Уран экспортлох нь тодорхой боллоо, харин хаягдлаа яах вэ
Монгол Улсад Францын Гадаад хэргийн сайд саяхан айлчилсан. Энэ үеэр Францын “Арева” групп Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурчихаад явсан.
Энэ нь “Арева” групп, “Кожеговь” компанитай холбоотой элдэв асуултад нэг мөр хариулт өгсөн хэрэг байв. Дээрээс нь Монгол Улс уран олборлох нь тодорхой болсон гэдгийг ч бэлхнээ хэлээд өглөө.
Гэхдээ Францын “Арева” групп дангаар биш манайхан “Мон-Атом” гэдэг компаниар дамжуулж тэднийг хянахын зэрэгцээ хамтарч ураны олборлолт хийх болж байх шиг байна. Ерөнхийдөө хөндлөнгөөс харахад, хамтарсан компани байгуулж байгаа нь яах аргагүй хяналт тавих гэж нэг хэлбэр гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ энэ бол хамтарсан компани байгуулсны зөвхөн нэг л зорилго. Цаана нь олон ач холбогдол, тодорхой бус зүйлүүд нуугдаж байгаа. Улаанбадрах суманд өрнөсөн асуудлаас болоод иргэд жагсч, тэмцэж, “Кожеговь” компанийг ажлаа хийхэд саад болж байсан.
Яагаад гэвэл гадаадын нэг компани манай улсад орж ирээд, ураны лиценз авчихаад, газар ухаж, байгаль орчин хордуулаад байна гэх ойлголт иргэдэд байсан. Тэгвэл “Мон-Атом”-тай хамтарсан компани байгуулснаар монголчууд өөрсдөө уранаа олборлоно, тэгэхдээ гадны компанийн тусламжийг авч байгаа гэх ойлголтыг иргэдийн толгойд суулгаж, элдэв эсэргүүцлийг нь зогсоох боломжтой байж болох юм.
Одоогоор хамтарсан компанийн 34 хувийг манай улс эзэмшиж байгаа гэх мэдээлэл гарсан. Дээрээс нь Монголын Засгийн газар “Арева” групп болон “Мон-Атом” компанийн хамтарч байгуулсан компанийн ажлыг амжилттай явуулах тал дээр бүх талаас нь дэмжинэ гэдгийг Япон улсад айлчлал хийх үеэрээ ярьсан байсан. Энэ бүхэн уран олборлох үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ гэдгийг шууд хэлээд өгч байна.
Одоогоор “Арева” групп манай улсад 27 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн мэдээллийг гадны зарим сайтад мэдээлж байгаа юм. Харин манай зарим нэг албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Арева”-ийн нийт эзэшиж байгаа тусгай зөвшөөрлийн бараг тал нь Дорноговь аймагт байдаг гэх. Хамгийн гол нь энэ олон тусгай зөвшөөрлийг бүгдийг нь ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор хичээж байгаа тухай гадны том сайтууд мэдээлсэн нь Дорноговь аймаг тэр чигээрээ ураны уурхай болж хувирах гэж байгааг хэлээд ч байх шиг.
Ерөнхийдөө хамтарсан компани байгуулахын зэрэгцээ сөрөг хүчний гишүүд ч уран олборлохыг яаравчлахыг сануулж байгаа харагдсан. Мөн уран ямар ч аюулгүй гэдгийг ч олон нийтэд ойлгуулах хэрэгтэй мэтээр Су.Батболд ярьж байсан нь асуудал нэгэнт шийдэгдсэн гэдгийг улам мэдрүүлээд байгаа юм. Дээрээс нь “Кожеговь” компанийн туслан гүйцэтгэгч “Ордгео” компани ирэх өвөл ямар ч байсан арванхоёрдугаар сарын 30 хүртэл өрөмдлөгө хийх мэдээлэл байгаа. Магадгүй жилийн дөрвөн улирлын турш өрдөмдөж байж ч болох юм.
Одоо нэгэнт гал тэрэг хөдөлчихлөө. Тиймээс зогсоох ямар ч арга байхгүй болсон гэсэн үг. Харин бид Улаанбадрах суманд өрнөсөн асуудалтай адлихан зүйлийг дахиж давтахгүй, эрсдэлд орохгүйн төлөө маш сайн хянаж, технологийн горимыг нь сайн мөрдөж ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа Цөмийн энергийн газраас сайн хянаж ажиллах шаардлагатай байна. Газар нутаг, иргэдийн аюулгүй байдлын төлөө шүү дээ. Тэртэй тэргүй ямар нэг эрсдэл гарлаа гэхэд Монголын Засгийн газар үүрнэ гэх утгатай заалт Цөмийн энергийн тухай хуульдаа тусгаад өгчихсөнөөс хойш хариуцлагатай байх шаардлагатай гэдгийг сануулах гэсэн хэрэг.
Нөгөө талаар манай уранаа гаргаад, ашиг оллоо ч гэсэн цөмийн хог хаягдлаа яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Шар нунтаг экспортолсон орон цөмийн хог хаягдлаа буцаагаад өөрөө авах ёстой гэсэн нэг журам байсан. Түүнийг одоо больсон талаар олон хүн хэлээд байгаа. Гэхдээ л газар шороо, эх нутгийнхаа төлөө санаа тавьдаг цөөнгүй хүн цөмийн хог хаягдал явсаар байгаад уран олборлосон газраа ирдэг нь жам гэдгийг ч яриад байгаа. Өнөө цагт уран авсан орон өөрөө цөмийн хаягдалаа шийднэ гэж байгаа ч ихэнх том орон энэ асуудлыг 50:50 хувиар шийдэх гэрээ байгуулдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар л байгаа. Үндсэндээ цөмийн хог хаягдлынхаа тавин хувийг уран экспортолсон оронд нь буцааж өгөх нөхцөлтэйгээр худалдаж авдаг гэх үү дээ.
Өнөөдөр Франц улс цөмийн энергийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тиймдээ ч “Арева” компани дэлхийн өнцөг булан бүрт очиж уран олборлож, улс орныхоо цөмийн хэрэгцээг хангаж байгаа. Өөрсдөө ураны нөөцөө дууссан болохоор бусдынх руу орж байгаа нь мэдээж. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа нь Франц өөрийнхөө цөмийн хог хаягдлыг яг яасан бэ, одоо яаж байгаа вэ гэх асуулт. Зарим дэл сул яриагаар бол Франц улс цөмийн хог хаягдлаа булахын оронд галт тэргэнд ачаад байнга ийш тийш нь явуулж байдаг гэх. Энэ бараг л үнэн юм билээ.
Үүнээс аваад үзвэл Франц улс цөмийн хог хаягдлаа булах газаргүй гэсэн үг болж таарах гээд байгаа юм. Тийм учраас манай улсаас авч гаргасан шар нунтагаа ашиглачихаад, цөмийн хог хаягдлаа буцаагаад өгөх магадлал өндөр гэж хардах гээд байна. Тиймээс цөмийн хаягдлаа яах вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Мэдээж хамтарсан компани байгуулж, Засгийн газар бүх талаар нь дэмжиж ажиллах гэж байгаа хойно цөмийн хог хаягдлаа яах тухай гэрээ хэлцэл байгуулсан байх. Үгүй юмаа гэхэд аман байдлаар тохирсон зүйл байж л таараа. Монголчуудад хал багатай л байгаасай гэж найдах үлдээд байна.
Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй гэж итгэх л үлдлээ. Уран олборлох “галт тэрэг” нэгэнт хөдөлчихлөө шүү дээ.
Н.Пунцаг Эх сурвалж: www.mminfo.mn
URL: