Үзүүлэх сургалтаар нураагдсан байрны эзэд гудамжинд гарчээ

“Цэргийн 44” хэмээн нэрлэдэг гурван давхар орон сууцыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нураасан. Тухайн үед байшинг нураах гэж ОБЕГ, цагдаагийнхан ирж зам талбай хаан сүр дуулиантайхан үзүүлэх сургуулилт хийсэн. Тэр үед холбогдох албаны хүмүүс байрных нь мөнгийг оршин суугчдад ам метрээр нь тооцоод өгчихсөн, асуудал шийдэгдсэн хэмээн ярьж байсан.

Гэтэл оршин суугчид “Биднийг байшингаа хурдхан нураалгачих. Тэгэх л юм бол энэ суурин дээр чинь шинэ орон сууц бариад та нарыг оруулна хэмээн сайхан ярьж байсан хүмүүс алга болчихлоо. Бид яах юм” хэмээн өнгөрсөн өвөлжингөө заргалдсан ч тэдний үг хана мөргөөд л замхарсан.

Оршин суугчдын ярьж байгаагаар энэ байрыг балгас болоход төр, засаг манлайлжээ. Учир нь Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүс гээд ОБЕГ-ынхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд үзүүлэх сургалт хийсэн. Үүнээс болоод байр улам их тоногдож балгас болжээ.

44 айлын 200-гаад хүн ийнхүү гэр оронгүй болоход оронд нь байр барьж өгье гэж засгаас бичиг санаачлага гаргасан юм байхгүй. Үндсэндээ 200 иргэнийхээ хувь заяан дээр газар хөдлөлтийн үзүүлэх сургалт хийсэн гэж оршин суугчид үзэж байна.

Тоногдоод яадгаа алдчихаагүй, амьд хүн оршин сууж байхад нь хүнд машин механизм, экскаватор, цэргийн машин авч ирж байрыг эвдсэн байна. Оршин суугчид гомдохын эрхэнд “Хэдий чинээ эвдрэл сүйтгэлтэй байх тусам төдий чинээ сайн сайхан шоу болох байсан юм байлгүй” гэлцэж байлаа.

Хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд ийнхүү бүдүүлгээр халдсан “үзүүлэх сургуулилт” гэгчийг нь үзэх гэж шадар сайд хүртэл ирсэн. Тэдэнд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Өнөөдөр тус байрны оршин суугчид хоёр тал болчихоод байгаа аж. СӨХ-ны дарга Дашжаргал гэгч хүний гэр бүлийн санхүүгийн чадавхгүй компанид газар эзэмших гэрчилгээг нь 2004 оны аравдугаар сарын 5-нд 455 тоот тогтоолоор олгосон байна. Бусад 43 айлын төлөөлөл энэхүү газар эзэмших эрхэд ороогүйд асуудлын гол нь байгаа юм. Ингэснээрээ оршин суугчдыг сонголт хийх эрхгүй болгосон байна.

Орон сууцыг нураагаад оронд нь шинийг барьж, хуучин байсан байрных нь ам метрээр оршин суугчдыг шинэ байранд оруулах, эсвэл адилхан А зэрэглэлийн бүсэд яг адилхан хэмжээтэй байрыг оршин суугчдад өгөх, эсвэл хуучин байраа зах зээлийн үнээр зарах гэх мэтчилэн олон сонголт оршин суугчдад байх ёстой.

Оршин суугчдад ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүгд байгаа. Гэтэл тэднийг 1963 онд барьсан хэтэрхий хуучны барилга болохоор акталсан гээд л байрнаас нь хөөгөөд гаргачихсан. Харин хуучин барилгыг оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр нураах эрхзүйн үндэслэл байхгүй.

Оршин суугчдад сүүлдээ бас нэгэн хөгийн саналыг тавьжээ. А зэрэглэлийн бүсэд орших тухайн орон сууцны тал хүрэхгүй үнээр оршин суугчдаас байрыг нь худалдан авч орон сууц барихгүй бизнесийн зориулалтаар ашиглана хэмээжээ.

Яг үнэндээ тухайн орон сууцны газрын гэрчилгээг л авах гэж байгуулагдсан хөрөнгийн чадавхигүй тэрхүү байрны СӨХ-ны захирлын компани “Чингис хаан” гэх гүйцэтгэгч компанитай үгсчээ. Энэ байрны оршин суугчдын эмгэнэлт жишээ 40, 50, 120 мянгатад ч давтагдахгүй гэх газаргүй.

Ц.Мөнх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих