Гарет бэйл: Би хөлбөмбөгийг урлагтай зүйрлэдэг
Английн хөлбөмбөгчин, Испанийн “Реал Мадрид” клубын хамгаалагч 24 настай Гарет Бэйл дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдийн нэг.
Клубын эзэдтэй зургаан жилийн гэрээ байгуулж 100 сая еврогийн хөлс авахаар болж, өнөө цагийн хамгийн өндөр гэрээг байгуулсан хөлбөмбөгчин болоод буй. Тэрбээр шинэ клубынхаа тамирчидтай багагүй хугацааг өнгөрүүлж анхныхаа тоглолтыг хийгээд байсан билээ. Ингээд цаг үеийн сэдвээр “www.givemesport.com” цахим хуудсанд сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.
-Хэн анх Реал Мадрид багт орох санал тавьсан бэ. Энэ талаар яриач?
-Анх энэ багт орох санал багийн менежер тавьсан. Би ч эхлээд янз бүрийн л зүйл дээр эргэлзэж байлаа. Гэхдээ би өөрийгөө ийм өндөр үнэтэй гэрээ байгуулна гэж эхнээсээ мэдээгүй. Миний амьдралын хамгийн том өөрчлөлт. Надад одоо сайн тоглож, багаа аваргын алтан цомд хүргэх л үлдлээ.
-Багийн хувьд?
-Реал Мадрид багийг дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг тоглодог, сонирхдог хүн бүр мэднэ. Агуу клуб. Испанийн бахархал төдийгүй дэлхийн хүчирхэг багуудын нэг. Багийнхан маань ч сайхан хамт олон. Бүгд их найрсаг, Ямар нэг ахархах гэмээр шинж байхгүй. Бүгд л өөрсдийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Би яг л ийм газар ирэхийг, тоглохыг хүсэж байсан.
-Таныг ийм өндөр үнээр худалдан авах үед янз бүрийн л шүүмжлэлтэй тулгарч байсан байх?
-Тийм ээ. Би ч нэг хэсэг үнэхээр хүнд хэцүү байсан. Хэвлэлүүд миний талаар таагүй зүйл их бичсэн. Гэхдээ би хэсэг хугацааны дараа өөрөө л сайн тоглож, бусдад өөрийгөө харуулах ёстой юм байна гэж бодоод тоохоо больсон. Залуу хүн иймэрхүү зүйлтэй тулгарч л байдаг гэсэн шиг л чихнийхээ хажуугаар өнгөрөөх болсон. Өөр тайлбар хэрэггүй байх.
-Испанид ямар байна вэ?
-Гайхалтай. Би гэр бүлийнхнээ энд авчрахыг хүсэж байна. Ойрын жилүүдэд энд амьдрах юм чинь ойр дотныхоо хүмүүсийг гайхалтай орноор чөлөөтэй байлгамаар байна. Мөн удахгүй хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа шүү.
-Үнэхээр гайхалтай. Баяр хүргэе. Найз бүсгүйгээсээ гуйсан гэсэн үнэн байх нь. Хэзээ хийх гэж байна?
-Би анх найз бүсгүйгээ “Испанид очиж хамт амьдаръя” гэж хэлэх нь хэцүү байсан учраас шууд л гэрлэх санал тавьсан. Ингээд л бүх зүйл гэрлэлт, хурим болоод явчихсан. Миний сүйт бүсгүй Эмма Рис миний саналыг хүлээн зөвшөөрч, бид оноос өмнө хурим хийхээр төлөвлөж байгаа. Би дунд сургуульд байхаасаа л түүнд татагдаж, хайртай болсон. Бид Кардиффт хамт сурдаг байсан. Хөлбөмбөгийн хажуугаар би хичээлээ сайн хийх шаардлага тулгарсан. Хааяа хичээлээ Эммагаас хуулах ч үе байдаг байлаа. Тэр бол миний утга учир. Бид жилийн хугацаанд салсан ч бүх зүйл хоосорсон мэт сэтгэгдэл төрж байсан. Ингээд л эргэн нийлж гэргийгээ болгох хүсэл мөрөөдөлдөө автсан.
-Үнэхээр сэтгэл хөдөлгөм. Таны цалингийн талаар бас нэг зүйл асуумаар байна. Жилд 13.3 сая гэдэг багагүй тоо. Хэрхэн зарцуулах бодолтой байна. Мэдээж та нууцлахгүй бол хариулаач?
-Юуны түрүүнд Тоттенхэмийн дасгалжуулагч, багийн нөхдүүддээ баярлаж явдагаа хэлмээр байна. Цалин мөнгөний хувьд төлөвлөсөн зүйл алга. Эхний ээлжинд хуримаа сайхан хиймээр байна. Тэгж байтал бүх зүйл усгал дагуу болох байх. Би хөлбөмбөгийг урлагтай зүйрлэдэг. Тиймээс ч урлагт хүмүүс хөрөнгө мөнгө их хаядаг шүү дээ.
-Златан таны талаар бас таагүй гэмээр зүйл ярьсан байсан. Та сонссон бол юу гэмээр байна?
-Тийм ээ. Би сонссон. Тэр бол агуу тоглогчдын нэг. Харин би түүнийг ах шиг ээ л боддог. Түүнээс суралцах зүйл маш их байгаа. Харин надад байгаа зүйл бол залуу нас. Реал багт би дарамт шахалтанд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь намайг тааруу тоглож байгаа тохиолдолд. Би хөлбөмбөгийг анхнаасаа л чин сэтгэлээсээ, эцсийг нь үзтэл талбай дээр эрч хүчтэй тоглосооро ирсэн. Багийн менежер ч надтай их зүйлийн талаар ярилцсан.
-Роналдо та хоёр саяхан шоу цэнгээний газар хамт байсныг хэвлэлүүд онцолсоор байгаа. Роналдогийн шоу ертөнцийн хувьд та бол “шинэхэн загас” мэт. Түүний хувьд?
-Дэлхийн хамгийн шилдэг довтлогч. Мэдрэмж, хурд, хүч, бас гайхалтай төгсгөл. Энэ бол түүнийг илэрхийлэх чадварууд. Харин тоглолтоос гадуурх байдлыг би сайн мэдэхгүй. Ямартай ч бид цагийг зугаатай өнгөрүүлсэн. Иймэрхүү багийн андтайгаа хааяа гарж орох нь байдаг л зүйл. Гол нь бид тоглолтондоо анхаарлаа хандуулж чадаж байвал бусад нь хамаагүй.
-Багийн бусад гишүүнтэй хамт зугаалж, цэнгэсэн үү. Ер нь дотно танилцах зав гарсан уу?
-Гаралгүй яахав. Бид бэлтгэлээс гадуур байнга хамт байгаа. Олон нийтийн үйл ажиллагаа, буяны үйлс зэрэгт очсон. Багийнхан минь надтай хөгжилтэй байхын тулд намайг их цаашлуулаад байгаа. Би ч хариуг нь барьсаар байгаа. Ингээд л бид хөхрөлдөн, инээлдэж цагийг үр ашигтай өнгөрүүлж байгаа.
-Ингээд та дэлхийн супер багуудын нэг Реалд албан ёсоор орлоо. Үзэгч, фенүүддээ амлах амжилтаасаа хуваалцвал?
-Мэдээж зургаан жил гэдэг бол урт хугацаа. Ирээдүйг хэн ч тааварлаж чадахгүй. Гэвч би аваргын алтан цом өргөх хувь байгаа гэж бодож байна. Үүний тулд багаараа дахин түүхэн хуудас нээх хэрэгтэй болоод байна. Бидэнд хэрэгтэй гэсэн бүхий л тоглогчид, нөөц бололцоо байна. Зүгээр л олдсон боломжийг ашигла. Тэгвэл бид аваргуудын лиг, Испанийн лигийн аварга болох магадлал хамгийн өндөр гэж бодож байна. Амлах биш хийж, бүтээж үзүүлэх цаг ирээд байна. Би хичээх болно.
-Багийн дасгалжуулагчийн талаар?
-Карло Анчелотти бол туршлагатай сайн дасгалжуулагч. Би өмнө нь түүний эсрэг хэд хэдэн удаа нүүр тулж байсан. Миний тоглох араг барилыг сайн мэддэг нэгэн. Намайг хэрхэн ашиглаж, багт хэрэгтэй байрлалаар хангахаа сайн мэдэх нэгэн. Би түүнтэй нэг багт байгаадаа баяртай байгаа. Маш их зүйл сурч мэдэх зорилт тавиад байгаа. Итали мэргэжилтэн, итали арга барил бол гайхалтай. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Реалийн хувьд түүн шиг дасгалжуулагчийг ажиллуулж байгаа нь маш сайн. Багийнхан ч түүнд маш их итгэдэг.
Б.Баатар
URL: