Цахилгаан тээвэр компани мөнгө идсэн, идээгүй
“Цахилгаан тээвэр” компанийн удирдлага мөнгө угаасан гэх мэдээлэл гарсаар байгаа.
Тэд “Дуобус” автобусыг эх орондоо угсрах нэрийдлээр улсаас их татаас авахаас гадна нийслэлийн захирамжийн дагуу үнэгүй тролейбус явуулсан нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр буруутгагдаж, хэвлэлээр чамгүй “чимхүүлсэн” билээ.
Тэгвэл тус компанийн захирал Д.Жаргалсайхан энэ мэдээллийг үгүйсгэсэн. Энэ асуудлаар хэн нь худлаа яриад байна вэ.
Өдрийн дундаж орлогоосоо гурав дахин илүү их мөнгө нэхсэн
“Цахилгаан тээвэр компани” өдөрт 2.8 -3.4 сая төгрөгийн орлого олдог. Гэтэл нийслэлээс хэрэгжүүлсэн дугаарын хязгаарлалтаар долоо хоногт 73 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон нь өдрийн дундаж орлогоос нь гурав дахин илүү их мөнгө хэмээн “Монголын Үнэн” сонинд нийтэлжээ.
Тодруулбал, “Уг нь бол “Цахилгаан тээвэр” компанийнхан дээрх өдрүүдийн зардлаа өдөрт долоон сая төгрөгөөр тооцсон нь татвар төлөгчдийн мөнгийг бизнес болгон ашиг олсон гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа.
Тус компанийн захирал Д.Жаргалсайхан Монголд анх удаа “Дуобус” гэх троллейбусыг үйлдвэрлэсэн нь Монголын төдийгүй гаднынхны талархлыг хүлээж байна хэмээн цаг наргүй пиардаж байв. Гэтэл Д.Жаргалсайхан Төрийн өмчит компанийн нэр дээр “Дуобус” хэмээх нэр өгч, нийтийн тээвэрт үйлчилгээ явуулж байжээ. Үнэн хэрэгтээ төрийн өмчит энэ компани улсын төсвөөс өчнөөн мөнгө авчихсан ч үйл ажиллагаа нь доголдоод байгаа. Монголын алтан гартай инженерүүд эх орондоо “Дуобус” хэмээх цахилгаан тээвэр үйлдвэрлэлээ нэг шуугиж, төрөөс ч дэмжээд нэг хэсэгтээ л хөл болж байв. Гэтэл үүний цаана ямар их луйвар явж байсан нь илэрч байна.
Нэгэн баримт сөхөхөд энэхүү дуулианы үүднээс “Цахилгаан тээвэр компани”-д нийслэлийн төсвөөс 73 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Гэсэн ч үүнээс хойш нэг ч “Дуобус” угсарсангүй” хэмээн уг нийтлэлд дурьджээ.
Д.Жаргалсайхан: Манайх 62 төгрөгийн алдагдалтай ажилласан
-“Цахилгаан тээвэр” компанийг үнэгүй тролейбус явуулсан зардлаа нийслэлээс гаргуулахдаа өдрийн орлогоо нэмж тооцуулж авсан гэдэг нь гүтгэлэг. Бид өөрсдөө алдагдалтай ажилласан. Нийслэлээс гаргуулж авсан гээд байгаа мөнгө бидний гар дээр ирээгүй байна.
Нийслэлд үнэгүй тролейбус явуулахад бид 62 төгрөгийн алдагдалтай ажилласан. Тодруулбал, нэг зорчигчийг энгийн үед 200 төгрөгөөр тээвэрлэдэг. Гэтэл үнэгүй тролейбус явуулах үед нэг хүнийг 130 төгрөгөөр бодож мөнгө авахаар болсон. Тэгэхээр бид энэ хугацаанд 62 төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Тэгсэн мөртлөө энэ алдагдалтай ажилласан мөнгөө ч гаргуулж авч амжаагүй байна.
Энэ худал гүтгэлэг мэдээлэл нь “Тэнүүн огоо”, “Том оврын автобусны холбоо”-ны хийж буй ажил. Өмнө нь Ардчилсан орнуудын чуулга уулзалтын үеэр бас иймэрхүү ёсзүйгүй дайралт хийж байсан. Бид өнөөдөр шударгаар өрсөлдөх ёстой. Бид энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх болно.
Үүнээс гадна “Цэвэр агаар сан”-тай хийсэн гэрээний хүрээнд мөнгө угаасан гэх мэдээлэлд байгаа. Шуудхан хэлэхэд сонирхсон бүх хүн, хэвлэл мэдээллийнхэн манай компанийн санхүүгийн гэрээг ирээд үзэж болно.
Э.Пагма
URL: