О.Чулуунбат: Монгол банк цагдаа, тагнуул биш
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй хуулийн талаар тодрууллаа.
-Алтны ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэнэ гэж байгаа. Ингэснээр байдал хэрхэн сайжрах вэ?
-Алтны ил тод байдал гэж юуг яриад байгаа юм гэхээр гэнэтийн ашгийн татвар, “Урт нэртэй” хуулиас болоод энэ металь маань нууц байдалд шилжчихээд байна. Өөрөөр хэлбэл хичнээн хүн, хэдий хэмжээтэй алт олборлож байгаа гэдэг нь мэдэгдэхээ байчихсан.
Тэр ч бүү хэл хаашаа гаргаж байгаа нь нууцлаг байдалтай болсон. Тэгсэн атлаа зүгээр л нэг том тоонууд хүмүүсийн толгойд яваад байдаг. Тийм учраас ил тод, нээлттэй болгоё гэсэн юм. Түүнээс Монголбанк алтаа өгөх гэж очсон иргэнээс “Чи хэн бэ, зөвшөөрөлтэй юу, алтаа хаанаас авсан, татвараа төлсөн үү гэх зэргээр мөрдөн шалгах шаардлагагүй.
Төв банк бол зүгээр л алт цуглуулах үүрэгтэй. Өмнө нь Монголбанк 25 тонн алт худалдаж авч байсан удаа бий. Гэтэл энэ тоо өнгөрсөн жил огцом буурч байна гэдэг маань бодлого буруу байгаагийн шинж юм. Тиймээс энэ байдлаа одоо зогсоох шаардлагатай байна.
Хүн Монголбанкинд алтаа тушаахад мөнгийг нь төлөөд л явуулах хэрэгтэй. Тэгээд ч банк гэдэг бол цагдаа, мэргэжлийн хяналт, татварын байцаагч биш, хариуцаж авсан байгууллагууд нь тус тусдаа ажлаа хийгээд Төв банк нь алтаа цуглуулж чадах юм бол монгол төгрөгийн баталгаат чанар сайн байна гэсэн үг.
-Улстөрд ашиг сонирхлын зөрчил байгаагаас үүдэн өнөөгийн нөхцөл байдал улам хүндэрлээ гэж та хэлсэн. Үүгээр яг юуг хөндсөн юм бэ?
-Манай төрийн зохицуулалт улам ихэсч байна. Төрийн өмч ч бас өдөр өнгөрөх тусам өсөн нэмэгдэж байгаа. Төрийн өмч гэхээр ард түмэнд их гоё сонсогдож байгаа боловч яг үнэндээ энэ бол хэдхэн түшмэдүүдийн өмч шүү дээ. Цөөн хэдэн дарга нар бизнес хийгээд байгааг бид Эрдэнэт, МИАТ-ийн жишээн дээрээс харж байна.
Мөн цахилгаан станцууд, уурхайнууд гээд араас нь хөвөрнө. Тиймээс тун удахгүй тодорхой мэдээллүүд гарах байх. Харин төрийн өмч гэдэг зүйл огт байдаггүй юм. Төрийн өмч гэхээр зөвхөн сайд дарга нарын өмч болчихдог байхгүй юу. Үүнийг больё л гэсэн санаа.
-Монголбанк валютын нөөцгүй болж байна гэж яриад байгаа?
-Шалгалт хийгээд үзэг. Тэгээд л валютын нөөц ямар байгаа нь мэдэгдэнэ шүү дээ.
-Ойр ойрхон интервенц хийхээс өөр зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монголбанкны өөрийнх нь бодлогын зохицуулалтын арга хэмжээ байх. Өдөр тутмын богино интервенц хийж болно. Мөн урт хугацаанд ханшийг тогтвортой байлгах гэвэл илүү том арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь одоо хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах хуулийн төсөл явж байгаа шүү дээ.
-Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталснаар эдийн засгийн байдал цаашид хэр өөрчлөгдөх бол?
-Манай улсын эдийн засаг яг одоогоор уналттай байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ хуулийг хэлэлцэж байна. Жишээ болгон хэлэхэд энэ хуулийг хэлэлцэн батлаад хэрэгжүүлж буй улс орнууд хөрөнгө оруулалтыг маш сайн татаж байгаа юм.
Үндсэн модель болсон Вьетнам улс гэхэд л Хятадаас илүүтэй хөрөнгө оруулалт татаж чадсан байгаа юм. Хятад, Вьетнам хоёрын хүн амын ялгаа нь хэд билээ гэж бодохоор цаашид байдал өөдрөг харагдаж байгаа биз.
Эх сурвалж: Үнэн.мн
URL: