“Гэр бүл салалт 5.5 хувиар өссөн” гэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн асуудлаар баримтлах салбарын бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээ мэдээлэл солилцох уулзалт”-ыг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа.
Тус яамнаас Монгол Улсын төрөөс гэр бүлд суурилсан “Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, олон жил хамт амьдрах гэр бүлийг дэмжих, эдийн засаг нийгэм, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын яамдын баримталж буй бодлогыг энэ уулзалтаар сонсох, мэдээлэл солилцох зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс тайлбарлалаа. Уулзалтад яамдын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийсэн юм.
Статистикийн үндэсний хорооноос гаргасан тоон үзүүлэлтээс харахад 2012 оны байдлаар 2467 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсныг тогтоосон байна. Энэ нь 2007 оныхтой харьцуулахад гэр бүл салалт 5.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Иймд гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох, орчныг нь бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж.
Энэ талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаас дараах хариултыг авлаа. Тэрбээр дээрх уулзалтыг удирдсан юм.
-Гэр бүлийн гишүүдийн үүрэг алдагдсан нь салалтын нэг шалтгаан гэж тайлбарлалаа. Үүнийг тодруулахгүй юу?
-Гэр бүлийн хүрээнд салалт өндөр байна гэдийг судалгаанд үндэслэж хэлэх ёстой. Манай яам байгуулагдсаныхаа гэр бүлийн гишүүдийн үүрэг ямар байгаа талаар судалгаа хийсэн. Тухайлбал эхнэр хүн гэр бүлийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарах, эрчүүд нь мөнгө санхүү эдийн засгаа авч явах гэсэн эртний уламжлал манайд тогтсон байдаг. Гэтэл энэ мэт гэр бүлийн гишүүдийн үүрэг алдагдаж байгаа учраас маргаан, зөрчил гарах явдал гарч байна. Нөгөө талаар гэр бүлийн боловсрол муу байгаагаас хөндөгдөж буй асуудал их гардаг.
-2007 онтой харьцуулахад 2012 онд гэр бүл салалт 5.5 хувиар өссөн гэсэн мэдээллийг танай яам өгч байна. Гэр бүл салалтын гол шалтгааныг юу гэж байна бэ?
-Орлого дагасан шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр гэр бүлийн салалт ихэссэн. Гадаадад маш олон хүн гарч ажиллаа. Гадаад оронд ажиллаж байгаа хүн ихэвчлэн гэр бүлээрээ биш ганц бие залуус гардаг. Энэ нь салалтын шалтгаан болж байгаа байх гэж бодож байна. Өмнөд солонгост 20 – 30 мянган хүн гарсан. Тэдний ихэнх нь эрчүүд гарлаа.
Тэд олон жилийн дараа эх орондоо ирэхээрээ өөрийнхөө гэр бүлд дасан зохицох, гэр бүлийнхээ гишүүдтэй харилцаа муудах асуудал үүсдэг байдаг. Энэ асуудалд төр анхаарах, гэр бүл салалтыг багасгах тогтвортой бодлого барих ёстой байсан болов уу гэж бодож байна. Гэр бүлээр нь хамт хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих ч юм уу. Өмнөд солонгост ажиллаж буй хүмүүсийн 20 орчим хувь нь салсан гэсэн судалгаа байдаг юм билээ.
Иргэдээ эх оронд нь байлгах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах тал дээр нь төрөөс бодлого барьж эхэлсэн. Гэсэн хэдий ч нэгэнт гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадад байгаа монголчуудыг аль болох гэр бүлээр нь гаргах бодлогыг манай яам баримтлана.
-Залуус удаан хугацаагаар гадаадад сурах, энхийг сахиулахаар явж байна. Энэ хүмүүсийн хувьд гэр бүлийн харилцаа муудах, салах ч тохиолдол байж болох юм?
-Гэр бүлээр нь гаргадаггүй юм гэхэд эхнэр хүүхдийг нь жилдээ нэг удаа тухайн улс оронд нь аваачиж уулзуулдаг зохицуулалтуудыг хийдэг байж болно. Энэ тал дээр бид анхаарах ёстой болж байна. БШУЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насанбаяр “Гэр бүлийн салалтыг багасгах, тогтвортой байдлыг хангахын тулд бага наснаас нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай” гэсэн юм.
Т.Амартүвшин
URL: