Цагийн чөлөө 3000, сурах бичиг 60 мянга

Монголын боловсролын салбарт хуримтлагдсан олон гаж үзэгдлийн нэг нь багш өөрийн бичсэн хэрэгтэй, хэрэггүй ном, сурах бичгээ оюутан, сурагчдад хүчээр шахдаг явдал билээ.

Багш нар хэвлүүлсэн номоо хэнд зарна гэж санаа зовдоггүй. Оюутнууддаа “Хэрэв авахгүй бол дүнд чинь нөлөөлнө” гэж товч бөгөөд тодорхой сүрдүүлгийг хэлээд л ядах юмгүй хүссэн үнээ хэлж номоо шахдаг бичигдээгүй хууль Монголын боловсролын салбарт аль хэдийнэ хэвшчихсэн. Энэ асуудлаар улсын тодотголтой ч багш нар нь өндөр үнээр номоо шахдаг, сүрдүүлдэг хэд хэдэн сургуулийн оюутнуудтай ярилцсан юм.

КРЕДИТ ХАСАГДАНА, ДҮНД ЧИНЬ НӨЛӨӨЛНӨ ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ

Тэрээр МУИС-ийн социологийн ангийн оюутан бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн юм. “Манай сургуулийн багш нар хэтэрхий үнэтэй ном зардаг. Манай мэргэжилтэй огт холбогдолгүй МУИС-ийн шар номыг 60 мянган төгрөгөөр ав гэж шахсан. Авахгүй бол кредит хасагдана, дүнд чинь нөлөөлнө гэж сүрдүүлсэн. Манай ангийнхан ихэнх нь авсан. Зарим оюутнууд тэр багшийн номыг нь аваад, хичээлийг нь хийгээд байхад л тийм ч сайн гарахгүй. Харин зарим нэг мөнгө өгсөн нь гайгүй гардаг гэсэн. Бас манай тэнхимээс гаргадаг нэг сэтгүүл байдаг. Тэр сэтгүүл нь хичээлд ямар ч хамааралгүй байхад 5000 төгрөгөөр ав гэж хүчээр шахсан. Оюутны байранд хамт амьдардаг нь дундаа авч болох уу гэхэд заавал тус тусдаа худалдаж ав гэсэн. Гэтэл тэр сэтгүүлийг сургууль дээр үнэгүй тарааж байсан байна лээ. Бид энэ талаар холбогдох газарт нь хандаж болох ч дүнд нөлөөлөх байх гэж айгаад яаж ч чаддаггүй” хэмээн ярьсан юм.

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2006 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 482 тоот тушаалаар “Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэмд” …Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж борлуулах аваас багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрт тооцно” хэмээн заасан байдаг.

Монголын хууль гурав хоног гэдэг үг боловсролын салбарт бөх бат амьдарсаар байгааг улсын тодотголтой урдаа барьдаг их сургуулиудын нэг болох Монгол Улсын Их сургуулийн нэгэн багшийн шахааны бизнес нотолж байна.

ӨВЧТӨЙ, ЧӨЛӨӨТЭЙ БОЛ ТОРГУУЛЬ ТӨЛДӨГ БОЛЖЭЭ

Багш нар нь шахааны номныхоо үнийг аманд багтсанаараа хэлдэг болчихсон, энэ нь бүр энгийн үзэгдэл болж хувирсан сургууль бол Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль. Ингээд тус сургуулийн нэг оюутантай ярилцлаа. Бас л нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Танай сургуулийн багш нар номоо хэдэн төгрөгөөр зарж байна вэ?

-Энэ жил номнууд их үнэтэй байна. “Эрүү нүүрний шинжлэл” ном гэхэд нимгэн зузаан хавтаснаасаа шалтгаалаад 35-45 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Бас “Хүүхдийн ном”-ыг 60 мянган төгрөгөөр худалдаж авсан.

-Ном авахгүй байж болдоггүй юм уу?

-Ном авахгүй бол дүнд нөлөөлнө шүү дээ. Багш нар дүн гаргахдаа ном худалдаж авсан бол оноо нэмдэг. Үнэтэй номыг оюутнууд худалдаж авахаар өөр арга байхгүй. Бас улирлын болон улсын шалгалтыг тэр номноос бэлтгэж оруулна гэхээр авахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ ихэнх номууд багш нарын өөрсдийнх нь лекц байдаг болохоор хичээлээ тасалдаггүй оюутан тэр номыг авах шаардлагагүй л юм билээ.

Манай сургуулийн бас нэг хэцүү дүрэм нь лекц, семинар тасалсан, чөлөөтэй тохиолдолд торгууль авдаг. Тэр нь оюутнуудад маш хүндээр тусдаг. Биднээс авдаг тэр мөнгөө юунд зарцуулдгийг нь мэдэхгүй.

-Тэгээд хэдэн төгрөг төлөх вэ?

-Нэг цагийн лекц тасалсан, эсвэл чөлөө авсан бол 3000 төгрөг, Семинар тасалвал 1500 төгрөг сургуулийн кассандаа тушаах ёстой. Гэхдээ ихэнх тохиолдолд багш нар нь өөрсдөө авчихдаг. Тасалсны торгуулиа төлөөгүй бол шалгалтад оруулдаггүй. Ихэнх багш нар хоцорсон хүүхдүүдэд тас тавьж мөнгө авахыг урьтал болгодог.

Энэ мэтчилэн тус сургуулийн оюутнууд шахааны номны дарамтад ороод зогсохгүй хичээл тасалсны торгууль төлдөг хачин дүрмийг дагаж байна. Энэ талаар тус сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан “Хэнд ч ажил гарч болно, ядаж замын түгжрэлээс болоод хичээлээсээ хоцрох тохиолдол зөндөө гардаг. Тэгээд ч зогсохгүй чөлөөтэй, өвчтэй байсан ч тасалсанд тооцдог. Бид робот биш хүн шүү дээ” гэж ярилаа.

Бид тус сургуулийн энэхүү сонин дүрмийн талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны Их, дээд сургуулийн сургалт хариуцсан мэргэжилтнээс асуухад “Бидэнд хамаагүй асуудал. Сургуулиуд өөрсдөө дотоод дүрэм журмаа боловсруулдаг.

Мөн ямар ном хэдэн төгрөгөөр зарахаа өөрсдөө мэддэг. Бид төсөв бодлогыг нь зохицуулах үүрэгтэй” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, боловсролын бодлогод үнэтэй шахааны сурах бичгүүд, ёсзүйн доголдолтой багш нар, өөрсдөө тогтоосон гэх бодит амьдралд үл нийцэх сургуулийн дотоод дүрэм журам яаманд хамаагүй гэнэ.

Яаманд хамаагүй энэ асуудал хэнд хамаарах вэ?

С.Цэрэндэжид


URL:

Сэтгэгдэл бичих