Хотын экс дарга нарыг 290 тэрбумын хэргээр шалгаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч, Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нарыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Хотын мээр Э.Бат-Үүл энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр 307 тоот захирамж гарган, өмнө нь замбараагүй олгож байсан газар олголтыг цэгцлэх үүргийг НӨХГ-ын дарга, Санхүү, эдийн засгийн газрын дарга нарт үүрэг болгосон байна.
Шалгалтын явцад дээрх нэр бүхий дарга нар олон тооны газар хууль бусаар олгосон нь илэрч, улмаар цагдаагийн байгууллагад хандахад хүрсэн гэнэ.
Тодруулбал, Нийслэлийн барилга, хот байгуулалтын газартай хамтран олгох нэрийн дор аж ахуйн нэгж, иргэдэд олон тооны газрыг өгчээ. Ингэхдээ дуудлага худалдаа явуулсан гэх боловч анхны үнэ нь огт өсдөггүй, хамгийн гол нь дуудлага худалдааны төлбөр нь өнөөг хүртэл улсад тушаагдаагүй байсан нь илэрсэн байна. Одоогоор газрын дуудлага худалдааны төлөгдөөгүй мөнгөний тоо 290 тэрбумд хүрсэн гэв.
Тиймээс дээрх дарга нарыг хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Б.Дамдин
URL: