Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааны гол хөшүүрэг нь халамжийн мөнгө

Эдийн засгийн өсөлт өмнөх оны энэ үетэй харьцуулахад нэмэгдэж байна гэсэн мэдээллийг холбогдох сайд нар хийж байгаа.

Харин нийгмийн дундах ядуурал тун их байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх талтай байгаа юм. Үүний эсрэг эрчимтэй тэмцэж байгаа арга хэмжээний нэг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй бодлого юм. Үүнийг халамжийн бодлого гэж шүүмжлэх хүмүүс байгаа ч өнөөдөр Монгол Улсын зорилтот бүлэгт халамж хэрэгтэй байгаа гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөөд байгаа.

Энэ нь амьжиргааны төвшинөөс доогуур, тэжээгчээ алдсан, өрх толгойлсон гээд нийгмийн хөдөлмөрлөх чадвар муутай сулхан орлоготой гэр бүлд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Зарим хүмүүсийн “халамжийнх” хэмээн үзэн яддаг мөнгө зарим нэг хүний амьдралд ямар их хэрэг болж байгаа талаар уншигч танд сонирхуулахаар шийдлээ.

Сүүлийн үед ажилгүйдэл бус өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо улсын хэмжээнд жилд 3000-4000 нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг аж. Энэ нь олон хүүхэдтэй эхчүүдэд халамжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүй болгоход хүргэж байгаа юм байна. Иймээс өрх толгойлсон ганц бие эхчүүдэд халамжийн мөнгө хэрхэн үр өгөөжөө өгч байгаа мөн энэ мөнгө тэдэнд хэр их дэмжлэг байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Н.Лхагвагаагийнхаар зочиллоо.

Тэтгэвэрт гарах нас нь болоогүй нялх хүүхэдтэй эмэгтэйг сураглаж байгаад очсон маань энэ байсан юм. Н.Лхагва гэх эмэгтэй өдгөө дөч гарч яваа бөгөөд өөрийн гэсэн газар өмчлөөд авчихсан. Жижигхэн ч гэсэн тохилог орох оронтой. Гэвч ажил хийх боломж бололцоогүйн учраас халамжийн мөнгөөр амьдарч байгаа нь энэ аж.

Үүдээр нь ороход дулаахан уур амьсгалтай айл гэдэг нь шууд л мэдрэгдэж байв. Гадаа нэлээд тоглосон бололтой гэмээр бяцхан охин гэрт байсан юм. Цэцэрлэгт явдаггүй гэнэ. Тэрбээр “Охиноо цэцэрлэгт оруулж чадаагүй ээ. Мөнгө байхгүй. Тэгээд ч мань мэтийн хүүхдийг хэр баргийн цэцэрлэг авахгүй юм байна билээ. Ядахдаа л муу охиныхоо хичээлийн хэрэглэлийг бэлтгэж чадахгүй юм даа” хэмээн хэлж байлаа.

Зөвхөн халамжийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй гэх эмэгтэй дөрвөн хүүхдийнхээ хоёрыг нь сургуульд сургаж байгаа нь завшаантай санагдсаныг нуух юун. Хүнээс бишүүрхүү тэр жаахан охин ээжийнхээ энгэрээс огтхон ч салахгүй байх юм. Н.Лхагва “Энэ маань ингээд энгэрт наалдчихаад байдаг болохоор ажил хийж чадахгүй юм” хэмээн хайр дүүрэн харцаар охиноо харж байсан. Үнэхээр л охин ээжийнхээ энгэрт наалдчихаад ажил хийлгэдэггүй бололтой санагдсан шүү.

ИНГЭЭД ТҮҮНЭЭС ЗАРИМ АСУУЛТАД ХАРИУ АВСАН ЮМ.

-Танай хүүхдүүдээс биеэ даан амьдрал зохиох насанд хүрсэн хүүхэд байгаа юу. Хүүхдийн мөнгө буюу халамжийн мөнгө амьдралд тань хүрэлцэж байна уу?
-Би нэг хүү, гурван охинтой. Хамгийн том охин маань 19 настай. Бид хэд чинь хүүхдийн мөнгөөр л амьдралаа залгуулж байна. Энэ мэт мөнгө чинь хүрэх эзэндээ хүрвэл үнэхээр хэрэгтэй байдаг юм. Энэ мөнгө чинь л бидний амьжиргааны эх үүсвэр болоод байна шүү дээ. Том охин маань удахгүй ажил хийх байх.

Учир нь би ажил хийдэггүй 3 настай охинтой учраас олон цагаар ажил хийж чадахгүй байгаатай маань холбоотой. Манай ам бүлд ажил хийдэг хүн үнэнийг хэлэхэд одоогоор байхгүй л байна. Хүүхдүүд маань хичээл сургуульдаа явна гээд асуудал мундахгүй л байна. Гэхдээ төр засгаас өгч байгаа мөнгөний хүчинд хэдэн хүүхдээ өлсгөчихгүй амьдраад л байна.

-Халамжийн мөнгө гэж сард хэдэн төгрөг авч байна вэ?
-Халамжийн мөнгө гэж сар бүр 70000 төгрөг авдаг. Хоёр хүүхэд маань сард 50 орчим мянган төгрөг авч байгаа. Уг нь гурван хүүхэд маань хүүхдийн мөнгө авдаг байсан ч хүүгийн маань нас хүүхдийн мөнгө авах үеэсээ өнгөрчихсөн. Би гэр зуураа давхар ажил хийж сарын орлогоо жаахан нэмье гэхээр үнэхээр боломж олдохгүй юм. Нялх хүүхэдтэй болохоор хаашаа ч хөдөлж чадахгүй юм байна шүү дээ.

-Халамж хавтгайрлаа гэж шүүмжлэх хүн олон байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Одоо бол манай гэр бүлийн санхүүгийн ганц эх үүсвэр нь халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө болоод байна. Халамж хаана ч байх ёстой гэж би боддог. Улс нь иргэнээ халамжлах чинь байх ёстой үзэгдэл.

Гэхдээ тэрхүү халамжийг хүртэх ёстой эзэд нь авах ёстой юм болов уу. Миний хувьд бол халамжийн мөнгөө яаж ийж байгаад л хэрэгцээндээ бүрэн хүргэж амьдралаа аваад л явж байна. Одоо бол төрөөс өгч байгаа энэ мөнгө байхгүй болчихвол яах вэ гэдэг бодол л төрж байна даа. Ямартай ч ядарсан ганц бие өрх толгойлсон эмэгтэйд асуудал мундахгүй байх нь тодорхой. Гэхдээ бага ч гэсэн энэ мөнгөөр өрхийнхөө хэрэгцээг хангаад чадахаараа л зүтгэж байна.

Ийм нэгэн амьдралыг туулж яваа эмэгтэйд төрөөс өгч байгаа мөнгө үнэхээр дэм болж байгаагийн нэг тод жишээ аж. Гэхдээ зарим нэг хүний хувьд энэ өрхийн сарын хэрэглээний мөнгө болох 130 мянган төгрөг юу ч биш байж магадгүй л юм. Ямартай ч авсан зүйлдээ сэтгэл хангалуун байдаг хүмүүст бол хамгийн том нэмэр гэдгийг зарим хүн мэдэрсэн нь эндээс мэдрэгдэж байна.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих