“Ахмадын орон сууцны барилга шаардлага хангахгүй байгаа” гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилсан нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэн баталсан билээ.

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, санхүүгийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давтагдашгүй хүчин зүйлд гэр орноо алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах боломжтой юм. Энэхүү орон сууцанд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах нөхцөлтэй  юм.

“Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг нийслэлийн таван байршилд барихаар төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд “Түр орон сууц”-ны зориулалтаар бариад байсан 300 айлын орон сууцанд эхний ээлжийн ахмадуудыг оруулахаар нийслэлийн удирдлагаас шийдвэрлэсэн. Гэтэл уг барилгыг улсын комиссоос техник нөхцөлийн шаардлага хангахгүй гээд хүлээж авахаас удаа дараа татгалзсан байна.

Энэхүү барилгын техникийн нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилсан юм. Ахмадын орон сууцны барилга нь бидний сайн  мэдэхээр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн цаана байрлах улаанхүрэн өнгөтэй 15 давхар хоёр барилга юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бэрэн” компани ажиллаж байгаа аж. Уг барилга бүрэн баригдаж дууссан боловч чанаргүй барьсаны улмаас гаднах ханын хавтан нь хууларч унасан байдалтай байлаа.

Мөн гаднах хана нь зарим хэсэгтээ цуурсан байв. Энэ талаар тус барилгын талбайн инженерээс тодруулахад “Нийслэлээс цахилгааны асуудлыг нь шийдэж өгнө гэсэн боловч шийдэж өгөөгүй байгаа.

Энэ асуудлаас болоод улсын комисст хүлээлгэж өгөх боломжгүй болчихоод байна. Хананы хөөсөнцөр хуурсан асуудлын хувьд бол аль ч барилга байгууламжид иймэрхүү асуудал гарч байдаг. Манайх хуурсан ханыг засаж байгаа” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Дээрх мэргэжилтний хариултаас харахад хананы дулаалга хуурч унах нь тийм ч том асуудал биш бололтой. Гэвч бодит байдал дээр энэхүү байранд ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оруулахаар төлөвлөөд байгаа. Гэтэл өвлийн улиралд иймэрхүү асуудал гарвал байрнаас гарах хэцүү байх хэцүү байдалд орно гэдэг нь тодорхой байна.

Гэтэл “иймэрхүү юм байдаг л нэг асуудал засаад болчихно” гээд сууж байна. Хананы дулаалгаас гадна нийслэлийн удирдлагуудын гэнэтийн шалгалтын үеэр уг барилгын цахилгаан шат нь гацсан, дотор хананы шохой хуурсан гээд олон зөрчилтэй асуудал илэрч байжээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулсан юм.

-Сүхбаатар дүүрэгт ахмадын орон сууцны зориулалтаар барьсан барилгын гаднах хананы дулаалганы хөөсөнцөр хуурч унасан байдалтай байна. Энэ барилгын ажилд ямар хяналт, шаардлага тавьж байгаа вэ?

-Уг барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээж авахад дутуу ажлууд байгаа учраас хүлээж аваагүй байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас чанар хяналтын дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн байгуулагад нь өгсөн байгаа. Ер нь захиалагчийн зүгээс барилгыг чанар муутай барьсан байна гэж үзээд дулаалгын асуудал болон бүх тал дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар болсон байгаа.

-Барилгын компанийнхны зүгээс нийслэлээс цахилгаанаар хангаагүй учраас комисс хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Цахилгааных нь асуудлыг шийдээгүй юм уу?

-Тийм асуудал байхгүй. Энэ газар анхнаасаа дахин төлөвлөлтөд орсон газар байсан учраас дулаан, цахилгааны тал дээр асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

-Мэргэжлийн байгууллагаас шаардлага хангахгүй гэсэн хариу гарвал яах вэ?

-Тодорхой шаардлага хангахгүй байгаа доголдолыг зассаны дараа дахин хяналт оруулах болно. Түүний дараа шаардлага хангана гэсэн тохиолдолд оршин суугчдыг оруулна.

Зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд амьдрах орон сууцанд орох хүсэлтэй иргэн олон бий. Тиймээс барилга нь боссон ч оршин суугчид нь орохоос өмнө элдэв асуудал ахмадуудад тохиолдохгүй байхаар засварлуулна гэдгийг нийслэлээс мэдэгдсэн юм.

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих