II ээлжинд орон сууцжуулах газруудыг танилцууллаа

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд 12 байршлыг сонгож, орон сууц барихаар болсон. Энэхүү 12 байршлын газраас Баянгол дүүргийн Гандангийн гэр хороолол дахь айлуудыг орон сууцжуулах боломжгүй аж.

Гэсэн ч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар гэр хорооллыг орон сууцжуулах ажлын II ээлжийн газруудын байршлыг НИТХ-аар өчигдөр танилцууллаа. Дээрх байршилд нийт найман газар байгаа аж. Эдгээр байршил дахь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг маргааш шийдвэрлэх юм байна.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Энэхүү най­ман байрш­лын эхэнд Сонгинохайрхан дүүр­гийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийт 3.7 га талбай байгаа аж. Тус дүүрэгт одоогоор 210 хүн ам байдаг. дээрх төлөвлөлтөөр 830 хүн амтай болох гэнэ. Түүнчлэн тус дүүрэгт нь нийт 57 нэгж талбарыг хамардаг байна. Төлөвлөлтөөр хоёр давхар амины орон сууц 15 ширхэг, 171 айлын таван давхар үйлчилгээтэй орон сууц, 250 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг болон хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн байрыг барихаар төлөвлөлтөд орсон аж.

 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Тус дүүргийн хоёрдугаар хороо буюу “Дарь эх” амины орон сууцны хороолол нь нийт 20 га талбайг хамарч байна. Ингэхдээ нийт 145 нэгж талбарыг хамарч, 700 гаруй айл өрх байхаар төлөвлөгөөнд тусгажээ. Тус хороонд одоогоор 680 хүн ам суурьшиж байна. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу 700 хүн ам байх гэнэ.

 

Мөн хоёр, дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу нийт 70 га талбай байна. тус хороонд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хоёр давхар амины орон сууц 65 ширхэг, таван давхар нийтийн орон сууц 51 ширхэг, есөн давхар нийтийн орон сууц дөрвөн ширхэг, 19 давхар үйлчилгээний орон сууц таван ширхэг барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна Засаг захиргааны нэгдсэн контор нэг, 650 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг, үйлчилгээний барилга 13, их, дээд сургууль гурав байхаар төлөвлөгөөнд тусгаад байгаа гэнэ.

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ

17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамба дар­жаа­лин хийд” орч­мын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийт 7.6 га тал­бай газар байгаа юм байна. Тус хэсэгт одоогоор нийт 356 хүн ам оршин суудаг аж. Харин шинээр төлөвлөлт хийснээр 400 хүн амтай болох юм байна. Түүнчлэн энэ хэсэгт 22.4 километр усны шугам, 33 УТБ-ыг шугаманд холбосон байгаа аж. Мөн ус шахах хүчин чадал бүхий насос станц байрладаг байна.

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10,11 дүгээр хорооны “Бичил-7” орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийт 93 га талбай газар байна. Тус хэсгийн ерөнхий төлөвлөгөөнд таван давхар орон сууцны барилга 13 ширхэг, 320 хүүхдийн цэцэрлэг зургаа, 960 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль дөрөв, мөн аж ахуйн зориулалтаар барилга байгууламж барих гэнэ. Тус хороонд одоогийн байдлаар 5640 хүн оршин суудаг бөгөөд төлөвлөлтөөр 40 мянган хүн амтай болох аж.

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийт 16.5 га талбай багтаж байна. Энэ хэсэгт одоогийн байдлаар 682 хүн ам байдаг. Харин төлөвлөлт хийснээр тус хорооны хүн амын тоо 2770 болох нь. Нийт 130 нэгж талбарыг хамрахдаа 12 давхар үйлчилгээтэй орон сууц гурван ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга дөрвөн ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль болон 230 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг тус тус нэгийг барихаар төлөвлөлтөд оруулсан юм.

 

БАГАНУУР ДҮҮРЭГ

Нэг болон тавдугаар хорооны ерөнхий төлөвлөгөөнд нийт 78.7 га талбай хамрагдаж байгаа аж. Уг хамрах  талбайд одоогоор 4200 хүн амьдардаг. Ийнхүү төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэснээр 6052 хүн амтай болох гэнэ. Нөгөөтэйгүүр тус хэсэгт нийт 270 нэгж талбарыг хамрагдаж байгаа юм байна. Дээрх хэсэгт төлөвлөлтөөр орон сууцны барилга 60 ширхэг, гэр сууц 1080 ширхэг, худалдаа үйлчилгээний барилга хоёр байх гэнэ.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Нэг, хоёр, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цэргийн хотхон” орон сууцны хороолол нь нийт 54 га талбайтай. Энд одоогоор 4500 хүн ам байдаг гэнэ. Хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 25 мянган хүн амтай болно. Мөн нэг мянган нэгж талбайг хамарч, төлөвлөлтийн дагуу дээрх хэсгийг гурван бүсэд хуваан хэрэгжүүлэлтийг хийх юм байна. Үүний хоёрдугаар бүсэд Толгойтын 88 дугаар цэргийн хотхоны хуучин 1-9, 11, 12 дугаар дан байруудын төлөвлөлтийг  “Чогсэрд Констракшн” ХХК гэрээ байгуулсны үндсэнд ажлаа эхлэхээр болжээ.

 

Т.Болорцэцэг

 

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих