Галаа шүтдэг Монгол ёс хаана байна

Хар ус самардаггүй, хаалга алдалж зогсдоггүй, хайч ангайлгаж тавьдаггүй, хайлган Монгол ухаан хэмээн нэгэн яруу найрагч шүлэглэсэн байдаг.

Монголчууд ямар их бэлгэдэлтэй, ёс заншилтай ард түмэн бэ гэдэг нь энэ хэдхэн мөрнөөс л харагдаж байгаа. Монгол түмний шүтэх ёс их өргөн. Тэр дундаа галаа тахиж, шүтэж ёс маш нарийн.

Ер нь дэлхийн бүхий л ард түмэн галыг шүтэн дээдэлдэг, түүнтэй холбоотой олон төрлийн зан заншил үүсгэсэн байдаг. Энэ нь магадгүй хүний хөгжлийн явцад гал асар их дэвшилт авчирсантай холбоотой байж ч болох.

Монгол нүүдэлчдийн хувьд гал бол амьдралын чухал салшгүй хэсэг болж түүнтэй холбоотой олон төрлийн зан заншил, цээр, зэрэг зүйлүүд үүсэн бүрэлдсэн байдаг.

Гал дээдлэх Монгол ёсонд ураг барилдаж өрх гэрийн анхны гал голомт үүсгэхэд эцгийн галаас таслах, эсвэл хадмын галыг билэгшээх, өөх тосоор мялааж бэрийг галд мөргүүлдэг заншил нь галыг ариун бөгөөд ариутгах чадалтай хэмээн шүтэх ёс аж.

Тэгээд ч галд өөх тос, мах, идээний дээжийг өргөж, шүтэж ирсэн. Түүнийхээ хэрээр галын хажууд мод, яс цавчихыг цээрлэнэ, галын бурхан тавгүйтэнэ. Галд шувууны өд сармис түлэхийг цээрлэнэ. Малын нүд өвдөнө сохорно. Голомтын галд бохир эд зүйл хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ, зайлна хэмээнэ цээрлэж ирсэн. Энэ бүхэн зүгээр нэг мухар сүсэг гэхээсээ илүү гал мэт өөдөө мандан бадрахын бэлгэдэл болж ирсэн нь тодорхой.

Гэтэл өнөө цагт энэ бүх дэг ёс, цээр цэрвийг умартсан гэхэд болно. Тэр дундаа Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд галдаа юу ч хамаагүй хийдэг. Гялгар уут, нүүрс модны тор, хаймар, цаашлаад үхсэн шувуу, муур, нохой ч түлж байгаа айл байна.

Шувуу түллээ гээд малын нүд нь өвдөнө гэх юм биш, нүд нь өвдөх малтай биш дээ гэж муйхарлах хүн байж магад. Гэхдээ малын биш юмаа гэхэд хүний, хүүхдийн нүд өвдөхийг үгүй гэх газаргүй. Гал голомтоо бузарлаж, элдэв зүйл шатааж байгаа хойно ямар нэг гай барцад ирдэг л байж таарна. Үгүй гэх газар огт байхгүй.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын утаа хэрээс хэтэрч, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Агаарт байгаа хорт бодисын хэмжээ чинээндээ тулж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа. Тэгвэл агаарын бохирдол, тэр дундаа агаарт цацагдаж байгаа хорт бодисын хэмжээг нэмж байгаа гол шалтгаан нь элдэв хог хаягдал, хаймар, шуудай, гялгар уут түлж байгаагаас үүдэлтэй.

Гялгар уут, нүүрсний тор, дугуйны хаймар түлэхэд хамгийн их хорт бодис ялгардаг гэж байгаа. Жишээ нь, дугуйг уян хатан, харимхай болгохын тулд хүхэр нэмдэг байна. Ийм дугуйг шатаах үед диоксид хэмээх хорт бодис ялгарч, амьсгалын эрхтэн болон нүдний салст бүрхэвчийг гэмтээдэг аж. Цаашлаад урагт нөлөөлдөг. Мөн утааг өтгөрүүлж, салхинд туугдан замхрах хурдыг бууруулдаг байна. Энэ мэт жишээнээс харахад, Монголчуудын гал шүтэх ёс нь цаагуураа тун нарийн учиртай, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлсэн агуулгатай байгаа нь харагдаж байна.

Сармис, сонгино түлэхээр малын нүд өвддөг нь нотлох албагүй үнэн. Тэгвэл сармис, сонгино түлэхэд гарсан утаа ойр орчны агаарыг бохирдуулж, малын нүд өвдөхөөр хорыг ялгаруулдаг байж таарах гээд байгаа юм. Үүнийг өвөг дээдэс нарийн тайлбарлах албагүйгээр, зөвхөн гал тахих, шүтэх ёсонд шингээгээд өгчихөж. Харин орчин цагт хүмүүс тэр ёс журмыг умартаж, галдаа юу ч хамаагүй хийдэг болсон нь эргээд олон өвчний үүсэх үүсвэр болсон ч юм бил үү, хэн мэдлээ.

Ерөөс ёс заншил ч бай, агаарын бохирдлын эсрэг ч бай хамаагүй аль нэгийг нь дагаж, иргэд галаа зөв түлдэг баймаар байна. Болж өгвөл элдэв зүйл шатаахаа болих цаг болж. Энэ талаар ч гэсэн сургалт, сурталчилгаа байнга явуулж байх хэрэгтэй байна. Зарим нь агаарын бохирдлоо зогсооё хэмээн ухамсарлаад элдэв зүйл түлэхээ болих бол нөгөө хэсэг нь зүгээр ёс заншлаа дагаж болно шүү дээ. Тиймээс хоёр аргыг хоёуланг нь хэрэглэж, нийтийг сэнхрүүлэх хэрэгтэй байна.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих