Иргэний Зориг залуучуудын холбооны 3-р их хурал хуралдлаа

9сарын 21 буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ИЗНН-ын залуучуудын байгууллага буюу Иргэний Зориг Залуучуудын холбоо ээлжит их хурлаа МҮХАҮТ-ийн хурлын танхимд хийлээ.
Иххуралд Иргэний зориг, ногоон намын удирдлагууд, залуучуудын холбоог үүсгэн байгуулсан анхны гишүүд оролцож, дараагийн шинэ залуу залгамжлагчид болох залуу гишүүддээ мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, ерөөлийн үгээ хэллээ.
Хуралд монголын нийт 21 аймгаас 18 аймгийн 2-4 төлөөлөгч, хотын 9 дүүргийн нийт 90 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Их хурлын гол зорилго нь сүүлийн үед үйл ажиллагаа нь бага зэрэг сулраад байсан залуучуудын холбоогоо дахин шинээр зохион байгуулах болон холбооны шинэ удирдлага, бүтцийг сонгох, зохион байгуулах, дүрэм журмаа шинэчлэн найруулах, лого, тамга тэмдгээ батлах байлаа.
Хурлын явцад оролцогч залуучууд өөрсдийн төлөөлөл болж ирсэн орон нутгийнхаа онцлог, хийсэн ажлаа дүгнэн, цаашдаа хийх ажлаа ч ярилцан, бие биендээ туршлагаасаа хуваалцсан нь хурлын хөтөлбөр, үйл ажиллагааг их үр өгөөжтэй болгосон юм. Энэ удаагийн хурлын нэг давуу байдал бол залуучуудын холбооны удирдлагуудыг шинэчлэх буюу шинээр зохион байгуулж, сонгох явдал байсан бөгөөд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, чиглэл тус бүрийг хариуцсан гурван тэргүүн дэд  ерөнхийлөгчийг сонгон, хяналт, удирдлагын шинэ аппарат болох ерөнхий нарийн бичгийн дарга, санхүү, эрхзүй хариуцсан томилгооны 3 албан тушаалыг шинээр бий болгосноор ажил үүргийн хуваарилалт нь тодорхой болсон явдал юм. Өөрөөр хэлбэл бүтцийн хувьд залуучуудын холбооны удирдлагын зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг задлаж төрөлжүүлсэн нь дараа дараачийн ажилд хурдтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, мөн ажил үүрэг тодорхой болсон нь салбар бүртээ туршлага хуримтлуулах өргөн боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Дээрх албан тушаалд хуралд төлөөлөгчөөр ирсэн хөдөө орон нутгийн гишүүд ч нэр дэвшсэнээр сонгогдох үйл явц ч гэсэн өрсөлдөөнтэй, шудрага, сонирхолтой болсон юм.
Дашрамд дурдахад ИЗЗХ нь Азийн лебирал залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон, гадаад харилцаа сайтайгаараа бусад залуучуудын байгууллагаас давуутай бөгөөд монголынхоо залуучуудын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, семинарыг эх орондоо зохион байгуулах бүрэн эрхтэй цорын ганц байгууллага бөгөөд холбооны гол зорилго бол шинэ үеийн залуу лидерүүдийг бэлдэх билээ.
Иргэний Зориг Залуучуудын Холбоо нь либерал үзэлтэй залуусын нэгдэл билээ. Тиймээс манай залуучуудын холбоонд хүний эрх, эрх чөлөөг дээдлэж, байгаль дэлхийнхээ сайн сайханд санаа тавьдаг хэн бүхэн нэгдэхийг уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих