МҮЭХ одоо дутмаг цалин, дулимаг тэтгэвэрээр шоудахаа боль
Статистикийн мэдээнээс харахад 2013 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 162,769 төрийн албан хаагчтай юм байна.
Өнөөдрийг хүртэл зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй хувийн хэвшлийнхэн цалиндаа сэтгэл хангалуун явж үзээгүй байх. Цаашдаа ч энэ байдал орвонгоороо эргэнэ гэдэгт би лав итгэхгүй.
МҮЭХ гэж энэ байгууллага төрийн албан хаагчдын дутмаг цалин, ядарсан хөгшчүүдийн дулимаг тэтгэвэр тэтгэмжээр хэдий хүртэл шоудах юм бэ.
МҮЭХ-ноос Х.Амгаланбаатар өнөөдрийн эмнэлэгийн ажилчдын цалин хөлсийн талаар мэдээлэл хийлээ.
Эмнэлэгийн ажилчдын үндсэн цалин 430 мянга, эмч мэргэжлийг 10 жил сурчихаад 465-550 мянган төгрөг авч байгааг эмнэлэгүүдээр явж байж олж мэдсэн гэнэ.
Миний ээж насаараа сувилагч хийсэн. Ганцаараа ажиллаж энэ бага цалингаараа ямар ч гэсэн дөрвөн хүүхдээ дээд сургуулийн босго давуулсан учраас эмнэлгийн ажилтны зовлонг би хар багаасаа л мэднэ.
Эмнэлэгийн барилгууд мөөгөнцөртсөн байгааг хараад гайхаж гэнэ. ЭМД-ийн сангаас сувиллын нэг орны 95 мянган төгрөг төлж байгаан хангалтгүй санагдаж.
Бөөрний дутагдалтай хүний аппарат улсын хэмжээнд 59 байгааг 108 болгож нэмэгдүүлэх шаардлагатай л гэнэ. Улаанбаатар, Оргил рашаан үйлчлүүлэгчдийг удаан хугацаагаар чирэгдэл учруулж байгааг олж мэдэж.
Уучлаарай Х.Амгаланбаатар ерөнхийлөгч өө.
Өнөөдөр эмнэлэгийн салбар үүнээс дор асуудал зөндөө бий.
Улсын хэмжээнд ганцхан байдаг хорт хавдрын туяа аппарат эвдэрчихсэн байхад бөөрний аппарат 59 ширхэг байгаа нь яамай даа. Эдгээр асуудлыг тэртэй тэргүй хэвлэлийнхэн хангалттай улиг болтлоо бичиж байгаа хэн бүхний мэдэж байгаа зовлон ч өнөөдрийг хүртэл аль ч Засгийн газар, ЭМЯ дорвитой арга хэмжээ авсангүй, сачий нь хүрсэнгүй.
МҮЭХ ч үеийн үед зөвхөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжээр тоглолт хийлээ. Эрүүл мэндийн салбарынханы цалин ийм бага байгаад тэгж яривал МҮЭХ-ныхон ч буруутай. С.Ганбаатар ерөнхийлөгч олон жил тэмцээд тэмцээд өнөөдөр юунд хүрсэн юм.
Аз болоход өөрөө л муусайн улстөрчдийнхөө л нэг болж чуулганы танхимд заларсан. Чуулганы танхимд очоод өнөөх хэзээ ч дийлэхгүй Оюу толгойтой л зууралдсан. Гэтэл өнөөдөр Оюу толгой эхний сануулгаа өгч ажилчдаа халж, хөрөнгө оруулалтаа зогсооход С.Ганбаатар битгий хэл Монгол Улс даяараа л бөхийлөө. Засгийн газар ажлын хэсэг томилохдоо С.Ганбаатарыг багтаачихгүй яасан юм. Лондонд очоод “Рио Тинто”-гийн удирдлагуудын өмнө очоод мөн томрох байх даа. Ажлаасаа халагдчихаад эргүүлээд ажилд авах байх гээд горьдоод дуугарах эрхгүй хүлцэнгүй сууж байгаа тэр залууст С.Ганбаатар гишүүн баярлах хэрэгтэй.
Нэлээд хэд хоногийн өмнө МҮЭХ цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гээд л тайван жагсаал хийж Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авсан уу гэхэд Х.Амгаланбаатар “Есдүгээр сарын 20-нд хариу ирэх ёстой. Ирээгүй л байна” гээд сууж байна. Тэгээд өмнөх шаардлагынхаа хариуг аваагүй байж Эрүүл мэндийн яаманд дахиад л албан мэдэгдэл хүргүүллээ гээд л телевизүүдээр өнөөдөр яриа өгөөд л.
Тайван жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Тайван жагсаал зөвхөн Улаанбаатар хотод өрнөөгүй, бусад аймгийн төвүүдэд зэрэг өрнөж байгаа. Бидний УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлага зөвхөн ҮЭ-ийн гишүүдийн асуудал биш, монголын 2,8 сая иргэдийн асуудал. Иймээс манай тайван жагсаалыг монголын ард түмэн нийтээрээ дэмжиж байгаа гэж бодож байна. Урьдчилсан байдлаар МҮЭХ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжтойг судалгаагаар тогтоосон” гэж байсан.
МҮЭХ хүчрэхгүй юм байж зөвхөн төрийн албан хаагчдад хайр зарлаж тэднийг турхирдгаа одоо болих хэрэгтэй. Төрийн албан хаагчид арга барахад нийгмийн даатгалаа тогтмол төлүүлдэг, жилдээ нэг удаа ээлжийн амралтаа авчихдаг. Гэтэл амралт өгдөггүй, нийгмийн даатгал төлдөггүй, хүнийг боол мэт ажиллуулдаг эрхийг нь зөрчдөг гадна, дотны хувийн байгууллагууд хэдэн зуугаараа байна.
Тэдний төлөө тэмцээч.
Тэгчихээд та нар монголын 2,8 сая иргэний асуудал гэж бидний өмнөөс том дуугарах эрхтэй болно шүү.
МҮЭХ-ны ерөнхийлөгч байхдаа С.Ганбаатар “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гадаадаас ажиллах хүч авч өндөр цалинжуулдагийн эсрэг үнэхээр их тэмцэл явуулж байгаа. Яагаад ард түмэн үүнийг дэмжихгүй байгаа юм бэ. Энэ олон ажилгүй залуучууд яагаад “Хүү хаа” гээд босч ирж дэмжихгүй байгаа юм бэ гэж би гайхдаг. Ард түмэн уулгалан босч намайг дэмжиж тэмцэл хийх хүртэл би зарга хийнэ” гээд гомдоллоод байсан.
Танхимд суучихаад харин гомдоллох шаардлагагүй болж дээ.
У.Бадамцэцэг
URL: