх төрлийн том заврууд бидний мэдэх динозаврууд ч гэсэн хамт дээрхи кадатстрофийн улмаас устжээ. Сүйрлүүд гарсанаар дэлхий дээр том газар нутгууд суларчээ. Энэ суларсан орон нутаг дээр сүүн тэжээлтэнгүүдийн таран амьдрах боломж бий болсон. Сүүн тэжээлтэн амьтан дэлхийн гадаргуу дээр амьдрах болсон тэр үеийг жинхэнэ эволюцийн эхлэл гэж нэрлэдэг. Эволюци өөрөөр явагдаж бас болох л байсан. Ямар ч л байсан хаа нэг газар шинээр дэлхий үүсэхэд яг тийм эволюци явагдахгүй нь ойлгомжтой.
Манай дэлхий дээр ч мөн дахиад бүх эволюци шинээр эхлэнэ гэвэл өнөөдрийн сүүн тэжээлтэнгүүдийн нэг төрөл “хүн”дахиад үүсэх боломж бараг л үгүй. Учир нь дэлхий дээр явагдсан эволюци эрэмбэ дараатай хөгжил биш харин асар замбраагүй “каос” байсан.
Эволюцийг судлаачид анх амьтны үлдэгдэл фоссилуудыг судалж байх үедээ нээсэн. Эрт дээр үед үгүй болсон амьтны чулуужсан үлдэгдэл фоссилийг ажиглан одоогийн амьд байгаа өөр амьтантай төсөөтэй байгааг судлаачид ажигласан. Фоссил гэдэг нь наад зах нь л сая жилийн хугацааны асуудал тийм ч учраас чулуу болсон. Судлаачид гайхсан асуултандаа хариу олж чадаагүй. Харин Чарлес Дарвин фоссилийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж “хэрхэн төрлүүд үүсдэг тухай” гарчигтайгаар номоо бичсэн.
Ном нь 1859 онд хэвлэгдсэн. Чарлес Дарвин дэлхийн нэртэй судлаачидын тоонд бүрэн багтдаг. Түүний үлдээсэн бүтээлүүд ба нээлтүүд их ач холбогдолтой байсан. Дарвин байгалийг тэр чигт нь бүгдийг хамруулан судалсан. Амьдралынхаа турш ном, мэдлэгтэй ажиллажээ. Английн байгаль судлаач Чарлес Дарвин 1809 оны 2 сарын 12 нд төрсөн. Тэр 1882 оны 4 сарын 19 нд нас барсан. Дарвин дэлхийн байгаль ба амьтан ургамлыг судалхаар 1831 оноос 1836 он хүртэл Өмнөд Америк, Шинэ Зеланд, Австрали ба Өмнөд Африк орнуудаар аялж судалгааны ажил хийсэн. Цэцэг ургамал, болжмор шувуу ба сармагчингийн төрлүүдийг өргөн хүрээтэйгээр судалсан.
Судалгаандаа гипотез, ажиглалт ба эксперимэнт бүхий л шинжилгээний аргуудыг Дарвин гарамгай хэрэглэж чадсан.
Дарвин эхлээд дараах гипотезуудыг хийсэн:
1. Дэлхий дээр байгаа бүхий л амьд биетүүд ердөө л ганцхан маш энгийн организмаас үүсэлтэй.
2. Эволюцийн хөдөлгөх хүч нь репродукц, вариац ба селекц
3. Бүхий л амьд биетүүд бусад организмуудийг төрж амьдрах боломжгүй болтол нь олширч үржин түрүүлэн эзлэх чадварыг эзэмшдэг. Олшрох үед тэдгээр нь мөн өөрчлөгддөг ба цааш удамшин үлддэг. Энэ өөрчлөлтүүд нь тухайн төрөлд ашигтай байдаг. Жишээ нь гөрөөсний төрөлүүд дотроос хар сүүлт хурдан тул чононд идүүлээгүй үлдэж цааш олширсон. Удаан нь устаж үгүй болсон гөрөөсний төрлүүд гэдэг.
4. Байгалийн селекцээс гадна хээлтүүлгийн селекц байгааг Дарвин ажигласан. Амьд биетүүдийн эм нь аль гялалзсан үстэй эсвэл онцгой урт өдтэй эр төрөлтөнгүүдтэйгээ нийлдэг. Онцгой гоё гялалзсан эрүүд нь бусдад амархан идүүлэх аюул ихтэй ч седекцийн гол зорилго нь урт амьдрахдаа биш олшрохдоо байдаг. Онцгой урт өдтэй төрөл эртэй нийлэх эм төрөлтөний сонирхол нь олон төрлийн үр удам төрөх магадлалтай гэсэн тактик.
5. Төрөлтөнгүүд мөн холдон салж амьдардаг. Жишээ нь эх газар дээр амьдарч байсан шувууны төрлийн нэг хэсэг нь далайн дундах арал дээр очиж амьдардаг. Удаан амьдралын дараа шинэ өөр төрөл бий болдог. Энэ шинэ төрөл буцаад эх газар дээр ирэхэд хуучин төрөлтэйгээ ямар ч нийлэх боломжгүйгээр өөрчлөгдсөн байдаг. Байгаль дээр селекц ямар ч төлөвлөгөөгүй явагддаг. Харин практикт бол селекцийг зориуд төлөвлөн хийдэг. Сүү ихтэй үнээ, мах ихтэй үхэр, үс сор нь гялалзсан ямаануудыг үржүүлгийн фермд тэжээж хиймэл нийлүүлэлт буюу хээлтүүлгээр үржүүлж олшруулдаг. Амьд биетүүдийн ямар төрлөөр хэрхэн хөгжиж ирсэн түүхийг газрын чулуугаар л мэдэх боломжтойг Дарвин тэмдэглэжээ.
Байгалийн бас нэг гайхамшиг бол олон янзын нүд булаам гоё цэцэгнүүд. Сарнай цэцэг яагаад гоё байгаа нь хүмүүст таалагдахдаа биш эрвээхий ба зөгийний сонирхолыг татах тактик. Тийм учраас цэцэг бүр онцгой гоё дэлгэрдэг ажээ. Түүн дээр буусан эрвээхий үрийг нь наалдуулан авч цааш газраар цацан олон янзын цэцгүүд бий болдог байна.
1955 онд биологич Конрад Лоренц эволюцийн тухай хэрхэн төрлүүд хадгалагдаж үлддэг талаар судалгаа явуулсан. Зарим төрлүүд эволюцийн теоригоор олшрохын төлөө биш харин бие биенийгээ алж устгаж байгааг биологчид ажигласан. Жишээ нь арслан амьтан овгийнхоо удирдагч болонгуутаа эм арслангуудтай нийлэхийн өмнө зулзагануудыг нь бүгдийг нь устгаж байхыг судлаачид ажигласан. Цаашилбал энэ байдал шимпанз сармагчингууд дээр бас ажигласан.
Тэгэхээр өөрийнхөө төрөлтөнгүүдийг хамгаалж үржүүлэх биш харин устгаж алах нь нилээд түгээмэл болохыг судлаачид тогтоожээ. Биологчидийн судалснаар төрөлтөнгүүд олшрох, тэмцэх амьтдын өөрсдийн тэмцэл биш харин төрөлтөнгүүдийн доторхи генүүд энэ тэмцлийг явуулдаг тухай ойлголтыг шинээр гаргаж ирсэн. Генүүд нь дараагийн организмд цааш үржихийн тулд зөвхөн л амьтангийн биеийг нь хэрэглэдэг гэсэн гипотезийг судлаачид гаргасан.
Хомо сап
Өнөөгийн хүний үүслийг ойролцоогоор 200 000 жилийн тэртээ гэж тогтоосон. Тэгэхээр хүн бол сармагчин төрөлтөн дотроо хамгийн залуу төрөл нь. Археологчдийн олсон олдворууд хамгийн сонирхолтой хэсэг нь ойролцоогоор 50 000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн багаж хэрэгсэл гэдэг. Эрт үеийн култур маш их олон талын дэвшилттэй байжээ. Жишээ нь гоёлын ба байлдааны хэрэгсэлүүд хийж байсан байна. Хүний соёлд гарсан хувьсгалт үеийг суурин амьдрал эхэлсэн цаг үеэр тооцдог. Энэ үед тариа тарих, хамтран ан агнах, ургамал жимс цуглуулан хоол хүнс бэлдэх ба хадгалах гэх мэтийн соёлууд үүсчээ. Хэдийгээр Моцартын симфони хөгжмийн аялгуу соёлын том дэвшил байсан ч үүнтэй адил хүй нэдлийн үеийн хүмүүсийн хийсэн багаж хэрэгсэлийг соёлын дэвшилээр нэрлэхээс өөр замгүй. Эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн багаж хэрэгсэл амьдрах хэв маягийг өнөөгийн нүдээр соёл гэж дүгнэх хэрэгтэй.
Одоогоос ойролцоогоор 11 000 жилийн өмнө болсон мөстлөгийн дараа дэлхийн газар нутгийн нилээд хэсэг усанд автагдан тэнгис далайд хамрагдсан. Өөрөөр хэлбэл хүмүүсийн амьдрах орон нутаг хумигдсан. Хүмүүс тэр үед хаа сайгүй ан хийж амьдрах боломж багассан ба үүнтэй хамааралтай ан гөрөө багассан тул газар тариалан эрхлэх гарцаагүй нөхцөл гарчээ. Тариалангийн хажуугаар мал аж ахуй эрхлэх зайлшгүй шаардлага гарсан нь хүнсний нөөцийг ихэсгэсэн боловч малын паразитууд хүмүүст дамжин улаан бурхан, сахуу ба гэдэсний өвчингүүд ихээр тархаж олноороо үхэж байсан.
Суурин болсоноор нийтдээ хүний бие муудаж ирсэн хэдий ч хүнсний хэмжээ ихэссэнээр хүүхэд олон төрж эрүүл өсөж бойжих боломжтой болжээ. Тэд ертөнцийг бас байгалийг ойлгож ухааран зохицох чадвартай болсон.
Одоогоос ердөө ойролцоогоор 10 000 жилийн өмнө хүмүүс хүнс хоолоо зөвхөн өдөрт нь хэрэглэх биш хадгалах ба боловсруулах болж чадсанаар хамтран амьдарч олноороо нэг дор бөөгнөрөх боломжтой болсон. Ингэж өлсгөлөнгөөс мултрах боломж гарч хүн төрөлхтөний шинэ амьдралын арга барил үүсэж бий болох эхлэл тавигджээ. Хүний соёлын бас нэг ололт бол хэл яриа мөн. Энэ л биднийг бусад амьтанаас ялгах соёлын нэг тод жишээ. Хүмүүс санал, бодол, хүсэл мөрөөдлөө хоорондоо хэлж ярихдаа гол нь биш аюулаас бие биенийгээ аврахын тулд найдвартай хурдан мэдээ өгөх нь хэл ярианы чадвар.
Тэр үеийн хүмүүс ан гөрөө хийж харилцан хурдан ойлголцох чимээ өгч дуудах, тохиоллсон явдлыг үнэмшилтэй дүрслэхэд хэл яриа илүү их чухал үүрэг гүйцэтгэжээ. Хүн хэлж ярьдаг болсон тэр чадвар нь тэнгэрээс буугаад ирээгүй. Харин гарцаагүй үүсэх ёстой эволюцийн шаардлага байсан. Хэл яриа нь байгалийн бэлэг өөрөөр хэлбэл хүний тархиний хувьсгал байсан. Хүн ярьж байх нь өөрийгөө л ярих тухай ойлголт. Чичирхийлсэн, эсвэл уурласан, эсвэл айсан хэлбэрээр бас ярих жишээтэй. Хэлж ярих чадвар нь бусдыг бас нөлөөлөх чадвар олгодог. Хурдан алхаач гэх жишээгээр уриалах. Дүрслэн ярихаараа одоо удахгүй харанхуй болно гэх жишээтэй. Эсвэл дэлхий нарыг тойрог замаар тойрдог шүү дээ гэж дүрслэн бодсоноо бусдад хэлэх гэх мэт.
Хүний хэл яриа хөгжсөнөөр хүний дотоод организм ба гадаад ертөнцийн тухай ойлголт илүү цэгцтэй ойлгомжтой болж ирсэн. Хүн бие даан ертөнцийн тухай бодол хийлж түүнийгээ илэрхийлж тайлбарлаж чаддаг болжээ. Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд бид эрт дээр үед аварга том динозаврууд дэлхий дээр амьдарч байсныг хүртэл мэдэж авсан. Үүнтэй адил шинжлэх ухааны судалгааны үр дүнд бид дэлхий дээр амьдарч буй бүхий л хүн төрөлхтөний анхдагч нь сармагчин байсныг хүртэл олж тогтоосон.
Генийн сайэнсийн судалгааны үр дүнд хүний генийн нийт тоо ширхэг нь шимпанзи нэртэй сармагчингийн генийн тоо ширхэгтэй ойролцоо болохыг бас судалж тогтоосон. Хүн шимпанзтай ердөө л 1% ийн генийн ялгаатай ба өөрөөр хэлбэл бусад бүх 99% гени нь яг адилхан.
Шимпанзийн эх нутаг бол Африк тив. Өнөөдөр антропологчид африк тив нь хүний өмнөх төрөл “хомо сап” үүссэн нутаг гэж судлаж мэдсэн. Тэд африк тивээс анх гарч дэлхийгээр тархжээ. Дэлхийгээр таран амьдарч орчин үеийн цивилизац буюу иргэншлийг бүтээн байгуулсан хүний тэр их чадвартай ген гэж юу вэ. Ген нь хүний эрүүл мэндтэй хэрхэн хамааралтай вэ. Энэ асуултуудыг хариуг сайэнс хэрхэн хариулсаныг одоо сониорхоцгооё.
Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр авав.
С.Молор-Эрдэнэ. “Ертөнц Бодол Мэдлэг” УБ 2013 номоос
URL: