“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам зохион байгуулагдана
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус кино наадамд Ази, Америк, Европын 13 найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Эдгээр зочдод зориулан 2010-2013 онд бүтээгдсэн Монголын киноны дээжисээс танилцуулах хөтөлбөр тусгайлан бэлтгэгдсэн ба хөтөлбөрийн кино бүтээлийг сонгох үйл ажиллагаа 2013 оны 9-р сарын 6 болон 9-ний өдрүүдэд амжилттай явагдсан.
Монгол кино танилцуулга хөтөлбөрийг сонгох зөвлөх хороонд ССАЖЯамны Соёл Урлагийн Бодлогын Хэрэгжүүлэлтийг Зохицуулах Газрын дарга Н.Оргил, Монгол-Францын Төвийн захирал Софи Латаядыг төлөөлж кино зөвлөх Лефийол Тристан, МҮОНРТ-ийн зөвлөх найруулагч, кино найруулагч Г.Жигжидсүрэн, МҮОНРТ-ийн МН2 телевизийн сэтгүүлч, кино найруулагч Н.Уранчимэг, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Гэрэлсүх, Биг Лайн Фильмс студийн захирал, кино найруулагч З.Батболд болон Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ц.Ариунаа нар орж ажиллаа.
Монголын кино урлагийг танилцуулах хөтөлбөрт нийт 8 уран сайхны, 5 баримтат кино ирснээс дараах бүтээлүүдийг зочдод танилцуулах болсон. Үүнд:
“Улаан дөрвөлжин”, Б.Ганболд, Хамба Студи – УСК
“Бодлын хулгайч”, Ж.Сэнгэдорж – УСК
“Лардьма”, Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм – УСК
“Аравт”, Д.Золбаяр, Монгол Фильм – УСК
“Би монгол хүн”, Б.Баяр, Сэмүүн Студи – Баримтат кино
“Нэрийг минь хэлж өгөөч”, Э.Хүрэлхүү, Аригу Студи – Баримтат кино
“Улаанбаатар” олон улсын кино наадмын Зөвлөх хорооны гишүүдийн шийдвэрээр тус наадмын нээлтийн киногоор найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны кино сонгогдон нээхээр боллоо.
URL: